С.Эрдэнэчимэг: "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Хүүхэд бүрийг хөгжүүлэх боловсролын шинэчлэлийн бодлого Хан-Уул дүүрэгт хэрхэн хэрэгжиж буй талаар тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Хан-Уул дүүрэгт боловсролын шинэчлэлийн хүрээнд олон хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлээд байна.
- Хан-Уул дүүргийн сургуулиудад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх шинэчлэлийн бодлогын хүрээнд ямар ямар ажлуудыг хийв?
Манай дүүргийн хувьд хүүхэд бүрийг хөгжүүлэх үйлсэд нэг тэрбум төгрөг төсөвлөж, “Хүүхдэд ээлтэй Хан-уул дүүрэг” хөтөлбөрийг боловсруулаад ажлын хэсэг томилсон. Уг хөтөлбөрийг дотор нь “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал” гэсэн хоёр хэсэгт хуваасан.
Миний хувьд “Хүүхэд хөгжил” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Энэ хөтөлбөр 2014-2017 онд хэрэгжих бөгөөд гурван жилийн боловсролын бодлого гэж хэлж болно. Хөтөлбөрийн хүрээнд зургаан гол зорилтыг дэвшүүлсэн.
Эхний зорилт бол багшийг чадваржуулах. Бид сургуулийн өмнөх болон дунд боловсролын 1000 багшийн чуулганыг тус тусад нь зохион явуулсан. Чуулганы шийдвэрийн дагуу багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэх, чадваржуулахын тулд “Багш нарын мэргэжлийн зөвлөл” гэдгийг байгуулсан. Мэргэжлийн зөвлөл долоон чиглэлтэй. Зөвлөлийн ач холбогдлыг тайлбарлахын тулд Монгол хэлний багш нарын зөвлөлийг аваад үзье. Энэ зөвлөлд дүүргийн бүх монгол хэлний багш нар багтана. Зөвлөл хуралдаад багш нарт зориулсан ямар арга хэмжээ авах, хүүхдүүдээ хөгжүүлэхийн тулд юу хийх вэ гэдгээ өөрдсөө шийддэг. Ингэснээр дээрээс ирэх шийдвэрийг хүлээлгүй өөрсдөө асуудлаа шийдэх боломж бүрдэж байна. Нийслэлээс бидэнд 45 сургагч багшийг өгсөн. Багш нарын зөвлөлүүд маань 2017 он гэхэд Хан-Уул дүүргийн боловсролын дэргэдэх Багшийн институт болж багшийн чадавхийг хариуцдаг байгууллага болно.
Хоёрдугаар зорилт нь боловсролд оролцогч талуудын оролцоог хангах. Энэ чиглэлээр “Цүнхтэй шуудан” нэртэй яамны хөтөлбөр таван сургууль дээр хэрэгжлээ. Уг хөтөлбөрийн гол зорилт нь сургалтын процесст эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэн учраас энэ зарчмаараа бусад сургуулиуд дээр хэрэгжүүлнэ. Цүнхтэй шуудан гэдэг нь хүүхдийг хэлээд байгаа юм. Хүүхдийн цүнхэн дэх хавтсанд эцэг, эхэд хэрэгтэй гэсэн бүх мэдээллийг хийж өгдөг. Мөн багш, эцэг эхийн хооронд хөдөлгөөнт хувийн хэргийг бий болгосон. Энэ ажил маань багш нарт ачаалал нэмээд байсан учраас дүүргийн хөдөлмөр хэлтэстэй хамтраад 15 ахмад багшийг Цүнхтэй шуудан хөтөлбөрт ажиллуулсан. Хөдөлмөрийн хэлтсээс тэдэнд тодорхой урамшуулал олгох болсон.
- Нэгэн сургуульд ажиллаж буй захирал тэргүүтэй ажилтнуудын хамтын зүтгэлийг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд яаж чиглүүлэх вэ?
Ер нь сургуулийн менежментийг үнэлэх бодит хэмжүүр тодорхой бус байдаг. Тиймдээ ч бид дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт сургуулийн удирдлага яаж ажиллах ёстой юм гэдгийг тодорхойлое гэж бодож байна. Өмнө нь нэг үүрэг даалгавар дээрээс өгчихдөг, мэдээлэл нь тодорхой бус байсан. Тиймээс бид сургуулийн талаархи мэдээлэл солилцох программыг зохиосон. Ингэснээр хэн юу хэлсэн, ямар үүрэг даалгавар өгсөн, авсан талаар мэдээлэл ил тод болж байна. Хөтөлбөр хэрэгжээд дуусахад боловсролын байгууллагын менежмент ямар байвал дээр, яаж үнэлвэл зохистой гэдэг нь тодорхой болно гэж бодож байна.
Боловсролын байгууллагын менежментийг сайжруулах зорилтынхоо дагуу бид “Багшийн амжилт бидний ажлаас” нэртэй олон төрлийн сургалтыг зохион байгуулсан. Захирлуудад, менежерүүдэд, нийгмийн ажилтнуудад, цэцэрлэгийн эрхлэгчид, арга зүйчдэд гэх мэт тус тусад нь сургалт явуулсан. Сургалтад оролцсон байдлаас нь шалтгаалаад нэг сургуулийг түшиц сургууль болгосон. Энэ нь 114 дүгээр сургууль. Сургалтад нийтдээ 100 гаран сая төгрөгний хөрөнгө зарцуулсан.
- Багш, эцэг эхийн талаар ярьчихлаа. Одоо хүүхдийн хөгжлийн талаар ярих уу?
Юун түрүүнд бид хүүхдийн сурах орчныг сайжруулахыг зорьж байна. Сургалтын таатай орчинд хүүхдийн авьяас чадвар илүүтэй нээгддэг. Тиймээс бид 8-10 сургууль дээр “Робот клуб” гэдгийг 200 орчим сая төгрөгөөр байгуулахаар боллоо. Гол зорилго нь инженер, техникийн чиглэлээр мэргэших хүүхдүүдийн авьяасаа хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх. Тэгээд ч манай дүүргийн сургуулиудад байгалийн ухааны чиглэлийн дугуйлан ховор байдаг. Түүнээс гадна гурван сургуулийг байгаль, техникийн ухааны бааз сургууль болгож гурван лабораторийг 100 гаруй сая төгрөгөөр барихаар боллоо. Энэ маань хими, физик, технологийн (хөдөлмөрийн кабинет) лаборатори юм.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд утаа униар, өвчлөл ихтэй энэ нөхцөлд хүчилтөрөгчийн коктейлийн аппаратаар 23 цэцэрлэгийг хангасан. Энэ төхөөрөмж нь нарсан ойд 3-4 цаг явахтай тэнцэх хүчилтөрөгчийг өгдөг. Түүнчлэн багш хүүхэдтэйгээ зүй бус харьцсан тухай маргаан их гардаг. Үүнээс сэргийлэхийн тулд цэцэрлэгүүдийг камержуулах асуудлыг шийдсэн. Ингэснээр эцэг эхчүүд гар утсаараа камерын бичлэгийг үзэж болно.
Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэх үүднээс зуны улиралд хороо болгон дээр огт цэцэрлэгт хамрагдаж байгаагүй 25 хүүхдийг зуны цэцэрлэгт хамруулсан. Нийт 300 гаруй хүүхэд хамрагдсан. Эцэг эхчүүд сэтгэл хангалуун үлдсэн.