Бямбацогт.С 2013.10.16 | Сайт: News.mn

С.Бямбацогт: Мөнгөний бодлого, төсөвтэй уялдахгүй байна

УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

Монголбанкнаас өргөн мэдүүлсэн энэхүү мөнгөний бодлогод ирэх онд инфляцийг найман хувьд хүргэх, 2013 онд хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг үргэлжлүүлэх, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг Ипотекийн корпорацитай хамтран хэрэгжүүлэх зэрэг тодорхой зорилт тусгагдаад байгаа юм.

Уг бодлогод УИХ-ын гишүүд ямар байр суурь баримталж буйг онцолъё.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-д өргөн мэдүүлэгдсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл харилцан уялдаж орж ирэх ёстой ч зөрж байгаа. Төв банк мөнгөний бодлогын хүрээнд валютын ханшийг тогтворжуулах ёстой.

Гэтэл “Ханшийг тогтвортой барих нь бидний үүрэг биш” гэж төв банкныхан үзэж байгаа. Тэгтэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөлд ам.долларыг 1380 төгрөг байхаар тооцож оруулж ирсэн. Ирэх жил ам.долларын ханш энэ хэмжээнд байх уу гэдэг эргэлзээтэй.

Эрх баригчид олонхиор түрий барьж дарангуйллаар асуудалд хандаж шийдэх гээд байна.

Өнөөдөр ханшийг авч үзэх юм бол ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1700 хүрчихээд байна. Өөрөөр хэлбэл, энэ үзүүлэлтээр харах юм бол 2014 оны нэгдсэн төсөв, 2014 онд баримтлах мөнгөний бодлого хоёр хоорондоо уялдаагүй болох нь нотлогдож байгаа биз.

Тийм учраас УИХ-ын хувьд нэн тэргүүнд ирэх оны төсөв, мөнгөний бодлого хоёроо мөрдөж байгаа хуулийн хүрээнд уялдаатай болгох, 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахаас өмнө 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа. Харамсалтай нь, эрх баригчид олонхиор түрий барьж дарангуйллаар асуудалд хандаж шийдэх гээд байна даа.