Гутал, арьс шир, ноосны үйлдвэрийнхэнтэй уулзав
Гутал, арьс шир, ноосны үйлдвэрийнхэнтэй уулзав
2014.04.23

Гутал, арьс шир, ноосны үйлдвэрийнхэнтэй уулзав

 Монгол Улсад Аж үйлдвэрийн комбинат үүсч байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохионо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, МАН-ын Дотоод асуудал, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллага хариуцсан нарийн  бичгийн дарга Х.Булгантуяа, газрын дарга А.Ариунзаяа нар “Гутал, арьс шир, ноосны үйлдвэрийн инженер техникч ажилтны холбоо”-ны зөвлөх, төрийн шагналт О.Рагчаа, тус холбооны тэргүүн Ю.Шагдарсүрэн, гүйцэтгэх захирал С. Шарав, ТУЗ-ийн гишүүн Ц.Рэнцэнханд нартай уулзлаа.

Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад тооцогддог Оюутолгой оргил үедээ 17 мянга орчим ажлын байрыг бий болгож байсан бол аж үйлдвэрийн салбар нь цагтаа 20 мянган хүнийг жилийн дөрвөн улиралд ажилтай орлоготой байлгаж чаджээ. Гэтэл 1990 оноос хувьчлал явагдсанаар энэ салбар уналтад орж, өдгөө боловсон хүчний асуудал ч хурцаар тавигдах болсон байна.

Үүнээс болж, арьс ширээ түүхийгээр нь урд хөрш рүү экспортлоод боловсруулсных нь дараа буцаагаад импортолдог буруу жишиг тогтжээ. Тиймээс энэ байдлыг засах, салбарыг дэмжихэд ямар арга хэмжээ авбал зохистой талаар санаа оноо сонсоход дээрх уулзалтын зорилго оршжээ.