2015.04.28 | Сайт: Vip76.mn

Монголын дараагийн хөгжлийн шат нь “Хариуцлага”

Монголын дараагийн хөгжлийн шат нь “Хариуцлага”
Хариуцлага хүлээх нь төрд ажиллаж байгаа хүний ухамсар, эр зориг, боловсролтой холбоотой.

Голын эх булингартай бол адаг нь булингартай гэж үнэхээрийн үнэн үг бөгөөд өнөө цагийн Монголчууд эргэн санамаар, тунгаамаар үг ажээ.

Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа анхнаасаа популизмын бүтээгдэхүүн байсныг өдөр ирэх бүр цацагдаж байгаа мэдээллээс харж болохоор байна. Тухайн үед АН, МАХН /Одоогийн МАН/ тэргүүтэй нөхдүүд ард иргэдийн саналыг авах гэж популизмыг хийсэн.

Тэд өдийг хүртэл өөрсдийн бантангийнхаа учрыг олж, хужрыг тунгаалгүй явсаар, ямар ч сэтгэл гаргалгүй өнөөгийн овилгогүй улс төрчдийн өгөөш болгож хаяв.

Хувиа хичээгчдийн эрин зуунд амьдарч байгаагаа мэдэх хэдий ч талцал, хувийн эрх ашгийн сонирхол, эцэс төгсгөлгүй амбиц, шантаажны улс төр, популистууд хэрээс хэтэрлээ. Асуудлыг улам дэвэргэж, тэд хэзээ ч ард иргэддээ эх орныхоо баялгаас хувь эзэмших боломжоор хангахыг хүсээгүй нь илт байгааг зарлан тунхагласаар.

Үнэн үг

Өнгөрсөн долоо хоногийн дундуур УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, М.Энхсайхан сайд нарын гарын үсэгтэй Монгол Улсын иргэн бүрийн нэр дээрх Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгийг Тавантолгойн хөрөнгө оруулагчид хариуцахгүй болохыг мэдэгдсэн албан бичиг хүлээн авчээ.

Энэхүү албан бичигт Тавантолгойн нүүрсний бүлэг ордын ашиг орлогоос иргэн бүрт олгохоор нээсэн 1072 хувьцааг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцах учиртайг битүүхэн сануулсан байна. Монголын улстөрчдийн сонгуулийн амлалтаар анх гарч ирсэн Тавантолгойн 1072 хувьцааны асуудал ийнхүү Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээнд тусгагдаагүй гэдэг нь тодорхой болов.

Хариуцлага нэхье

АН, МАН хариуцлагаа хүлээх ёстой. Ийм арчаагүй улс төр хийж, гадаад дотоодод улсынхаа нэр төрийг унагаж, хөрөнгө оруулагчдыг үргээж байгаагийнхаа хариуцлагыг үүрэх учиртай.

Хариуцлага байхгүй бол ардчилал байхгүй гэдгийг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодорхой хэлсэн. Биднийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж, хэрэгжүүлэхийг зорьж алдаж онож яваа ардчилал маань хариуцлагатай юм байна.

Төр мэдрэмжээ алдаж, ард түмнийг төлөөлж чадахаа болино.

Монгол Улсад өрнөсөн ардчиллын 20 гаруй жил үр дүнтэй ажиллах төрийн хариуцлагын тогтолцоог байгуулж чадсангүй. Тиймээс төрийн хариуцлагын асуудлыг Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын бодлогын үзэл баримтлалын хүрээнд эргэн харж, хэлэлцэх зайлшгүй шаардлагатай.

Төрийн хариуцлагыг үндэсний аюулгүй байдлын хүрээнд авч үзвэл хариуцлага тооцох механизм нь алдагдаад  тэр нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн. Тэр нь гол гурван зүйл болох эдийн засаг, хүн, байгаль орчны аюулгүй байдалд нөлөөлөөд Монгол Улсыг ангалын ирмэг дээр авчирсан байна.

Хариуцлага хүлээх нь төрд ажиллаж байгаа хүний ухамсар, эр зориг, боловсролтой холбоотой. Хууль батлагдахдаа  дандаа хариуцлагатай холбоотой зүйлүүд нь хасагдаад байна. Ядаж захиргааны ерөнхий хуулиа гаргаад өгөх хэрэгтэй.

Энэ сарын 22-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч хэлэлцүүлгийг хойшлуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүд, аймаг, дүүрэг, сум, хороо, багийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын зэрэг томилогдсон өндөр албан тушаалтнууд хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн болон сахилгын, ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, эргүүлж татах хүртэл арга хэмжээ авч байхаар уг төсөлд тусгаад байсан юм. Гэвч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа. 

Улс төрчид, намууд өөрсдөө засгийн эрхэнд гарч, эрх бариад ирэхээрээ  илүү консерватив болчихдог нь энэ бус уу. Өөрөөр хэлбэл өөрсдийн байр сууриа хамгаалах шинжинд орж, одоогийн тогтолцоо тэдэнд хамгийн тааламжтай бөгөөд одоогийн дэг журмыг ямар нэгэн аргаар авч үлдэхийг хүсдэг. Тэгээд мэдрэмжээ алдаж, ард түмнийг төлөөлж чадахаа болино.

Хуулийг хэлэлцэхгүй байгаа нь арга ч үгүй биз. Хүн өөрөө өөртөө хариуцлага тооцож чадах уу.