Газар тариалангийн салбарын хөгжлийн дараагийн алхам нь хөрс болоод техникийн парк шинэчлэл, мөн тусгай сортууд бий болгох явдал.
2013.10.07

Х.Баттулга: Дараагийн алхам техникийн шинэчлэл, тусгай сортын бүтээгдэхүүнд гаргах

Газар тариалангийн салбарын хөгжлийн дараагийн алхам нь хөрс болоод техникийн парк шинэчлэл, мөн тусгай сортууд бий болгох явдал. Өнөөдөр хэрэглэж байгаа бүтээмж муутай хуучирсан, ашиглалтын зардал ихтэй техник хэрэгслүүдээ шинэчлэх нь манай тариаланчдын хувьд чухал байгаа.

Урт хугацааны лизингээр үүнийг хийх боломжтой. Мөн хөрсний үржил шимээ сайжруулж, хөдөлмөрийн үр дүнгээ нэмэгдүүлэхийн тулд сайн бордоо хэрэглэх ёстой. ҮХАА-н яамны зүгээс үүнд анхаарч байна. Ингэснээр үр тариа, төмс хүнсний ногооны тусгай сортууд бий болгож, түүнийгээ дотоодын болоод дэлхийн зах зээлд санал болгож байж энэ салбар бие дааж, хөгжих боломжтой.

Тариаланчид улаан буудайн үнэ хямд байгааг онцлон цаашид үнэ нэмэгдүүлэх саналтай байгаагаа Х.Баттулга сайдад онцлон ярьж байлаа. Гэхдээ улаан буудайн үнэ нэмэгдэх тусам гурилын болон гурилан бүтээгдэхүүний үнэ өснө. Тэгтэл импортын гурил болон буудайн үнэ хямд байх юм бол зах зээлийн зарчмаар дотоодын өндөр үнэтэй бүтээгдэхүүн зарагдахаа болино.

Хэрэв ингэвэл тариалангийн болоод гурил үйлдвэрлэлийн салбарын хөгжил зогсонги байдалд орж дампуурах ч эрсдэл байгааг тариаланчид ойлгох ёстой болов уу. Дотоод гадаадын зах зээлийн судалгаа, үр тарианы болон гурил үйлдвэрлэлийн бодит өртөг гэх мэт олон хүчин зүйлийг ҮХАА-н яам судалж, тариаланчид болон гурил үйлдвэрлэгчдийн аль алиных нь санал байр суурийг сонсч байж ТЭДС-ийн 320 мянган төгрөг гэдэг үнийг гаргасан гэдгийг ҮХАА-н яамны ГТБХЗГ-ын дарга Ц.Ренчинсэнгээ тайлбарлаж байлаа.

Монгол Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 9 дүгээр сарын 5-наас эхэлж өнөөдрийн байдлаар  58.3 мянган га талбайг ангилан хадаж, 42.9 мянган га талбайг цайруулж, 125.0 мянган га талбайг шууд хурааснаар нийтдээ 170.7  мянган га-гаас 228.3 мянган тонн үр тариа, 12.6 мянган га-гаас 165.6 мянган тонн төмс, 7.2 мянган га-гаас 90.3 мянган тонн хүнсний ногоо, 8.4 мянган га-гаас 30.8 мянган тонн тэжээлийн ургамал, 17.5 мянган га-гаас 14.5 мянган тонн тосны ургамал  тус тус хураан аваад байна. Ургац хураалтын явц үр тарианы тарималд  58.8 хувь, төмснийх 85.0 хувь, хүнсний ногооных 95.3 хувьтай  явагдаж байна. Ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа  11.6  хувиар, төмс, хүнсний ногооны хураалт 4.7 - 5.5 хувиар тус тус ахиу байна.