30-аад тамирчин эрхээ авч, Олимпийн медальтан хэд хэд төрнө гэдэгт итгэлтэй байна
Энэ удаад биеийн тамир, спорт гэсэн сонирхолтой сэдвээр энэ салбарт 50 орчим жил ажилласан ахмад багштай ярилцлаа.
Монголын биеийн тамир, спортын салбарт төрсөн гарсан үе үеийн тамирчин, багш, дасгалжуулагчид бол түүний шавь. Х.Баянмөх, З.Ойдов гээд жагсаалт гарна. Энэ ч агуулгаар тэрээр Монголын биеийн тамир, спортын нэгэн жарны түүхийг өгүүлэх эрхэм хүн юм.
УБДС-иас МУБИС болон өргөжих хүртэл хамт ажиллаж байсан багш, хамт олны хамт 2012 он, нэгдүгээр эгнээ-зүүн гар талаас эхнийх нь
Биеийн тамир, спортын боловсрол олгох чиглэлээр 50 орчим жил ажиллаж буй тантай ярилцахад таатай байна. Та яаж энэ салбартай холбогдов?
Би 1968 онд Биеийн тамирын дээд сургуулийг төгсөж, Улсын багшийн дээд сургуульд багшаар очсон. 1968 оноос өнөөдрийг хүртэл тус сургуульд 40 гаруй жил онолын болон практик хичээл зааж ирсэн.
Биеийн тамир, спортын чиглэлийн хичээлүүдийг 40 гаруй жил заасан туршлагатай, ахмад багш.
Сүүлийн 20, 30-аад жилд нь Биеийн тамир, спортын түүхийн хичээлийг зааж байна. Энэ чухал хичээлийг заах хувь заяаг Монгол Улсад биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд нөр их хувь нэмэр оруулсан, 1947 онд энэ салбарын анхны байгууллагын даргаар ажиллаж байсан Б.Жигмэддорж багш олгосон. Энэ эрхэм хүний шавь гэдгээрээ бахархдаг. Б.Жигмэддорж багш тэтгэвэрт гарахын өмнө: “Миний шавь Биеийн тамир, спортын түүхийн хичээлийг зааж яваарай” гэж захисан.
Ингээд энэ хичээлийг зааж байх явцад Монгол Улсын спортын гавьяат Р.Зориг багш надад хандан: “Чи Биеийн тамир, спортын түүхийн хичээлийг зааж байгаа учраас Монголын биеийн тамир, спортын түүхийг судлах хэрэгтэй. Хоёулаа хамтарч ажиллана” гэсэн. Ингэж би тэр хүнтэй 2014 он хүртэл гар нийлж ажиллаж ирсэн.
Ер нь биеийн тамир, спортын боловсрол эзэмшиж буй хүн бүр дэлхийн болон олон улсын спорт, олимпизм, өөрийн орны түүхийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай гэж ойлгодог.
Таныг спортын гимнастикийн тамирчин байсныг мэдэх юм байна. Биеийн тамирын багшийн мэргэжлийг яагаад сонгох болов?
Би Өвөрхангай аймгийн уугуул. Бага байхдаа нугардаг байсан. Манай гэр бүл 1953 онд нийслэл хотноо нүүж ирж, би арван жилийн тавдугаар сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон. Нугарах дуртай учраас багшийнхаа нүдэнд өртөж, тухайн үед ЕБС-иудын дунд зохиогддог спорт, уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд багаараа тогтмол, амжилттай оролцож, би уран нугаралтаараа гоцолдог байлаа.
Уран нугаралтаа хөгжүүлж явсаар спортын гимнастикаар хичээллэдэг болсон.
Монголын пионерын ордонд спортын гимнастикийн дугуйланд н.Авирмэд багшийн удирдлага дор хичээллэж, долдугаар ангийн сурагч байхдаа спортын зэрэгтэй тамирчин болсон. Тухайн үед спортын гимнастикийн шигшээ багийнхантай танилцаж, тэдэнтэй хамтарсан бэлтгэл хийдэг болсон.
Намайг есдүгээр ангид байхад Монголын биеийн тамир, спортын байгууллагаас спортыг эрчимтэй хөгжүүлэх, шинэ залуу тамирчдыг дэмжих бодлого хэрэгжиж, энэ хүрээнд Спортын гимнастикийн хоёрдугаар шигшээ баг байгуулагдаж, тэрхүү шигшээ багт би багтаж, Ажилчин залуучуудын ээлжийн оройн сургуульд суралцан, бэлтгэл сургуулилтаа сайтар базаадаг байлаа.
1963,1964 онуудад Монголын бүх ард түмний I,II спартикадуудад “Алдар” нийгэмлэгийн нэрийн өмнөөс оролцож, багаараа мөнгөн медаль хүртэж, анхныхаа медалиудаа энгэртээ зүүж явлаа.
Биеийн тамир, спорт Монгол улсад эрчимтэй хөгжиж байсан тэр үед Б.Жигмэддорж багш Биеийн Тамирын Дээд Сургууль гэж байгуулсан. Тэр үед би Спортын төв ордны урд зааланд бэлтгэл хийдэг байлаа. Манай бэлтгэл дээр Б.Жигмэддорж багш хүрч ирээд: “Чи Алдарын Уранчимэг гэж мөн үү? Залуу хүн байна их сургуульд суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүл” гэж хэлээд шууд сургуульдаа орохыг зөвлөсөн. Би ч өөрөө зөвшөөрч, манай аав, ээж хоёр ч дэмжсэн.
Ингэж 1964 онд "Биеийн тамирын дээд сургууль"-д элсэн орсон. Гэсэн ч спортын гимнастикаа орхилгүй хичээллэсээр спортын мастерын нормыг 2 удаа биелүүлж өгдөг дүрмийн дагуу биелүүлж, спортын мастер зэрэгтэй болсон.
Сургуулиа төгсөх жилээ Сэлэнгэ аймагт Биеийн тамир, зохион байгуулалтын дадлагад 14 хоног явахаар болж, явахын өмнөх өдрөө Л.Сэрээтэр багштайгаа савлуур дээр бэлтгэл хийж байгаад, хөл дээрээ буухдаа баруун хөл, өвдгөндөө бэртэл авч, тэрнээс хойш спортын гимнастикаар хичээллэх боломжгүй болсон.
Сургуулийн төгсөлтийн диплом гардуулах ёслолд Улсын Багшийн Дээд Сургуулийн тэнхмийн эрхлэгс спортын гавьяат багш Л..Чимэддорж оролцож: “Олон сайхан багш мэргэжилтэй, шинэ залуу боловсон хүчин төрж гарч байгаад талархалтай байна, танай төгсөгчдөөс нэг багшийг манайх сургуульдаа багшлуулахаар болсон. О.Уранчимэг” гэж миний нэрийг хэлээд надад диплом гардуулсан. Тэр цаг мөчөөс хойш энэ сургуульдаа багшилж байна.
Энэ хугацаанд маш олон шавьтай болсон байх?
Монголын биеийн тамир, спортын салбарт амжилттай яваа багш, дасгалжуулагч, гавьяатууд, алдартнуудын дийлэнх нь манай сургуулийг төгссөн. Тэд бүгд миний шавь. Тэдний дунд Х.Баянмөнх, З.Ойдов гээд Олимпийн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс төрсөн 300 гаруй алдартан байдагаас 150 орчим нь манай сургуулийн төгсөгчид.
Спортын бүхий л төрлөөр багш бэлтгэхэд гар бие оролцож явсан.
УБДС-ийн Биеийн тамирын факультетэд ажиллаж байхдаа зөвхөн багшаар ажиллаж байсангүй. Багш, Биеийн тамирын факультетийн захирал, сургалтын албаны эрхлэгч, тэнхмийн эрхлэгч гээд олон төрлийн ажил хийж явлаа.
1968 оноос хойш төгссөн манай сургуулийг төгссөн 5000 гаруй төгсөгчид бүгд миний шавь гэж хэлж болно. ЕБС-ийн сургуулийн биеийн тамирын багшаас эхлээд спортын чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, холбоодод миний шавь нар ажиллаж, хөдөлмөрлөж байна.
Би хаа ч очсон газарддаггүй. Манай шавь нар надтай байнгын эргэх холбоотой байдаг.
Спортын багш, боловсон хүчнийг давтан сургах, мэргэшүүлэх чиглэлээр Монголын 21 аймаг, сумдаар явж, сургалт зохион байгуулж явлаа. Сүүлийн үед манай салбарт магистр, доктор цолтой багш нар төрөн гарч байна.
Биеийн Тамирын Дээд Сургуулийн анхны магистр, Спортын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатарын хамт
1996 онд Монголын биеийн тамир, спортын улсын хорооны дарга байсан, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатарын магистрийн дипломын ажлыг удирдаж, гимнастикийн тэнхмийн эрхлэгч, Чех улсад сургууль төгссөн Б.Бат-Отгоны докторын ажлыг удирдан хамгаалуулсан зэргээр өдгөө 50 гаруй магиструудыг төгсгөөд байна.
Би Монгол Улс Биеийн тамир, спортын чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэн түүхт сургуулийнхаа багш нар дотроос анхны докторын зэрэг хамгаалсан хүн.
1999 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо “Монголын биеийн тамир, спортын хөгжилд Олимпийн хөдөлгөөн нөлөөлсөн нь” гэсэн сэдвээр докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 2001 онд дэд профессор цол, 2005 онд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн хүндэт профессор цол хүртсэн. 1999 оноос эхлэн нийгмийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн биеийн тамир, спортын чиглэлээр 10 гаруй ном бичсэн нь хүүхэд, залуучууд, багш нарт гарын авлага болж байна.
Дасгалжуулагчдын сургалт, семинарын үеэр, 2008 он
Биеийн тамир, спортын боловсрол олгох бодлого хэр тогтвортой байдаг вэ? Олон улсын жишигт нийцэж чаддаг уу?
Аль ч улсын боловсролын системд шат, шатны боловсрол олгох нэгдсэн, тогтсон стандарт гэж бий. ЕБС-д нэгдүгээр ангиас нь арванхоёрдугаар анги хүртэл нь ордог цөөхөн хичээлийн нэг бол биеийн тамир. Монгол Улсын боловсролын салбарын бодлого нь хүүхэд, бага наснаасаа эхлэн эрүүл чийрэг байж, эрүүл мэнд, спортын боловсрол олгох чиглэлд анхаарах ёстой гэсэн байдаг. Байсаар ч байна.
Улс эх орондоо хэрэгтэй хүн болохын тулд бие бялдрын хувьд өв тэгш байх зайлшгүй шаардлагатай. Бие бялдрын өв тэгш байдлыг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр олж авна.
Манай сургууль болон бусад хувийн сургуулиудад биеийн тамирын багш, дасгалжуулагч бэлдэж байна. Сүүлийн үеийн хэрэгцээг дагаад эмчилгээний биеийн тамир, менежмент зэрэг чиглэлд боловсон хүчин бэлдэж байна.
1955,1956 онуудад Улсын Багшийн Институтэд биеийн тамирын багшийн анги нээсэн тэр цагаас өнөөдрийг хүртэлх 60 жилийн хугацаанд энэ салбарын сургалт, арга зүйн бодлого тасралтгүй шинэчлэгдэн, өөрчлөгдөж, сайжирч байсан болохоос биш уруудаж, доройтож байсангүй. Бодлого нь ор үндсээрээ өөрчлөгдөж байсангүй. Сүүлийн жилүүдэд сургалтын технологиуд өөрчлөгдөж байна. Боловсролын зэрэгтэй багш, дасгалжуулагчид олширч байна. Энэ бол дэвшил, өөрчлөлт.
Монголын спортын алдартнуудын хамт
Таны ажиглаж байгаагаар биеийн тамирын багш гэдэг энэ мэргэжлийг сонгож буй хүмүүс ямар онцлогтой хүмүүс байх шиг байна?
Биеийн тамиргүй оюун ухаан гэж байхгүй. Бие бялдрын хүмүүжил, оюун ухаан хоёр хосолж байж сая эрүүл чийрэг, ухаантай Монгол хүн болно.
Биеийн тамирын мэргэжил бол хэзээ ч хоцрогдохгүй.
Боловсролын яам, холбогдох газраас тогтоож өгсөн стандарт тооны дагуу элсэлтээ авч, мэргэжилтэн бэлтгэсээр ирсэн. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш мэргэжил сонголтын хувьд биеийн тамирыг багшийн мэргэжлийг сонгож буй оюутан дунд спортын зэрэг цолтой хүмүүс цөөрч байгаа ч мэргэжилтэй боловсон хүчнээр дутагдаж байсангүй.
1989 онд ШУ-ны дээд боловсролын хороо гэж байхад намайг Москвагийн биеийн тамирын дээд сургууль руу явуулж, багш, дасгалжуулагч бэлтгэдэг системийг судалж ирэхийг даалгасан. Явж ирээд өөрийн сургуульдаа дасгалжуулагчийн анги нээсэн. Одоогоор манай сургууль биеийн тамирын багш, эрүүл мэнд-биеийн тамирын багш, спортын төрөл тус бүрийн дасгалжуулагч бэлтгэж байна.
1990-ээд оны сүүл, 2000 оны эхээр Монголд телевиз, сонин, радио эрчимтэй хөгжиж, тоо нь ч олширч байсан. Тэр хэрээр спортын сэтгүүлчийн хэрэгцээ шаардлага тулгарч байсан учраас спортын сэтгүүлчийн ангийг нээе гэсэн санал санаачилга дэвшүүлж, МУИС-НШУС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч М.Зулькафилтай уулзаж, хамтран ажиллахаар болж, манай сургуулийн удирдлага, спортын үндэсний холбоод дэмжсэний үр дүнд бодит ажил болсон. Энэ бол спортын сэтгүүл зүйч мэрэгжилтэй боловсон хүчин бэлтгэхэд миний оруулсан тодорхой хувь нэмэр гэж ойлгодог.
Анх 2004 оны Афины Олимпийн наадмыг шууд дамжуулах эрхийг ТВ5 телевиз авч, намайг тайлбарлагчаар ажиллахыг урьж байлаа. Одоо бол спортын сэтгүүл зүйч мэргэжлээр төгссөн оюутнууд салбартаа сайн ажиллаж, тайлбар нь ч мэргэжлийн түвшинд хүрч байна. Дэлхийн болон олон улсын чанартай наадмыг газар дээрээс нь сурвалжилж байна. Энэ хэрээр хүүхэд залуус спортыг шимтэн сонирхдог болж байна.
2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас монголчууд анхны алтан медаль хүртсэнээр хүүхэд, залуучууд спортоор хичээллэх нь нэмэгдэж байна. Өмнө нь З.Ойдов дэлхийн аваргын ганц хошой медальтан гэж нэрлэгдэж ирсэн бол энэ амжилтыг чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэг давтахаар барахгүй Олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ.
Энэ бол Монголын биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл, Монгол тамирчдын ур чадварын дээд үзүүлэлт,нэвтрүүлж ирсэн туршлага, Монгол хүний бие бялдар, сэтгэхүй, аливаа орчин, нөхцөлд амархан дасан зохицох чадвар, сургалт, дасгалжуулалтад шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ нэвтэрч байгаагийн үр дүн юм.
Энэ ч агуулгаар дэлхийд Монгол хүн гэж ямар хүн байдаг вэ гэдгийг спортоор дамжуулан таниулж байна.
Чөлөөт, жүдо, буудлага, байт харваа, бокс зэрэг төрлүүдээр дэлхийн спортын ертөнц манай багш, дасгалжуулагч, тамирчдыг мэддэг боллоо. Бидний амжилт гаргаж буй шалтгаан, Монгол хүний бие физиологийн онцлогийг судалдаг спортын шинжлэх ухаан хөгжиж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт харьцангуй бага ч манай улсын пүүс компаниуд тамирчдаа ихээхэн хөхүүлэн дэмжиж байна. Олимпийн төрөлд хамаарах спортын мэргэжлийн холбоод амжилттай ажиллаж байна. Энэ бүгдэд биеийн тамир, спортын түүх судалдаг хүний хувьд сэтгэл хангалуун байдаг.
Тайландын Бангкок хотноо болсон Оюутны универсиад наадмын үеэр, Монголын жүдо бөхийн тамирчдын хамт, 2007 он
Олимп, дэлхийн медальтан төрөхөд нөлөөлж буй гол хүчин зүйл?
1964 онд Монгол Улс Олимпийн наадамд анх оролцож эхлээд 50 жил болж байна. 2 сая, 3 сая гаруйхан хүн амтай улс Олимпийн наадмаас 25 медаль хүртэнэ гэдэг бол их том амжилт. Нэг хүнд ноогдох медалийн тоогоороо дэлхийд дээгүүрт ордог.
Сүүлийн үед Олимпийн медаль хүртэж буй тамирчдын тоо өсөн нэмэгдэж байгаа нь бахархууштай. 1964 онд анх Олимпод оролцохдоо Монгол Улс нь Олон улсын олимпийн хорооны гишүүн орныхоо хувьд үүргээ биелүүлэх гол зорилготой байсан. Олимп гэж юу байдгийг мэдэх даалгавартай спортын таван төрлөөр оролцож, Ж.Мөнхбат аварга долдугаар байр эзэлсэн. Тухайн үед Японы хэвлэлүүд: "Дараагийн олимпийн наадамд Монголчууд юм дуулгах нь" гэж бичиж байлаа.
1968 оны Мехикогийн Олимпийн наадмаас дөрвөн медаль хүртсэн. 1980 онд дөрөв, 2008 онд дөрөв, 2012 онд таван медаль хүртээд байна. Энэ бол өмнөх болоод одоогийн явуулж буй бодлого, сургалт, дасгалжуулалтад шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ нэвтрүүлж үйл ажилласны үр дүн юм.
Дасгалжуулагчдын сургалтаа явуулж буй арга барил нь шинэчлэгдэж байна. Дэлхийн бусад оронтой өрсөлдөхийн тулд багш, дасгалжуулагчдаа олон улсын сургалт, семинаруудад явуулж байна. Гадаад орны тамирчидтай хамтарсан бэлтгэлд гарч байна. Энэ бүхэнд төрөөс хөрөнгө зарцуулж байна. Яахав 1990-2000 оны хооронд ганц спортын салбар гэлтгүй бүхий л салбар уналтын байдалд орсон. Тухайн үед Биеийн тамир, спортын удирдах байгууллагыг татан буулгаж, яамны харьяа хэлтэс хүртэл болгож байлаа.
2000 оноос хойш төрөөс биеийн тамир, спортыг дэмжих бодлого эрчимжиж, МҮОХ ч ТОП төрлүүдийг амжилтай хөгжүүлэх арга хэмжээ авч ажиллаж ирсэн. 1992 он хүртэл Олон улсын олимпийн хорооны гишүүн л бол хүссэн орон болгон уг наадамд тамирчнаа илгээдэг байснаа Олимпийн наадмын цар хүрээ өргөжихийн хэрээр хэн дуртай нь биш шилдэг тамирчид өөр хоорондоо өрсөлдөх талбар болж, Олимпийн наадамд оролцох эрхийн оноо цуглуулдаг болсон.
Манай тамирчдын ур чадвар дэлхийн хэмжээнд хүрч Олимпийн эрх авч чадаж байна.
Олимпийн наадмын бэлтгэл болгож, жил бүр олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд оролцож байна. Сүүлийн үед жүдо, чөлөөт бөх, бууплагын тамирчид дэлхийн бусад орны тамирчдыг “айлгаж” байна.
Дэлхийн аварга, Олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдад олгож буй мөнгөн урамшуулал, цалин маш зөв зүйтэй байж, амжилтад гаргах том түлхэц болж байна. Цаашид олон талын санал санаачилга, үр дүнтэй ажлууд хийх шаардлагатай.
Учир дутагдалтай зүйлс анзаарагдаж байна уу?
Миний харж, ажиглаж байгаагаар материаллаг бааз дутмаг юм шиг санагддаг. Миний бие Саха Якутскийн “Азийн хүүхдүүд” спортын наадамд 3 удаа оролцож байхад ажиглагдсан нэг зүйл гэвэл наадмыг зохион байгуулсны дараа тухайн улсад үлдэж буй спортын барилга, байгууламж, дэд бүтэц, тэмцээн дуусахад бүтээн байгуулалтууд нь үлдэж, тэр хэрээр спорт сонирхох залуусын тоо нэмэгдэж, тамирчид материаллаг баазтай болдог.
Бидэнд материаллаг бааз дутагдалтай байна. Том цэнгэлдэх хүрээлэн, спортын цогцолбор...
Тэмцээн хэд хоног бужигнаад дуусна. Дэлхийн улс орны тамирчид нэг дор цугларсан гэдэг утгаараа олон улсын анхаарлын төвд тухайн улс өртнө. 2013 онд Зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө манай хот өрсөлдсөн. Сүүлийн шалгаруулалтад манайх, Тэньжин хоттой өрсөлдөж, нэг оноогоор дутсан. Энэ нь бидэнд Зүүн Азийн спортын наадмыг нийслэл хотдоо зохион байгуулах боломж байгааг харуулж байна.
2019 онд Зүүн Азийн залуучуудын спортын наадмыг зохион байгуулахын эрхийн төлөө манай улс нэрээ дэвшүүлсэн байна. 2040 онд Олимпийн наадмыг өөрийн улсдаа зохион байгуулъя гэсэн санамж бичигт ерөнхийлөгч гарын үсэг зурсан. Монголын оюутны спортын холбоо 2033 онд Дэлхийн оюутны өвлийн наадмыг авъя гээд Хандгайтыг судалж байна. Энэ бол том зорилт.
Энэ бүхэн бодит байдалд хэр ойр зорилтууд бол?
Олимпийн нааадмыг судалж, ажигладаг хүний хувьд Олон улсын олимпийн хороо 1896 онд байгуулагдаж, 100 гаруй жил энэ наадам зохиогдож байна. Европ, Америк тивүүдэд ихэнх наадмууд зохиогдож, Австрали тивд хоёр удаа, Азид гурван удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бол Африк тивд болоогүй байна. Тэгэхээр Ази тивд зохион байгуулагдаж буй циклийг ажиглахад 2040 онд манайх арай л авч чадахгүй болов уу гэж хардаг.
Гэхдээ улс орны хөгжил хэрхэн хурдацтай хөгжихийг тааварлаж мэдэхгүй юм. Зөв бодлогоор залуурдан чиглүүлж, хөгжүүлж чадвал 2040 онд Олимпийн наадам Монгол Улсад болохгүй ч юу байхав дээ. Олимпийн наадам зохион байгуулъя гэвэл манайх шиг өргөн уудам газар нутагтай улсбодох л зүйл.
2033 онд оюутны өвлийн спортын наадмыг зохион байгуулж чадах байх гэж харж байна. Буянт-Ухаа спорт цогцолбор шиг дахиад 1-2 ордон байгууллаа гэхэд нэг спортын төрлөөр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн улсдаа зохион байгуулаад байх бүрэн боломжтой.
Одоо бол хэдэн мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, тэмцээн уралдаан зохион байгуулах томоохон хэмжээний 10 гаруй заалтай байхад олон улсын чанартай тэмцээнүүдийг зохион байгуулаад байж болно.
Монголын Үндэсний Олимпийн Хорооноос түүнийг шагналд тодорхойлжээ.
2016 он бол Олимпийн жил. Та энэ жилээс юу хүлээж байна? Ялангуяа таны мэргэшсэн спортын гимнастикийн чиглэлээр Олимпийн эрх авах, цаашлаад Олимпийн медаль хүртэх боломж байна уу?
Дэлхийн бүх соёлт хүн төрөлхтөн ирэх наймдугаар сарыг хүлээж байна. Манай тамирчид Олимпийн эрх авсаар байна. Олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээн дуусаагүй байна. Зургадугаар сар хүртэл үргэлжилнэ. Энэ хүртэл 30-аад тамирчин Олимпийн эрх авах байх гэж таамаглаж байна.
Дэлхийн шилдгийн шилдэг тамирчид хоорондоо өрсөлдөх ширүүн өрсөлдөөнөөс манай улсын тамирчид тийм, тийм медаль авна гэж хэлэхэд хэцүү. Медаль авахын хувьд авна. Медаль авах төрлүүд гэвэл жүдо, чөлөөт бөх, буудлага, байт харваа бокс ... гээд л байна.
Олон улсын олимпийн хорооноос 2010 онд Хүүхдийн спортын олимпийн анхны наадмыг Сингапур улсад зохион байгуулсан. Спортын гимнастикийн төрөлд Г.Эрдэнэболд гэж хүү харайлтын төрлөөр алтан медаль хүртэж байсан. Спортын гимнастик маш нарийн, хүнд төрөл. Спортын энэ хүнд төрлөөр Олимпийн наадмын эрх авлаа гэвэл тэр маш том амжилт гэж хэлж болно.
Спортын гимнастик Монголд хөгжихөд юу нөлөөлөөд байна?
Спортын хэрэглэл маш дутмаг байдаг. ЕБС-иудад спортын гимнастикийн хэрэглэл, тоног төхөөрөмж зэрэг тийм материаллаг бааз байхгүй учраас сонирхон хичээлэх хүүхэд бараг байхгүй байна.
Та өөрөө спортын гимнастикийг хөгжүүлэхийн төлөө хэр хөөцөлдөж байв?
Би маш эрт энэ спортоос хөндийрсөн. Одоо бол спортын гимнастикт Уранчиэг гэж хүн байсан байна лээ гэж л ярих л үлдэж дээ. Харин би буудлагын спортод тодорхой хувь нэмэр оруулсан гэж үздэг. О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нарын бууддаг төрлөөр хичээллэдэг байлаа. Тэр төрлийн Монголын ууган мастер цолтой тамирчин.
Буудлагын спортоор хичээллэж байх үедээ энэ чиглэлийн дасгалжуулагчдыг дээд мэргэжилтэй болгох талаар санаачилга гаргаж, ажил хэрэг болгосон. Үе үеийн буудлагын мэргэжлийн дасгалжуулагч нарыг бэлтгэх үүднээс БТДС-даа буудлагын мэргэжлийн анги нээж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байна.
"Биеийн тамир, спортын шинэчлэл" улсын зөвлөгөөний үеэр, Хүүхдийн биеийн тамирын дээд сургуулийн захирал, доктор Ч.Зоригтбаатарын хамт
Тамирчин байж байгаад тодорхой хугацааны дараа дасгалжуулагч болдог хандлага ажиглагдаад байна? Тэд заавал багшийн мэргэжил эзэмших шаардлагатай гэж үү?
2008 онд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдэд, шигшээ багийн гэх зэргээр дасгалжуулагчдад зэрэглэл тогтооё гэсэн саналыг би Биеийн тамирын улсын хороонд гаргасан. Тухайн үед дэмжмээр, зөв зүйтэй санаа, санаачилга байна гэж байсан боловч цааш хэрэгжүүлээгүй.
Хүүхдийн биеийн тамирын сургууль 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн онд Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэлийн үеэр спорт, биеийн тамирын эрдэм шинжилгээний төвд намайг ажиллахын урьж, би тэнд ажиллаж байхдаа Хүүхдийн биеийн тамирын сургууль байгуулъя гэсэн саналыг дэмжиж, Спортын төв ордны дэргэд Ч.Зоригтбаатар захиралтай “Хүүхдийн биеийн тамирын сургууль” байгуулагдсан.
Одоо найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Эхэн үедээ зургадугаар ангиас нь элсэлт авч байснаа одоо бага ангиас авч эхэлж байна. Ийм жишиг сургууль Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймагт салбараа нээгээд байна. Энэ нь шилдэг сайн тамирчид, дасгалжуулагчдыг бэлдэх суурь болж байна.
Энэ жил манай МУБИС-ийн Урлаг, биеийн тамирын сургууль дасгалжуулагчаар ажиллаж буй хүмүүст дээд боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Яваандаа мэргэжлийн сургуулийг төгссөн хүн дасгалжуулагчаар ажиллана гэсэн зарчим руу шилжих ёстой л доо.
Олон улсын Олимпийн хорооны эв санааны нэгдлийн сангийн журмаар жил бүр манай спортын холбоодууд экспертүүд авчирч, дасгалжуулагч, шүүгчдийн семинар, сургалтыг зохион байгуулдаг. Сүүлийн үед дасгалжуулагчдыг хэдэн сараар олон улсын дасгалжуулагчдын семинарт явуулдаг болсон.
Дасгалжуулагч багш нарт тамирчдын сэтгэл зүй гэх зэргээр нарийн мэргэжлийн хичээлүүд ордог уу?
Багш, дасгалжуулагчаар суралцаж буй хүмүүст зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадварыг суулгах үүднээс олон төрлийн нарийн мэргэжлийн хичээлүүд ордог. Үүнд ерөнхий сэтгэл зүй, спортын сэтгэл зүй, биомеханик, биохими гэсэн хичээл ч ордог.