Монголын залуу эрдэмтдийн холбоо 2016.02.29 | ХМА: Мэргэжлийн холбоо

Залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний дөрөвдүгээр бага хурал болов

Залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний дөрөвдүгээр бага хурал болов
Шилдэг бүтээлийн эзэд Баруун гараас: Доктор И .Хатанбаатар, Докторант Д.Эрдэнэчимэг, Н.Туул, Доктор С.Сэржмядаг

Залуу судлаачдын  шилдэг бүтээл шалгаруулах  эрдэм шинжилгээний  дөрөвдүгээр бага хурал  2016 оны 02 -р сарын 24 ний өдөр ХААИС -ийн эрдмийн танхимд болов.

Уг арга хэмжээг "Нармандах сан" -гаас  БСШУЯ -ны Шинжлэх ухааны  бодлого зохицуулалтын газар, ХАА-н Шинжлэх ухааны  салбар академи, ХААИС-тай хамтран 2 жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Энэ удаагийн шалгаруулалтанд Их сургууль болон судалгааны байгууллагуудын   докторант, докторын зэрэгтэй  залуу судлаачдын 20 гаруй бүтээл иржээ.

Тэдгээрээс  эцсийн шалгаруулалтанд 10 бүтээл тунаж үлдсэнээс ХААИС, МЭХ -ийн докторант Д.Эрдэнэчимэгийн "Хачигт энцефалитийн халдварыг илрүүлэх шууд бус фермент холбох урвалын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн ” бүтээл тэргүүн, доктор И.Хатанбаатарын "Тугалын криптоспоридиозын тандалт судалгааны дүн”  бүтээл дэд ,  докторант Н.Туулын “Газрын тосыг биозадралд оруулах чадвартай бактерийг илрүүлэх судалгаа” бүтээл гутгаар , ШУТИС -ийн Үйлдвэрлэлийн технологийн  сургуулийн доктор С. Сэржмядаг нарын "Малын махны зохицуулагч үйлчлэлийн үндэслэл”  бүтээл шагналт байрт тус тус шалгарав.  

Нармандах сангаас тэргүүн байрыг 1.0 сая, дэд байрыг 700.0 мянга, гутгаар байрыг 500.0 мянга, шагналт байрыг 100.0 мянган  төгрөгөөр тус тус  урамшуулав. Шилдэг бүтээл шалгаруулах бага хурлын үйл ажиллагаанд 80 гаруй судлаач эрдэмтэдээс гадна БСШУЯ - ны   Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу, ХААИС -ийн проректор Г.Гантулга,  "Нармандах сан"- гийн удирдлагууд оролцов.

 Сангийн тэргүүн, академич Ш.Дэмбэрэлээс  энэхүү үйл ажиллагааны талаар өгүүлэхдээ - бидний  бодол, сэтгэхүйд цэл залуухан, гэгээлэг дүрээрээ  нь мөнхрөн үлдсэн авьяаслаг эрдэмтэн- судлаач, сурган хүмүүжүүлэгч агсан  Мал эмнэлгийн шинжлэх  ухааны доктор Нармандахынхаа  гэгээн дурсгалыг  хүндэтгэн түүний  хийж бүтээсэн болон хийж бүтээхээр зорьж байсан үйлс, эрмэлзлийг  залуу үеийн судлаачдаар дамжуулан үргэлжлүүлэх, нөгөө талаас шинжлэх ухаанд мэдлэг оюунаа  сорьж байгаа  докторант, докторуудынхаа  ажил үйлст  сэтгэлийн дэм, урам өгч, бас ч гэж санхүүгийн тодорхой  дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү уламжлалт арга хэмжээг зохион байгуулж ирсэнийг цохон тэмдэглэсэн юм.