Ч.Ундрам: Судлагдаагүй ургамлыг судлан боловсруулж, эмийн бүтээгдэхүүн болгох бүрэн боломжтой
2025.06.28

Ч.Ундрам: Судлагдаагүй ургамлыг судлан боловсруулж, эмийн бүтээгдэхүүн болгох бүрэн боломжтой

УИХ-ын БСШУС-ын байнгын хороо 5-р сарын 28-ны өдөр Нийгмийн хариуцлага ба хөрөнгө оруулалт сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ч.Ундрам дараах мэдээллийг өгч, байр сууриа илэрхийллээ.

Шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа ч манай улсын эрдэмтэн, судлаачдын чадавх маш сайн. 

МУИС-ийн хамгийн сүүлийн жишээн дээр ярихад эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах үйлдвэр байгуулсан байна.

Манай орны хувьд эмийн ургамлын нөөц баялаг арвин бөгөөд ардын анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн олон ургамал одоогоор бүрэн судлагдаагүй. Эдгээр ургамлыг судлан боловсруулж, эмийн бүтээгдэхүүн болгох бүрэн боломжтой. Ийм чиглэлд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. 

ШУА болон их дээд сургуулиуд өөрсдөө гадаад, дотоодын тэтгэлэг, хөтөлбөрөөр хүний нөөцөө бэлтгэхийн зэрэгцээ өөрсдийн боломжоор судалгаа, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа ч компани, хувийн хэвшлүүд өөрсдийн хэрэгцээнд тулгуурласан судалгааг их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудаар хийлгэж, түүнийгээ татварын хөнгөлөлтөд хамруулах бодлогыг ашиглах нь зүйтэй.