Ц.Баярсайхан: Барьцаа хөрөнгөгүйгээр зээл авах боломжтой
2011.05.20

Ц.Баярсайхан: Барьцаа хөрөнгөгүйгээр зээл авах боломжтой

Амьдралын таатай орчинг бүрдүүлэхэд  их хэмжээний мөнгө шаардагддаг. Бид барууныхан шиг өв залгамжилсан хөрөнгөгүй учир энэ бүхэн зүүд зэрэглээ мэт санагддаг байсан үе саяхан. Нэг үеэ бодвол амьжиргаа дээшилсэн ч, хүний хэрэгцээнд хязгаар гэж үгүй. Бүх зүйлээ зээлээр авч, ялангуяа танаас барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгодог болно гэвэл итгэх үү. Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль буюу өөрөөр хэлбэл таны зээлийн уул; түүхийг мэдээллийн санд хадгалж, эргэн төлөлтөөр таны дахин авах чадварыг тодорхойлох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Зээлийн батлан даалтын тухай хуулъ  ч үүнтэй  холбоотой бөгөөд барьцаа хөрөнгөгүйгээр зээл авах боломжтой эсэхийг тодорхойлох гэнэ. Эл хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Ц.Баярсайхантай ярилцлаа.

-Сүүлийн үед ямар хуулиудад анхаарч ажиллаж байна вэ?

-Бид эдийн засгийн чиглэлийн хуулиудад анхаарч байгаа. Эдгээрээс Татварын багц хууль, Нийгмийн даатгал, Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэхийн тулд Компанийн хуулийн өөрчлөлтүүд, иргэдийн  эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, аж ахуй
эрхлэх бололцоо бүрдүүлэхийн тулд эл хуулиудын төсөл дээр нэлээд анхаарч байна. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, тоног төхөөрөмжийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг санаачилж, УИХ-аар батлууллаа. Ер нь улсын төсвөөс 30 тэрбумыг жил бүр жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхээр бичил зээл олгож байна. Нийгэмд хийж бүтээх эрмэлзэл байгаа нь сайшаалтай ч, үүнийгээ биелүүлье гэхээр сайн төсөл бичиж чадахгүй, банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө хүрдэггүй гэхчлэн хүндрэлүүд байгаа юм.Тиймээс иргэд, аж ахуйн нэгжийн Зээлийн түүхийг тодорхой хэмжээнд хуульчилдаг бусад орны түгээмэл туршлагыг ашиглаад зээлийн мэдээллийн сангийн тухай хууль боловсруулаад байна.

-Энэ хууль ямар боломж олгох юм бол?

-Аливаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зээлийн түүх нь сайн үзүүлэлттэй байх юм бол ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл олгодог тогтолцоог бүрдүүлэх гэж байна гэсэн үг. Энэ хууль УИХ дээр гацаад байгаагийн шалтгаан нь Зээлийн мэдээллийн санг хаана байршуулах асуудалд маргаан гараад байгаа юм. Зарим хүн үүнийг Монгол банканд байлгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Харин бидний үзэж буйгаар хуулийн ямар ч этгээд эл санг байгуулах боломжтой, гэхдээ мэдээж  олон  байх  шаардлагагүй ердөө хоёроос гурав байх ёстой. Ингэснээр зээлийн мэдээллийн сангийн зөв тогтолцоо бүрдэнэ.

-Зээлийн  мэдээллийн саннээлттэй байх уу?

-Зээлийн мэдээллийн сан гэхээр дуртай нь ороод үзэж болно гэж хүмүүс ойлгоод байх шиг байгаа юм.Тийм зүйл огт байхгүй.Тухайн зээлдэгч өөрийнхөө түүхийг үзэж, зээлийнхээ менежментийг зөв авч явахаас гадна зээл олгосон банк санхүүгийн байгууллага зээлдэгч болон зээл горилогчийн түүхийг үзэх юм.

Барьцаа хөрөнгөгүйгээр зээл авах ямар боломж байна?

-Зээлийн батлан даалтын хуулийг Засгийн газраас санал авч, хэлэлцээд дуусаж байна. Урьд нь Засгийн газар ч баталгаа гаргаж чаддаггүй байсан. Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулах шийдвэр гарсантай уялдуулаад Засгийн газар томоохон төсөл хөтөлбөрт баталгаа гаргадаг орчинг нэмж,Төсвийн нэгдсэн хуульд өөрчлөлт оруулсан юм.Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зээлийн батлан даалт гаргаж болно гэж хуульчилсан. Энэ хуулийг ойрын хугацаанд өргөн барина. Зээлдэгчид барьцаа хөрөнгө болон төсөлтэй тохиолдолд зээл олгож байна. Гэтэл цаана нь барьцаа хөрөнгөгүй ч чанартай төсөл бичсэн зээл хүсэгчид олон шүү дээ. Уг нь барьцаа хөрөнгө дутсан хүмүүстээ зээл олгомоор байдаг. Хэрэв хууль хэрэгжээд эхэлбэл баталгаа гаргадаг байгууллага нь хөндлөнгийн батлан даалт гаргаж. барьцаа хөрөнгө дутсан зээлдэгчид зээл хүрэх бололцоотой болох юм. Өнөөдрийн байдлаар арилжааны банкны гаргасан жижиг, зээлийн эргэн төлөлт бараг 98 хувьтай байна. Үүнээс манай иргэд сайн зээлдэгч байх бүрэн боломжтой нь харагдаж байна шүү дээ. Ирэх долоо хоногт амжуулаад Зээлийн мэдээллийн сангийн тухай болон Зээлийн батлан даалтын тухай хуулиа өргөн барих санаатай байна. Ингэвэл улсын төсвөөс заавал 20-30 тэрбум төгрөг гаргаад, арилжааны банкаар дамжуулаад байх шаардлагагүй. Батлан даалтаас гадна давхар батлан даалт гэж бий. Давхар батлан даалтыг Засгийн газраас гаргадаг байна. Үүнийг улс орны зайлшгүй хэрэгтэй салбарт хэрэгжүүлэх шаардлагатай тэр хэсэгтээ гаргах юм Үнэхээр чухал хууль учир энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлж батлуулах хэрэгтэй байна.

-Зээлийн картын талаар ярьж байсан. Энэ тухай тайлбарлахгүй юу?

-Зээлийн карт эзэмших нь энэ хуулийн нэг хэсэг болж байгаа юм. Жишээ нь, тэтгэврийн насныханд 100 мянган төгрөгийн карт, төсвийн албан хаагчдад 300-500 мянгын, харин бизнес эрхэлж буй хүмүүст 5-10 сая төгрөгийн зээлийн карт олголоо гэж бодъё. Тэгэхээр тухайн хүн зээлийн картаасаа мөнгө авлаа гэхэд сарын дотор эргүүлээд төлчихвөл огт хүү төлөх шаардлагагүй. Харин нэг сараас хэтэрвэл хүү нь бодогдоод эхэлдэг байх жишээтэй. Ингээд зээлийн картаасаа мөнгө  авч,үүнийгээ удаа дараалан  эргүүлэн төлснөөр тэр хүний зээлийн эрх нь өсдөг. Эрх өснө гэдэг нь барьцаа хөрөнгө шаардагдахгүй болохоос гадна,зээлийн хэмжээ хүртэл нэмэгдэнэ гэсэн үг.

-Зээлийн мэдээллийн сангийн хуульбатлагдсанаарзээлдэгчдийн хариуцлага өндөрсөнө гэсэн үг биз дээ?

-Энэ хуулийн нэг давуу тал  нь  зээлдэгчдийн хариуцлагыг өндөрсгөж байгаад оршиж байгаа юм. Зээлээ эргэн төлсөн, төлөөгүй бүх мэдээлэл бүртгэгдэх учир дахин зээл хүсэхэд эргэн төлөлтийн статус нөлөөлнө шүү дээ. Жишээлбэл, сая хадгаламж зээлийн хоршооны хямрал боллоо. Хэрэв ийм мэдээллийн  сантай байсан бол зээлдэгчид тийм  их хэмжээний  мөнгө  аваад алга болохгүй байсан.

-Зээлдэгчийн зээлийн тухай мэдээлэл уг санд хэдий хугацаатай хадгалагдах вэ?

-Зээлийн мэдээллийн санд эерэг, сөрөг хоёр мэдээлэл байнга ирэх нь тодорхой.Тухайлбал, сөрөг мэдээлэл гэдэгт цахилгаан, дулааны төлбөр ч, орох магадлалтай шүү дээ. Ингээд мэдээллийн санд сөрөг мэдээлэл орж ирснээс хойш хэсэг хугацаанд дахин сөрөг мэдээлэл орж ирэхгүй бол устдаг байх жишээтэй. Харин эерэг мэдээлэл бол тогтмол хадгалагдана. Нэг ёсондоо цэвэр итгэлцэл дээр суурилах болно. Гэхдээ зээлээ цагтаа эргэн төлж байсан түүх нь зээл авах эцсийн шалгуур байж чадахгүй. Зөвхөн гол шалгуур л болох юм.Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний хууль гэж гаргалаа. Барьцаанд тавьж буй хөрөнгийг үнэлдэг газар олноос гадна үнэлэмж нь хүртэл тус тусдаа ондоо байдаг. Жишээлбэл, банк таван саяар үнэлэхэд шүүхийн шийдвэр дээр нэг өөр, иргэд хоорондоо хүртэл өөрөөр үнэлдэг шүү дээ.Тиймээс хөрөнгийн үнэлгээчин гэж зөвшөөрөл олгоод тусгай эрх олголоо. Гол төлөв үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьдаг.Тэгэхээр үл хөдлөхийг газартай нь хамт үнэлдэг боллоо. Урьд нь газрыг үл хөдлөх хөрөнгөд оруулж тооцдоггүй байсан шүү дээ.Тэгэхээр тухайн иргэний хашаа байшинг газар, хашаатай нь хамт үнэлээд ирэхээр үнэлэмж нь хүртэл өснө. Дээрээс нь хаа ч очсон тогтоосон үнэ цэнэ нь яг тэр хэвээрээ байх юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.