2024.12.10

Д.Рэгдэл: Шинжлэх ухааны салбарын төсвийг ДНБ-ий 1 хувьд хүргэх амлалтаасаа Засгийн газар ухарч байна

Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. 

Засгийн газраас дахин өргөн барьсан төсвийн төслөөс улсын хэмжээнд урсгал зардал 700 орчим тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардал 800 орчим тэрбум төгрөгөөр хасагдсан. Зарчмын хүрээнд энэхүү төсвийн таналтыг дэмжиж байгаа. 

Харамсалтай нь хамтарсан Засгийн газар нийгэм, ард түмний өмнө хүлээсэн амлалт үүрэгтэй холбоотой олон зардлаа хамгаалж чадаагүйд сэтгэл дундуур байна. 

Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нийт зардал үйл ажиллагаанаасаа хамаараад 1.1-1.6 хувь хүртэл танагдсан байгаа.

Шинжлэх ухааны салбарын зардлыг танаад эсвэл нэмээд ДНБ-ий 1 хувьд хүргэж байж, эргээд эдийн засагтаа бодитой хувь нэмэр оруулдаг гэсэн судалгааг 2001 оноос хойш НҮБ-аас гаргасан. Улмаар энэхүү зөвлөгөөг хөгжиж буй гишүүн орнууддаа өгдөг. 

Манай улс Шинжлэх ухааны салбарын төсвийг ДНБ-ий 1 хувьд хүргэнэ гэсэн зорилтыг 2024-2028 оны мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэтэл Сангийн сайдын өгсөн мэдээллээр төсвийг нэмэгдүүлэх эрсдэлт хүчин зүйлийн тоонд шинжлэх ухааны салбарыг оруулаад байгаа юм. Энэ бол маш буруу. 
  • МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
  • МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн
  • СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэнгийн зардлыг төсөвт тусгаагүй байна.

Тэгэхээр төсөвт эдгээр хүрээлэнгийн зардал нь тусгагдаагүй бол ямар зохицуулалтаар үйл ажиллагаа явуулах вэ" хэмээн асуув.