2013.07.04

Ж.Эрдэнэбат: “Шинэчилье” хөдөлгөөний залуусын ард хэн нэгэн байхгүй

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр Ардын намын залуусын байгуулсан “Шинэчилье” хөдөлгөөний ерөнхий зохицуулагчаар ажиллаж байгаа юм.

-Ардын намын залуучууд “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулаад ажиллаж байна. Та бүхний шаардлагын дагуу энэ сарын 8-нд намын Бага хурлаа хуралдуулахааргүй болчихлоо. Та ерөнхий зохицуулагчийн хувьд цаашид шинэчлэлийг хэрхэн хийхээр төлөвлөөд байна вэ?

-Ардын намын хэсэг залуус намаа шинэчлэхээр ажиллаж байна. Бидний зүгээс хэд, хэдэн шаардлагыг өгсөн. Юун түрүүнд наадмаас өмнө намын Бага хурлыг хуралдуулах хэрэгтэй гэсэн юм. Энэ асуудлаар ч намын удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцсон. Баяр наадам өнгөрөөд монголчууд амралтын байдалд шилжчихдэг. Тиймээс наадмын өмнө хурлаа хийх нь зүйтэй гэж үзсэн л дээ. Намын удирдлагууд орон нутгийнхантай ярилцсан байна билээ. Тэгээд наадмын наана Бага хурлыг хуралдуулах шаардлагагүй, дараа нь хурлыг зохион байгуулах бололцоо бий гэсэн юм билээ. Ингээд баярын дараа хурлаа хийх хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрсэн юм.

-“Шинэчилье” хөдөлгөөнийхөн намын удирдлагуудтайгаа тохиролцсон гэж байгаа. Ямар байдлаар тохиролцсон юм бэ?

-Манай нам 90 гаруй жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин шүү дээ. Монгол Улсын тусгаар тогтнолыг олж авахаас эхлээд өнөөгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан. Аугаа түүхтэй нам учир гурван үеийнхээ хэлхээсийг салгаж намаа шинэчилнэ гэсэн ойлголт байхгүй. Ахмад, дунд үе, залуучууд, эмэгтэйчүүд бүгд хамтарч байж намаа шинэчлэх юм. Залуучууд бид намаа шинэчлэхийн тулд өнөөдөр бий болоод байгаа муу нэрээсээ салах ёстой.

Ардын намын гишүүн л бол авлигачин юм шиг ойлголтыг нийгэмд төрүүлээд байна. Үүнээс салах ёстой. Салахын тулд тэмцэх хэрэгтэй. Авлигачин гэдэг нэрд холбогдоод байгаа хүмүүс маань ч нэрээ цэвэрлэх зарчмын шаардлагыг тавьж байна. Нөгөөтэйгүүр манай намынхан эрх бариад байсан болохоор өөрсдийгөө болоод байна гэж дүгнээд байж. Ийм ч учраас өөрчлөлт шинэчлэлийг асуудлыг орхиод байсан байна. Харин өнөөдөр удаа дараагийн сонгуульд манай нам ялагдлаа. Энэ нь болж байгаа бүхэн нь болохоо байж гэдгийг харуулсан хэрэг. Энэ ч утгаараа эдгээрийг өөрчлөх цаг нь болжээ. Ингэж байж Ардын нам нэр хүндээ эргүүлж олж авах боломж бүрдэнэ.

-Залуучууд шинэчлэлийн тухай яриад ирэхээр ард нь хэн байна вэ гэсэн хардлага төрдөг нь нууц биш. “Шинэчилье” хөдөлгөөний залуусыг ч мөн энэ өнцгөөс нь харж бичих болж. Үүнд та юу хэлэх вэ?

Ардын намын гишүүн л бол авлигачин юм шиг ойлголтыг нийгэмд төрүүлээд байна. Үүнээс салах ёстой.

-Энэ бол хүмүүсийг ярьдаг, шүүмжилдэг л асуудал. Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ гараад ирэхээр тэдний ард хэн байна вэ гээд ярьж байгаа. Биднээс өөр хүн байсан ч мөн л ингэж ярих байсан шүү дээ. Иймэрхүү сэтгэлгээгээ болих хэрэгтэй. Хэн, хэнийгээ дэмжиж байж өөрчлөлт шинэчлэлийг хийнэ.

-Та нарын хэлснээр намынхаа Удирдах зөвлөлийг шинэчилснээр жинхэнэ шинэчлэл болж чадна гэж үү?

-Нэг хүнийг нөгөөгөөр нь сольсноо өөрчлөлт, шинэчлэл хийлээ гэж хэлж болохгүй л дээ. Цоо шинэ хүн гарч ирээд намыг шинэчилнэ гэдэг худлаа. Шинэчлэл бол явуулж буй үйл ажиллагаа бодлогоо өөрчлөхийг хэлнэ. Тиймээс Ардын нам дүрэмдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй. Манай намын дүрэмд даргыг их хурлаар сонгосон гэсэн заалт бий. Үүнийг өөрчилж, 200 гаруй мянган гишүүдийн дунд намаа шинэчлэх мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж өрсөлдөх боломжийг бий болгох хэрэгтэй. Ө.Энхтүвшин, Г.Занданшатар дарга нар ч өрсөлдөж болно шүү дээ. Мөрийн хөтөлбөрөө танилцуулаад намын гишүүдээсээ хэн өндөр санал авсан нь намын дарга болдог энэ тогтолцоо руу шилжих ёстой. Ингэхээр намын дарга болох гэж буй хүн юмыг эрэлхийлдэг болно. Түүнээс биш бидний ард хэн нэгэн байхгүй. Бас өөрсдөө дарга болох гээгүй.

-Тэгэхээр намынхаа Удирдах зөвлөлийг яаралтай огцруулна гэж яарахгүй гэсэн үг үү?

-Намын дүрэмд улс төрийн сонгуулиудад удаа дараа ялагдал хүлээсэн бол удирдах бүрэлдэхүүн хариуцлага хүлээх ёстой. Тиймээс Удирдах зөвлөлийг огцруулах асуудлыг дүрмийнхээ хүрээнд тавьсан учир энэ шаардлагаа ч тавих болно. Харин дүрэмдээ оруулах гээд байгаа өөрчлөлтөө хамтарч хийх юм. Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар л намын нэрийг унагаад байгаа юм байхгүй.

-Ардын намын зарим удирдлага “шинэчилж чадах уу” гэсэн байдлаар хандаад байх шиг. Ер нь дэмжиж байх юм уу?
200 гаруй мянган гишүүдийн дунд намаа шинэчлэх мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж өрсөлдөх боломжийг бий болгох хэрэгтэй.

-Намынхаа удирдлагуудтай ерөнхийдөө ойлголцож байгаа. Нам зайлшгүй шинэчлэл хийх ёстой гэж гишүүд үзэж байна. Түүнээс биш намын удирдлагууд хоорондоо маргалдсан зүйл байхгүй.

-Танай намын гишүүд авлига авч, мөнгө “идэж уусан” хэрэгт холбогдоод, нэр нь дурьдагдаад байгаа нь нэр хүндийг нь унагаж байгаа шүү дээ. Гэтэл “Шинэчилье” хөдөлгөөнд ч авлигын асуудалд холбогдсон гишүүд байна билээ. Тэд өөрсдөө шинэчлэлийг эхэлж, хуулийн байгууллагаар нэрээ цэвэр болгох уу?

-Ямарваа хэрэгт холбогдуулан хэн ч юу ч ярьж болно л доо. Харин эцсийн шийдвэрийг хуулийн байгууллага гаргана. Манай намын хэд, хэдэн гишүүнтэй холбоотой асуудал яригдаж байна. Хуулийн байгууллага шийдчихсэн нь ч бий. Нийгэмд Ардын намынхан авлигачдаас бүрдсэн юм шигээр харуулахын төлөө маш их улаарч байна. Үүнд үнэхээр харамсч байна.