МТИ Монгол улстай хамтарсан хөтөлбөр эхлүүлэв
МТИ Монгол улстай хамтарсан хөтөлбөр эхлүүлэв
2015.11.30

МТИ Монгол улстай хамтарсан хөтөлбөр эхлүүлэв

Массчусетсийн технологийн институт (МТИ) Монгол Улстай хамтран багшийн хөгжлийг дэмжих, хот төлөвлөлт, энтерпренершипийг хөгжүүлэх зорилготой шинэ хөтөлбөр эхлүүлж байгаагаа зарлав.

МТИ-ийн ерөнхийлөгч Рафаэл Рейф, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар өнгөрсөн Лхагва гаригийн өглөө МТИ-д уулзаж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ойрын жилүүдэд багш судлаач төдийгүй оюутан залуучуудад зориулсан олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

МТИ-ийн ерөнхийлөгч Рафаэл Рейф энэхүү хөтөлбөрийг бүх талаар дэмжиж байгаад нь Л.Гантөмөр сайдад талархлаа илэрхийлээд "эрдэмтэн судлаачдын сонирхол санаачилгад тулгуурлан цаашид өргөн хүрээтэй хамтын ажиллагааны төслүүд болон тэлэх ирээдүйтэй цөөнгүй ажлыг Монголтой хамтран хэрэгжүүлэх болсондоо маш баяртай байна" гэж тэмдэглэв.

Энэ ёслолд оролцсон МТИ-ийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дэд провост Ричард Лестер "энэ шинэ загвар хөтөлбөрийг эхлүүлж чадсандаа их баяртай байна" гэж хэлсэн юм. Түүний хариуцсан алба энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх болжээ. Тэрбээр "энэ хөтөлбөрийг бид монголын талын хамтрагч нартайгаа олон удаа нухацтай хэлэлцэж боловсруулсан, үүнийг хэрэгжүүлсэнээр Монгол улсад бодитой үр нөлөө үзүүлэхийн гадна МТИ-ийн багш, оюутнуудын сургалт, судалгаанд сонирхолтой боломж нээнэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.    

"Монголчууд бид агуу их түүхтэй, үүнийгээ авч явахын тулд агуу их мөрөөдэлтэй байх ёстой гэж үздэг. Энэ агуу мөрөөдөл маань шинжлэх ухаан, технологийг эдийн засгийн хөгжлийн суурь болгосноор бодит биелэлээ олно" гэж Л.Гантөмөр сайд хэлсэн юм. Тэрээр "МТИ-тэй хамтран ажиллах болсон нь бид мөрөөдлийхөө зорилгод хүрэх инновацийн экосистем бүрдүүлэх чухал эхлэлийг тавьж буй түүхэн үйл явдал" гэж онцлов.    

/МҮОНТВ/

Энэ хамтын ажиллагааны хөтөлбөр нь ирэх оноос багш, мэргэжилтнүүд, оюутан залуучуудыг хамарсан үйл ажиллагаагаар эхлэх юм. Монголын талаас энэхүү хамтын ажиллагааг зохицуулагчаар МТИ-ийн анхны монгол оюутан, МТИ-ийн 2009 оны төгсгөгч З.Энхмөнх ажиллана. Энхмөнх "МТИ-ийг төгсгөгчийн хувьд энэхүү МТИ-Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож буй маань нэр төрийн хэрэг" гэж мэдэгдэв.     

МТИ-ийн багш нарыг энэхүү хөтөлбөрт оролцуулахад хариуцан ажиллах хүн бол Механик инженер, менежментийн профессор Стефен Грэвс юм. Тэрээр "бидний хамтын ажиллагаа хоёр талын сонирхолд нийцсэн, энтерпренеризмтэй голчлон холбогдох ажлаас эхэлнэ. Мөн Монголын өнөөгийн хэрэгцээнд шууд холбогдох хотжилтийн асуудлыг судлан хөгжлийн зөвлөмж шийдэл боловсруулах, заах арга технологийн шинэчлэлийн туршлага хуваалцах ажлыг хамаарна" гэв.

"эхний шатны ажлууд маань бие биенээ танин, холбоо хэлхээ тогтоож цаашид урт хугацаанд хамтран үндсийг тавих болно" гэсэн юм.   Хөтөлбөрийн шугамаар МТИ-ийн Сурах болон багшлах асуудлын лабораторийн багш нар монголын их дээд сургуулийн багш нарт зориулсан семинар зохион байгуулна. Мөн монголын багш нар МТИ-д нэг улирлын хугацаагаар ирж мэргэшлээ дээшлүүлнэ. Монголын хот төлөвлөлтийн 10 мэргэжилтэнийг МТИ-д урьж "Монголын хотжилтын семинар" зохион байгуулж энэ талаар цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлно.      

МТИ-ийн Бүс нутгийн энтерпренер санаачилгыг хурдасгах хөтөлбөр (REAP - Regional Entrepreneurship Acceleration Program)-ийн хүрээнд МТИ-ийн багш, оюутнууд Монголд хоёр сарын хугацаагаар очиж, монголын энтерпренерийн орчин нөхцлийг зураглаж, түүнийг сайжруулах практик зөвлөмж боловсруулна. Үүний зэрэгцээ МТИ-ийн Глобал гарааны лаборатори (Global Startup Labs)-ийн оюутны баг Монгол улсад 6-8 долоо хоног ажиллаж мобайл аппликэйшн хөгжүүлэх хичээл зааж, монголын энтерпренэр оюутнуудад шинэ инновацийн технологийг бойжуулахад нь тусална.    

МТИ-ийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Бернд Виддиг 2014 онд МТИ-ийн үнэлгээний багийн бүрэлдэхүүнд орж Монголд ажилласан юм. Тэрээр "Монгол бол үнэхээр сэтгэл татам орон. Боловсрол, технологийн инновацийг эрхэмлэн дээдэлж өнөөдөр тохиолдож байгаа сорилтуудыг даван туулах хэрэгсэл болгох эрмэлзэл дүүрэн энэ залуу, эрч хүчтэй ардчилсан нийгэмтэй манай оюутнуудыг холбож, хамтарсан судалгаа хийх гайхалтай боломж байна" гэж хэлсэн юм.