Мэндчилгээ
Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүд ээ
Монголын үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монголын багш нарын баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Боловсролын системийг хөгжүүлэн урагшуулах гол эх үндэс нь багш юм.
Иймээс багшийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас санаачлан жил бүр нэг тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт тусган батлуулж, багшийн ажлын үр дүнг индексээр үнэлж дүгнэх урамшууллын тогтолцоог нэвтрүүлээд байна.
Тус тогтолцоо нь багшийн ажлыг бодитоор үнэлж, ажлын амжилтыг урамшуулж, цаашид ажиллах эрч хүч урам зоригийг өгч байгаа хөшүүрэг, дэмжлэг туслалцаа болж байна.
Нийслэлийн удирдлагын зүгээс сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч энэ ондоо багтаан 23 цэцэрлэг, 2 бага сургууль-цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Ингэснээр сургуулийн суудлын тоо 400, цэцэрлэгийн орны тоо 2610 тус тус нэмэгдэх ба үүнийг дагаад багш та бүхний ажлын ачаалал багасч хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөл сайжирна.
Шинэчлэлийн Засгийн газраас “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудыг боловсрол, мэдлэгтэй, оюунлаг, ёс суртахуунлаг, эх орныхоо жинхэнэ эзэд нь байх ухамсрыг олгох, тэднийг дэмжин хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг та бид бүхэн хамтарч амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Багш Таны соён гэгээрүүлэхүйн их үйлсэд тань амжилт хүсэж, Таны амьдрал эрүүл энх байж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Эрхэм баян-Эрдэм ном дэлгэртүгэй.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга