Боргил.С 2015.11.26 | Телевиз: МН25-р суваг

75 дугаар тогтоолыг хэвээр үлдээхийн төлөө ард түмнийг сенсациар сатааруулж байна

ХҮН намын дарга С.Боргил

Өнөөдөр ХҮН намаас мэдэгдэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүд өөрсдийнхөө увайгүй үйлдлийг дараагүй байж Үндсэн хуулиар оролдоо, гадныханд газар нутгаа өгөх гэж оролдож байна хэмээн мэдээлсэн юм. Ингээд хурлын үеэр ХҮН намын дарга С.Боргилын хэлсэн үгнээс товч сийрүүлье.

“Өнөөдөр Монгол Улсад үүсээд байгаа нөхцөл байдал нь зөвхөн Үндсэн хуулиас болоогүй юм аа. Энэ бол зөвхөн улс төрчдийн увайгүй ёс бус үйлдлээс болсон. Улс төрчид өөрсдийнхөө ёс бүс үйлдлийг хязгаарлахгүйгээр Үндсэн хуулийг өөрчлөх юм бол энэ нийгмийг аврахаасаа илүүтэйгээр самарна. Тийм учраас Үндсэн хуулийн асуудал дээр бид өөрсдийнхөө тавьж байгаа шаардлагыг тууштай баримталж, тууштай зогсно.

Түүнчлэн өнөөг хүртэл бидний авч хэрэгжүүлсэн ажил дээр Халх голын асуудлыг нэрлэж болно. Анх 7 дугаар сарын 09-нд УИХ-ын 75 дугаар тогтоол батлагдах үед бид тэр даруйд нь олон нийтэд мэдээлж, хүрээлэнгээс судлаачдын баг бүрдүүлж, Халх гол руу явуулсан. Урьдчилсан судалгаа хийлгээд үр дүнгээ 75 дугаар тогтоолыг цуцлуулах шаардлагын дагуу УИХ-ын бүх гишүүдэд хүргүүлсэн байгаа.

Гэтэл сүүлийн үед уг үйл ажиллагаа эрчимжиж 75 дугаар тогтоолыг хэвээр үлдээхийн төлөө, ард иргэдийг саармагжуулах, сенсациар сатааруулах, өмнө нь олгосон газрын хууль бус наймайг хэт дэвэргэх,  нэг талыг барьсан мэдээлэл өгөх, тухайн нутгийн иргэдийн хийж байгаа тэмцлийг мушгин гуйвуулах үйл ажиллагааг эрх мэдэл бүхий хэсэг хүмүүс хийж байна” хэмээн С.Боргил мэдэгдэв. Энэ үеэр түүнээс зарим  зүйлийг тодрууллаа.

-ХҮН намаас Халх голын 75 дугаар тогтоолыг эсэргүүцэж УИХ-д хэд, хэдэн удаа шаардах бичиг хүргүүлсэн. Энэ шаардлагынхаа хариуг авсан уу?

- Өнөөг хүртэл ямар ч шаардлагын хариуг аваагүй.

- Халх гол суманд хамгийн сүүлд хэзээ ажилласан бэ? Газар дээрх нөхцөл байдлын тухай тодруулаач?

- Халх гол сумруу 8 дугаар сарын эхээр судлаачдын баг явуулсан. Сүүлд би өөрөө очиж, дорнод аймгийн төв дээр Халх гол сумын иргэдтэй уулзсан /2 долоо хоногийн өмнө/. Нөхцөл байдал бол хүнд байгаа. Гэхдээ нутгийн иргэдийн зүгээс ямар ч тохиолдолд Чөлөөт бүс болгохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

- О.Баасанхүү гишүүн, Р.Бурмаа сайд нар хэвлэл мэдээллийнхэнтэй хамт Халх гол суманд ажилласан. Гэвч энэ үеэр захиалгатай хүмүүс гарч ирж үймээн дэгдээсэн, улмаар тэднийг саатуулсан гэх мэдээлэл цацагдсан байгаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

- Өнөөдөр Халх голын эргэн тойронд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, эх орончид 75 дугаар тогтоолыг хэвээр хадгалах гэсэн л оролдлого юм уу гэж харж байгаа.

- Хэвээр хадгалах гэснээс Халх гол суманд 75 дугаар тогтоолыг хэрэгжүүлээд эхэлсэн гэх шуум гараад байна?

- Ер нь бол нийгмийн уур амьсгалыг саармагжуулах олон мэдээ, мэдээллийг хийж байгаа мартагнуулах зүйл хийж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн асуудал болж байхад давхар сонгуулийн хууль ярьж байх жишээтэй. Чухал асуудал яригдаж байхад давхар сенсаацитай зүйлийг гаргаж ирж байна.

Гэхдээ 75 дугаар тогтоолыг хэрэгжээд эхэлсэн гэж бодохгүй байна. Хамгийн сүүлд очиход нутгийн иргэд ямар нэгэн зүйл хэлээгүй. Бид нутгийн иргэдтэй байнга холбоотой ажиллаж байгаа учраас хэрэгжиж эхэлсэн гэж бодохгүй байна.

- Ярилцсанд баярлалаа.