Өрсөлдөөний тухай хууль зах зээлд төрийн дарамт үүсгэх учиргүй
2009.06.12

Өрсөлдөөний тухай хууль зах зээлд төрийн дарамт үүсгэх учиргүй

Хэлэлцүүлэгт яваа "Өрсөлдөөний тухай хууль"-ийн санаачлагчид нь Д.Ганхуяг, Д.Арвин, Д.Балдан-Очир, Г.Занданшатар, Ч.Улаан, С.Бямбацогт, Р.Амаржаргал, Ц.Баярсайхан, Д.Тэрбишдагва нарын гишүүд.


Тэдний төлөөлөл өчигдөр Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхантай уулзжээ. Энэ нь хэлэлцүүлэгт буй "Өрсөлдөөний тухай хууль"-д томоохон бизнесийн байгууллагууд болон тэднийг нэгтгэдэг Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын санал орж ирэхтэй холбоотой аж. Одоо мөрдөгдөж байгаа "Шударга бус өрсөлдөөний тухай хууль" өнөөгийн нийгмийн нөхцөл байдалтай яавч таарахааргүй хэр нь өчнөөн удаан мөрдөгдсөөр ирсэн шигээ нийтээс гомдол дагуулсан. Тухайлбал, үгсэн хуйвалдаад ард түмнийг асар их мөнгөөр хохироодог нь хэдийнэ тодорхой болсон шатахуун импортлогчдыг ердөө 250 мянган төгрөгөөр торгож ирсэн нь бизнесийн шударга өрсөлдөөнөө онцгой хянан зохицуулдаг системтэй бусад орны элэг доог болдог байлаа.

Тиймээс санхүүгийн хямралт нөхцөл байдал таарсан ч дэлхийн эдийн засагт ихээхэн өөрчлөлт орж байгаа энэ үетэй давхцуулан бизнесийн орчинд шударга өрсөлдөөний хөшүүрэг авчрах хууль батлахаар ажиллаж байгаа. Хуулийн төслийн ололт, давуу талтай холбоотой санал, шүүмжлэлээ ирүүлнэ үү гэсэн хүсэлтэд бизнесийн байгууллагууд ихэд анхаарсан нь хууль санаачлагчдад хүрч эхэлжээ. Хуулийн тодорхой заалтууд өрсөлдөөний ерөнхий зарчмаас гажсан, хэт ерөнхий ойлгомжгүй, зах зээлд төрийн оролцоог нэмэгдүүлэх замаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжлийг хязгаарлах байдлаар эрх ашгийг нь ноцтой зөрчжээ гэсэн үнэлэлт бизнесийн байгууллагуудаас иржээ. Улмаар ОХУ, Казахстан зэрэг нийгэм, эдийн засгийн өөр тогтолцоотой улс орнуудын ижил төстэй хуулиудыг хуулбарлах замаар зах зээл дэх төрийн оролцоог хэт нэмэгдүүлэн, чөлөөт эдийн засагт эрүүл бус харилцаа бий болгосон, өрсөлдөөний үндсэн зорилгоос няцаж аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавигдахад чиглэгдсэн төрийн хэт нүсэр эрх мэдэл бүхий институци бий болгож мэдэхээр байна. Энэ нь төрийн үйлчилгээнд хүнд суртал үүсгэх, боловсон хүчний хангалттай нөөц хараахан бүрдээгүй өнөөгийн нөхцөлд бусад сөрөг үр дагавар үүсгэж мэднэ гэсэн санал, шүүмжлэл ч яваа аж.

Тухайлбал өрсөлдөөний харилцаа өндөр хөгжсөн орнуудад хуулийн зорилго нь зөвхөн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалаад зогсохгүй харилцаанд оролцогчдод чөлөөтэй өрсөлдөх боломж олгодог.

Мөн "Дотоодын зах зээлийг хамгаалах гэдэг өгүүлбэр ихээхэн анхаарал татах төдийгүй "Дотоодын зах зээл" гэсэн ойлголтод юуг хамруулах талаар огт тодорхойлоогүй байна гэсэн шүүмжлэл гарчээ. Мөн 5.1 заалтыг маш тодорхой заахгүй бол зөвхөн төрийн оролцоо бүхий компаниудыг хамруулсан зохицуулалт байж мэдэхээр байна. Үүнтэй холбоотой 6.1,6.2-ын дагуу төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаанд тор өөрөө зөвшөөрөл өгөх эсэхээ шийдээд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй шударгаар өрсөлдүүлнэ, төр орчныг бүрдүүлнэ гэхчлэн тусгавал илүү бодитой гэсэн санаа гарчээ. Төслийн зарим заалтыг илүү нарийвчилж, тодорхой бараа, бүтээгдэхүүний зах зээл гэж юуг хэлэх, харилцааг зохицуулж буй одоогийн төрийн байгууллагууд нь ямар технологи бүхий үйлдвэрлэлээр явагддаг. ямар бараа, ажил үйлчилгээ, ямар зах зээл байдгийг ч тодорхойлж чаддаггүй хэр нь зөвхөн борлуулалтын орлогоос шалтгаалж зах зээлд тухайн аж ахуйн нэгжийн ээлэх байр суурийг тогтооно гэдэг нь ямар нэг шалгуур. тогтсон зарчимгүй явдал болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн дүгнэлт ч байгаа аж.

Монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих гэдэг нь ерөнхий нөхцөл тул төрийн дарамт үүсгэх магадлалтай. "Өрсөлдөөний тухай хууль" наад зах нь шударга бус бизнесийг түүнд нь дүйцсэн торгуулиар шийтгэхээс гадна хамгийн гол нь зах зээлд төрийн дарамт үүсгэх умиргүй гэж бизнесийнхэн үзжээ. Тэрчлэн хуулийн төслийн зүйл заалтуудыг өөрчлөх, засч сэлбэхээс гадна хуулиас бүр хасах хэрэгтэй гэсэн саналууд ч иржээ. Үндсэн хууль. Шүүхийн тухай хуульд ч шүүх эрх мэдлийг гагцхүү шүүхийн байгууллага хэрэгжүүлэхээр заасан. Өрсөлдөөний хороо захиргааны хэрэг үүсгэн шалгах нь шүүх эрх мэдэлд халдсан явдал болно гэсэн санаа ч гарсан байна.

Х.Хажид
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.