Ганбаатар.С 2014.05.16 | Сайт: UNEN.mn

С.Ганбаатар: Эдийн засаг 100 хоногт сэргэхгүй гэдгийг эрх баригчид мэдэж байгаа

С.Ганбаатар: Эдийн засаг 100 хоногт сэргэхгүй гэдгийг эрх баригчид мэдэж байгаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар

2014 оны төсвийн тодотголын талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

 -Хаврын чуулганы эхэнд хэлэлцэх ёстой асуудлуудын нэг нь төсвийн тодотгол байсан. Гэвч чуулган эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байхад төсвийн тодотголыг оруулж ирлээ. Цаг хугацааны хувьд оройтож оруулж ирлээ гэж шүүмжилж байна. Нөгөө талаар “Халтуурны тодотгол” боллоо гэж байна л даа. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ? 

-Төсвийн тодотголыг Засгийн газар боловсруулж оруулж ирсэн. Ойр, ойрхон тодотгол хийнэ гэдэг сайны дохио биш. Төсөв гэдэг өөрөө хүн ойлгохооргүй айхтар юм биш шүү дээ. Төсөв гэж юуг хэлдэг вэ гэхээр орлого, зарлага хоёрыг хэлдэг. Орлого, зарлага хоёр тэнцэх ёстой. Маш энгийн асуудал. Юунаас мөнгө олж байгаа юм, мөнгөө юунд зарцуулж байгаа юм бэ гэдэг л ойлголт. Олж байгаа мөнгө нь тодорхой. Орон нутгийн орлогын татвар, улсын төсвийн орлого гэж байгаа. Зардал нь төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал.

Толгой эргүүлээд байх асуудал ерөөсөө биш. Хэзээ төсвийн тодотгол хийдэг юм бэ гэхээр гаднаас орж ирэх орлого нэмэгдэх үед хийнэ. Өөрөөр хэлбэл, бурхан ивээж гэнэт зэсийн үнэ нэмэгдэхэд орж ирсэн мөнгийг нь банкинд хадгалах уу, бүтээн байгуулалтад зарцуулах уу гэдгийг шийдэх үүднээс тодотгол хийнэ. Эсвэл гэнэт орлого буурч ам.долларын ханш савлаад ирэхэд төсвийн тодотгол хийдэг. Ийм л хоёр тохиолдолд төсвийн тодотгол хийдэг. Харамсалтай нь манайх төсвийн тодотголыг ихэнхдээ хоёр дахь шалтгаанаас болж хийж байна. Төсвийн тодотголыг байн байн хийж байгаа нь төсвийн шинжилгээ, судалгааг муу хийж байгаагийн илрэл.

Дээр нь нэмээд хэлэхэд дарга нарын тансаг хэрэглээний зардлыг сайн танах ёстой. Мөнгөний бодлого, төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын бодлого, үйлдвэрлэлийн бодлого гэсэн баримт бичгүүд нь хоорондоо ямар ч уялдаа холбоо байдаггүй. Салангид байгаа нь Монгол Улсын төсвийн бодлогын хамгийн том алдаа. Мөрөөдлийн юм яриад байна шүү дээ. Хэрэв цаашдаа ийм байдалтай байх юм бол дандаа төсвийн тодотгол хийнэ, бүр сүүлдээ тодотгол хийгээд ч нэмэргүй байдал үүснэ. 

-Тэгэхээр эдийн засгийн бодлогын алдаа юунаас болсон гэж та үзэж байна вэ? 

-Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Зүгээр л лоозогносон маягийн зүйл оруулах юм. Өнгөрсөн гурван жил дараалан эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд байна гэж Эдийн засгийн хөгжлийн сайд хэлж байна лээ. Үнэхээр гурван жил дараалан эдийн засаг өсөлттэй сайн байгаа нь үнэн юм бол орлого их олж, тэр хэрээрээ мөнгө орж ирж байна гэсэн үг биз дээ. Тэгвэл яагаад ард иргэдийн амьдрал муудаж байгаа юм.

Товчхондоо, улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд нь илүү их баяжиж байна гэсэн үг. Жирийн иргэдэд нь эдийн засгийн өсөлт наалдахгүй байна. Бий болгож байгаа орлогын хуваарилалтаа буцааж хийх механизм манай оронд алга. Энэ бол зэрлэг капитализм. Лоозон биш тодорхой санал дэвшүүлж оруулж ирэх ёстой. Улсын гурван талт хэлэлцээр, тарифийн болон салбарын хэлэлцээрүүдээ амь оруулаач ээ. Эдийн засаг хямарлаа, хүндэрлээ л гэж байна. Эцсийн эцэст Орос, Хятад, дэлхийн эдийн засаг хямраагүй байна. Монгол Улсад бодлогын хямрал нүүрлэчихээд байгаа юм. Бүр тодруулбал, эдийн засгийн бодлогын алдаа.

Үндсэндээ хөрөнгө оруулалт нэрийдлээр түр зуурын мөнгө орж, мөнгө хүүлэлт хэлбэрээр буцаж гарч байгаа нь эдийн засаг бодлогогүй, ханшийн бодлого алдагдсаны илрэл. Ам.долларыг зохицуулах зохицуулалт байхгүй байна. Бизнесмэнүүд, ялангуяа олигархи бизнесмэнүүд валют хөрвөдөг хоёр данстай. Ийм байж болдоггүй юм. Эдийн засаг хүндэрч, хямрал боллоо гэхэд орж ирсэн “халуун” мөнгө дүрвээд гарчихаж байна шүү дээ. Энэ чинь хөрөнгө оруулалт орж ирээгүй ээ л гэсэн үг. Хөрөнгө оруулалт гэдэг чинь урт хугацаанд, тогтвортой үйлдвэрлэлд оруулах мөнгийг хэлдэг. Түүнээс биш орж ирээд гарч байгаа мөнгө хөрөнгө оруулалт биш. Үүнийг эдийн засагт хамгийн аюултай мөнгө буюу “Халуун мөнгө” гэж нэрлэдэг.

Үндсэндээ хөрөнгө оруулалт нэрийдлээр түр зуурын мөнгө орж, мөнгө хүүлэлт хэлбэрээр буцаж гарч байгаа нь эдийн засаг бодлогогүй, ханшийн бодлого алдагдсаны илрэл.

Ийм мөнгөнөөс ард түмнээ хамгаалж байх ёстой. Засгийн газар Монголбанк, Сангийн яам нь ажлаа хийхгүй байна. Сайд нар өөрсдийнхөө компанид зах зээл нээж өгөх гээд дээгүүр, доогуур гүйж явдгаа болих хэрэгтэй. Улстөрчид ийм байдлаар ажиллаж болохгүй. Өөрийнхөө компанид тендер авч өгөх нь УИХ-ын гишүүний хийх ёстой ажил биш. Харин үндэснийхээ компаниудад яаж зах зээл нээж өгөх вэ гэдгийг бодож байх ёстой. Бүс нутгйин болон дэлхийн худалдааны байгууллагын гэрээ хэлэлцээрт Монгол Улс идэвхтэй оролцохгүй байна.

Үүнийг Ерөнхий сайд хийх ёстой. Японоос 600 сая ам.доллар гуйхын оронд 600 мянган тонн зэс трубаг Японд нийлүүлэх гэрээ хийсэн бол жинхэнэ утгаараа дэмжлэг болох байсан. Энэ мэт энгийн зүйлсийг эдийн засгаа эрчимжүүлэх юм уу эдийн засгийн бодлогодоо тусгах ёстой. Энэ чинь л лоозогносон биш тодорхой асуудал.

 -”Ам.долларын ханшийг 1384 төгрөгт барина” гэж төсөвт суулгасан. Гэтэл өнөөдөр 1808 төгрөг боллоо? 

-Монголын Засгийн газрын гайхамшигтай гоё тэнэглэл. Надад үнэхээр хэлэх үг алга. “Ам. долларыг 1384-т барьж чадах уу” гэж Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуухад “Барьж чадна аа” гэж хэлж байсан. “Та нар чадахгүй ээ. Арай жаахан дээшлүүл ээ” гэж хэлэх ёс зүй надад байхгүй. 1384-т барьж чадна гэж ам бардам хэлж байсан тэр хүн өнөөдөр чадаагүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага тооцох нь УИХ- ын гишүүдийн асуудал. Яагаад дуугарахгүй байгааг нь мэдэхгүй байна. Нөгөө л нэг хариуцлага тооцох механизм байхгүйн тод жишээ. Ер нь эдийн засагт хэт намчирхсан улс төр орж болохгүй. 

-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн “тоолуур” гүйгээд эхэлчихсэн. Энэ хугацаанд сэргэх боломж байна уу?

 -Ерөнхий сайдаасаа эхлээд бүх сайд нь “Эдийн засаг өснө” гэж амласан юм чинь өсөх байлгүй. “Баталгаатай юу гэхэд баталгаатай” гэсэн. Энэ хугацаанд эдийн засаг сайжрах ямар ч үндэслэл байхгүй гэдгийг мэдсээр байж үнэн гээд байгаа хүмүүстэй юу ярих вэ дээ. Өөдөөс хараад “Үнэн. Баталгаатай” гээд байхад бид яах ёстой юм. Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн төсөлд дархан цаазат хамгаалалттай газруудаа задалж зарах, ашигт малтмалын орд болгох, улсын үйлдвэрийн газруудыг хувьчлах гэсэн арга замыг нууж оруулж ирсэн байх магадлалтай. Асуудалд зальтай байдлаар хандах гэж санаархаж байгаа бол Монголын ард түмэн түүнийг мэдэхтэйгээ байгаа шүү.