Усны салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв
ус
2015.03.18

Усны салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв

Энэ сарын 22-нд дэлхийн усны өдөр тохиож буй. НҮБ-аас жил бүрийн энэ өдрийг  “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, 1993 оноос албан ёсоор тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил “Ус тогтвортой хөгжил” уриаг дэвшүүлсэн байна.

Эл өдрийг угтаж БОНХАЖЯ, “Монголын Гидрогеологичдын холбоо”, “Эрдэнэ дрийлинг” ХХК-иас “Усны салбарын тулгамдаж буй асуудлууд” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг “Өмнөд говийн бүсийн гидрогеологийн судалгааны үр дүн болон томоохон хэрэглэгчдийн усан хангамжийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв” , “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл” , “Эгийн голын усан цахилгаан станц төслийн гидрологи, байгаль орчны судалгаа”, “Улаанбаатар хотын усны нөөц, анхаарах зарим асуудлууд” гэсэн сэдвийн хүрээнд өрнөсөн юм.

Дэлхийн хүн амын өсөлт, хотжилт, хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийг даган цэвэр усны хэрэглээ мэдэгдэхүйцээр өсч байгааг эрдэмтэн судлаачид хэлэх болсон. Ойрын арван жилд дэлхийн хүн ам хоёр тэрбумаар өснө гэх тооцоо ч бий. Тиймээс “Чандмань эрдэнэ” гэх амьтай бүхний эх болсон усаа хайрлаж гамтай хэрэглэх нь  нэн тэргүүнд тавих асуудал болоод байна.

Шинжлэх ухааны доктор Н.Жадамбаа Монгол Улсын өмнө зүгийн усны асуудлыг хэлэлцүүлгийн гол сэдэв хэмээн онцолсон. Мөн доктор З.Цэрэндорж илтгэлдээ “Судалгааны дүнгээс харахад говийн бүс нутагт 5-10 жилийн биш 30-40 жилийн газрын гүний усны нөөц байгааг тогтоосон. Ийм судалгааны дүн гарсан нь Орхон говь, Хэрлэн говь зэрэг төсөл хэрэгжихэд боломжтой болж байна. Энэ нь бидний ажилд итгэл төрүүлэхээс гадна ард иргэд цаашлаад говийн бүсийн нутгийн хөгжилд их нэмэртэй юм” хэмээсэн юм.