Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй 8000 автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг солино
2023.08.18

Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй 8000 автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг солино

Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарын дэвсгэрийг өөрчлөхөөр шийдвэр гарсантай холбогдуулж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1 мянга 728 байгууллагын 14 мянга 717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 8000 машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөхөөр болсон байна. Ингэхдээ улсын дугаарын дэвсгэр өнгийг нь хар хөх, тоо, үсэг ба хүрээ нь цагаан өнгөтэй байх аж. Дээрх өөрчлөлт орсноор төрийн байгууллагын авто машинуудын зорчилт ил тод болж, хувийн болон ар гэрийн ажилдаа ашиглахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, төрийн хяналтыг ард иргэдийн оролцоотойгоор хийж, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах болно гэж үзсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд 1.183.793 тээврийн хэрэгсэл байна. Ташрамд дурдахад, улсын дугаарын дэвсгэр өнгө нь цагаан бол энгийн автомашин, мотоцикл, чиргүүл, улаан бол дипломат албаны 487 машин, хар дэвсгэртэй буюу технологийн 72 мянга 211 тээврийн хэрэгсэл, ногоон буюу эко 557, шар дэвсгэртэй нийтийн тээврийн үйлчилгээний 1562, үүнээс 1320 автобус, 242 такси үйлчилгээний машин, хар хөх бол төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл гэж ялгах юм.