Буурь сэлгэгч
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.01.06

Буурь сэлгэгч

Бие даагчийн хувиар бус бие даасан намын мэдэлд шилжсэн эрхмээр С.Ганбаатар тодров. Тэрбээр Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын гишүүн болсноор буурь сэлгэж, бууцаа засав. Олны дунд таамаг мэт байсан үг ортой байв уу гэдгийг ч “нотлов”.

Ямартай ч түүнийг “ХҮН-ын хөшигний цаана байдаг, санхүүжүүлэгч” гэхчлэнгээр ярих нь бий. Тэгвэл эрхэм гишүүн тус намд элссэнээр дээрх яриаг нэг тийш болов. Саяхан л УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Эрх баригчид сонгуулийн болон бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар ирэх сонгуульд бие даагч гишүүдийг маш их хавчих гэж байгаа. Тиймээс бие даагч гишүүд бид цаашид хэрхэхээ ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрнэ. ХҮН-ын тухайд би урилгаар очиж лекц уншдаг. Харилцан ярилцаж, санал солилцдог” хэмээн ярьж байсан. Тэгвэл ХҮН-ын дарга С.Боргил “Улстөрчид, намуудад хандан  бидний үйл ажиллагааг дэмжиж ажиллаач ээ гэсэн уриалгыг гаргасан. Уриалгын дагуу олон улстөрч бидэнд хандсан, улс төрийн хүчнүүд ч ирж уулзсан. Тэдний нэг нь С.Ганбаатар гишүүн бөгөөд манай намын үзэл баримтлалыг хүлээн  зөвшөөрч цэвэр үзэл бодлоороо ирж нэгдсэн” гэжээ. Тэгэхээр ХҮН нам улс төрд суудалтай намын эгнээнд нэгдэж буй юм. Цаашлаад ирэх сонгуульд бэлдэж буй илрэл нь энэ аж.

С.Ганбаатарын тухайд ясны тэмцэгч гэдгээрээ олонд танигдсан нэгэн. “Босоо Ганбаа” гэж хочлох тохиолдол ч бий. Английн Сала Женерал банкинд дадлагын менежерээр ажлын гараагаа эхэлсэн тэрбээр банк санхүүгийн чамгүй мэдлэгтэй, шилдэг эдийн засагч хэмээгддэг. “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн, “Үндэсний Соёмбо хөдөлгөөн”-ий удирдагчаар ажиллаж байсан намтартай. Цаашлаад Боловсрол, соёл, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж төрийн түшээ болсон түүхтэй. Тэгвэл одоо түүний түүх зузаарч ХҮН-ын гишүүн болж бие даагч хэмээх нэрнээс ангижрав.