Х.Баттулга сайд амралтын өдөр ургацын талбайд өнжив
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн Цээл, Угтаалцайдам, Жаргалант сумдад ургацын талбайд ажиллалаа
2013.10.07

Х.Баттулга сайд амралтын өдөр ургацын талбайд өнжив

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн Цээл, Угтаалцайдам, Жаргалант сумдад ургацын талбайд ажиллалаа. Төв аймаг тариалалтын хэмжээгээрээ улсдаа хоёрт ордог, төмс, хүнсний ногоо, үр тариа, тосны, тэжээлийн ургамал тариалдаг юм.

Тус аймгийн хувьд энэ жил 59394 га-гаас үр тариа, 5015 га-гаас төмс, 867 га-гаас хүнсний ногоо, 3486 га-гаас тэжээлийн ургамал, 16380 га-гаас тосны ургамал хурааж авах юм. Харин энэ сарын 4-ний байдлаар нийт ургацынхаа 67 хувийг хураан авсан мэдээтэй байна.

Угтаалцайдам сумын төвд энэ жил 36 000 тонн үр тариа хадгалах хүчин чадалтай Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн элеватор ашиглалтад орсонд тус бүс нутгийн тариаланчид ихэд баяртай байлаа. Чанарын шаардлага хангасан улаан буудайг энэ жил ТЭДС тонныг нь 320 мянган төгрөгөөр худалдаж авч, мөн тушаасан 1 тонн буудай тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон байгаа.

Үүнээс гадна ТЭДС-ийн элеватор байрлаж байгаа газраас 100 км-ын тойрог дотор байгаа аж ахуйн нэгжийн буудайгаа тээвэрлэх зардлыг төрөөс даахаар зохицуулсан нь тариаланчдад хүрч буй бодит дэмжлэг юм. Угтаалцайдам сумын төвд шинэчлэн засварлаад ашиглалтад оруулж байгаа 36 000 тонн-ын багтаамжтай элеваторт Төв аймгийн хэмжээний бүх тариаланчдын нийлүүлсэн улаанбуудайг худалдан авч хадгалах боломжтой ажээ.

Угтаалцайдам сумын төвд шинэчлэн засварлаад ашиглалтад оруулж байгаа 36 000 тонн-ын багтаамжтай элеваторт Төв аймгийн хэмжээний бүх тариаланчдын нийлүүлсэн улаанбуудайг худалдан авч хадгалах боломжтой ажээ.

ҮХАА-н яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ “Чанарын шаардлага хангасан улаан буудайг зориулалтын элеваторт 7 жил ч хадгалж болдог” хэмээн уг элеваторыг танилцуулах үеэрээ ярьж байна.

Сайдыг ургацын талбайд ирэхийн өмнөх шөнө бага хэмжээний цас орж, хурааж амжаагүй үр тариа налсан, чийгтсэн зэрэг шалтгаанаар үр тариагаа хураахаа түр завсарласан тариаланчид ч байлаа. Газар тариалангийн салбарын хувьд тэнгэр хангайн ааш ариншингаас ихээхэн хамааралтай ажилладаг учир энэ сарын 9-нийг хүртэл цаг агаар тогтуун байх төлөвтэй байгаа, энэ үеийг ашиглаад л өдөр шөнөгүй ажиллахад үлдсэн тариагаа бараг хураагаад дуусчих байх хэмээн тариаланчид ярьж байлаа.

Тариан талбайд мал орж нэг захаас нь комбайн, нөгөө талаас нь мал үр тариа хурааж ажилд нь ихээхэн хүндрэл учруулдаг талаар тариаланчид учирлан ярьж байлаа. “Үр тариа гэдэг зөвхөн тариалан эрхлэгчийн хөрөнгө биш улсын маань нийт иргэд гурилтай байх эсэхтэй холбоотой асуудал. Харин мал бол тухайн малчны мэдлийн өмч, тэгэхээр үүнийг хуулиар зохицуулж, бодит хариуцлага хүлээдэг болгох хэрэгтэй” хэмээн тэд учирлав.

ҮХАА-н сайд Х.Баттулга Төв аймгийн Угтаалцайдам суманд энэ жил ашиглалтад орж байгаа 36 000 тонн-ын элеватор хэвийн ажиллаж байгаа эсэхтэй танилцаад, Цээл сумын хадлан бэлтгэлийн ажлын явц, Жаргалант сумын “Жаргалант Харвест” ХХК-ийн үтрэм, “Дэлгэр уянга” компанийн төмсний талбай, “Хөх баянбулаг” ХХК-ийн үтрэмээр орж цаг агаар хүйтэрсэн, бага хэмжээний цас орсон өдөр ургац хураалтын ажил газар дээрээ ямар байгааг үзэж, тариаланчдынхаа санал хүсэлтийг сонсоод ирэв.

Манай улс төмсний хэрэглээгээ 100 хувь дотоодын ургацаар хангаж байгаа. Төмс тариалах, хураах явцад гар ажиллагаа их шаарддаг учир “Дэлгэр уянга” компанийнхан цэргүүд авч ажиллуулж байгаагаа танилцуулав. Тэдний хувьд кг төмсөө бөөнөөр нь ченжүүдэд 200-250 төгрөгөөр худалддаг, гэтэл лангуун дээр 900-1000 төгрөг байдагт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байлаа.

Энэ жил Шинэлчлэлийн Засгийн газар ногоочдоо дэмжих зорилгоор Улаанбаатар хотод хүнсний ногоо борлуулах 28 цэг нээж, шинэ ургацын ногоогоо ченжүүдээр дамжуулалгүй хэрэглэгчид хүргэх боломж олгосон юм.