МАНАЙ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ТӨСВИЙН ДНБ-Д ЭЗЛЭХ ХУВЬ ДЭЛХИЙН ДУНДЖААС 20 ДАХИН БАГА
Шинжлэх ухаан, технологийн салбарыг төлөөлж миний бие МАН- ын жагсаалтаар УИХ-д сонгогдсон. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд шинжлэх ухаан, технологийн салбар дээрээ суурилж бодлого боловсруулдаг. Хамгийн ойрын жишээ нь БНХАУ бөгөөд хэдхэн жилийн өмнө 600 сая ядуу иргэнтэй байсан ч өдгөө хөгжлийн хурдаараа дэлхийд тэргүүлж байна.
Энэ оны 6 дугаар сард Шинжлэх ухаан технологийн хуулийг шинэчлэн баталсан бөгөөд харьцангуй сайн хууль болсон. Хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд зарим нэг журам гаргах шаардлагатай учир холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон. Манай улсын шинжлэх ухааны гол цөм болох Шинжлэх ухааны академи (ШУА)- ийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1997 онд баталснаас хойш бусад хуулийг дагалдуулан цөөнгүй нэмэлт өөрчлөлт оруулсан. Өдгөө уг хуулийг орчин үетэйгээ уялдуулан шинэчлэх цаг ирсэн.
Мөн шинжлэх ухааны салбартай шууд холбоотой хоёр чухал хууль бий бөгөөд яаралтай шинэчлэх шаардлага үүссэн. Нэгдүгээрт, Инновацын тухай хууль 2008 онд батлагдсан ч бусад хуулийн нэмэлт өөрчлөлтөөс үүдэн хуулийн төслөөс инновацын болон эрсдэлийн сан байгуулах бүлэг заалт нь хасагдсан. Хоёрдугаарт, Технологи дамжуулах тухай хуулийг 10 гаруй жилийн өмнө баталсан ч амин сүнс болох гаднаас орж ирж байгаа технологийг үнэлэх заалтыг орхигдуулсан. Тухайн технологийг үнэлсний дараа Монгол Улсад нутагшуулах эсэхийг шийдэх ёстой гэж миний бие ойлгож байна.
Манай улсын шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ дэлхийн дунджаас 20 дахин бага. Гэтэл НҮБ-аас хөгжиж буй орнууд ДНБ-ийхээ нэг хувиас дээш санхүүжүүлэлтийг шинжлэх ухаан, судалгаа хөгжүүлэлтийнхээ салбарт зарцуулж байж үр дүн нь эдийн засгийн хөгжилд бодит нөлөө үзүүлнэ гэж зөвлөдөг. Тиймээс 2028 он гэхэд салбарын санхүүжилтийг ДНБ-ий нэг хувьд хүргэхийг мөрийн хөтөлбөрт тусгасан. ШУА-ийн хүрээлэнгүүд сүүлийн зургаан жил идэвх санаачилгатай ажиллаж, төсвийн санхүүжилтийнхээ 30 орчим хувьтай тэнцэх хэмжээний үйл ажиллагааны орлого олдог болсон. Үүнийг 40 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа.
Нөгөөтээгүүр технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон хувийн хэвшлийн "МАК", "Эрдэнэс тавантолгой" зэрэг компанитай судалгаа, шинжилгээний түвшинд хамтран ажиллаад эхэлсэн. Гэхдээ манай хувийн хэвшлийнхэнд технологийн мэдрэмж суугаагүй. Тодруулбал, эрдэм шинжилгээний байгууллагууд нь ямар нэг бүтээгдэхүүн боловсруулах технологи гаргадаг ч түүнийг туршаад, зах зээлд нэвтрүүлэх сонирхол, үйлдвэрлэлийн бааз нь алга.
Хууль дагаж гаргасан журмын тоо хуулиасаа 3.5 дахин их, зарим байгууллагын удирдлага хуулиас давсан, хүний эрхийн зөрчилтэй журам гаргаж байгаа жишээ цөөнгүй гэж хүний эрхийн байгууллагууд үздэг. Эдгээр алдаа завхралыг засах нь ихээхэн ач холбогдолтой.
Ташрамд дурдахад, 2025 оны төсвийн гол зорилго нь бүсчилсэн хөгжлийг дэмжих агуулгатай. Тухайлбал, улсын хэмжээнд зургаан бүсэд хувааж, 14 мега төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. 2050 он гэхэд 120 их наяд төгрөгийн өртөгтэй 149 мега төсөл хэрэгжүүлэх зорилготой бөгөөд нийт санхүүжилтийн 13 орчим хувийг улсын төсвөөс гаргах боломжтой гэж үзэж буй.
Үлдсэнийг нь төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламжаар гүйцэтгэнэ. Тэгэхээр гишүүд сум, багийн асуудлаа биш, улсын хөгжлөө том зургаар нь харна гэсэн үг.
Улмаар ард түмний толгойд гишүүд бол төсвийн төвлөрүүлэн захирагчид гэх буруу хандлага тогтоод удаж буй. Төсөв хэлэлцэх үед зарим аймгийн дэд бүтэц, эрчим хүч, автозамтай холбоотой жижиг төслүүд санхүүжүүлэх бодит хэрэгцээ байна гэсэн саналууд ирсэн бөгөөд үүнд 600 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарч байв. Дээрх асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, бүсчилсэн хөгжлийн төсвийг жижиглэж болохгүй гэх шийдэлд хүрсэн. Жил бүр ийм зарчмаар ажиллаж чадвал гишүүний мөнгө гэх ойлголтыг иргэдийнхээ толгойноос арилгах боломжтой.
УИХ-ын гишүүн нь ард түмний элч төлөөлөгч болохоос ямар нэгэн дарга биш. Тийм учраас гишүүн хүн хувийн эрх ашгийг хойш тавьж, эх орон ард түмний эрх ашгийг чухалчилж үзэх ёстой гэсэн зарчмын дагуу ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний чуулганы хуралдаанд ярьж байгаа зүйлс бодит амьдрал дээр ч, ард түмний өмнө ч ижил байх нь ёс зүйд нийцнэ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан