Ц.Отгонбагана: Дунд, ахлах ангиудад дүрэмт хувцасны хангалт тааруу байгаа
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.ОТГОНБАГАНАТАЙ ярилцлаа.
-Нийслэлийн боловсролын газраас 2014-2015 оны хичээлийн жилд хийгдэхээр төлөвлөгдөж буй ямар ажлууд байна вэ?
-Энэ оны хичээлийн жил удахгүй өндөрлөх гэж байна. Шинэчлэлийн засгийн газар, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газраас дэвшүүлж байгаа боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийг
хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж өндөрлөлөө. Энэ онд боловсролын газрын тавьсан зорилго бол хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх, түүнчлэн бага дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг лаборатори сургуулиуддаа амжилттай турших, 2014-2015 оны хичээлийн жилээс нийт 1-5 дугаар ангиудад бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Мөн боловсролын газраас дэвшүүлж буй бас нэг чухал зорилго бол ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагын чадварыг дээшлүүлэх үүднээс хэд хэдэн ажлуудыг хийгээд байна. Үүний хүрээнд сургууль цэцэрлэгийн багш удирдлагуудтай тогтмол сургалтыг зохион байгуулж хэвшиж байна.
Сургууль, цэцэрлэгийн багш удирдлагуудтай тогтмол сургалтыг зохион байгуулж хэвшиж байна.
Туршлага солилцох ажлыг нийслэлийн болон хөдөө орон нутаг дахь ерөнхий боловсролын сургуулиудын дунд гурван үе шаттай амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн сард нийслэлийн 14 хувийн болон төрийн өмчийн, лаборатори сургуулиудын удирдлагуудыг туршлага солилцох үүднээс 14 хоногийн хугацаатай сольж ажиллууллаа. Тун удахгүй бид энэхүү туршлага солилцсон ажлын үр дүнгээ хэлэлцэх гэж байна. Бусад удирдлагын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, тав болон түүнээс дээш ажиллаж буй сургалтын менежерүүд болон цэцэрлэгийн аргазүйч нарыг хооронд нь сэлгэн ажиллуулахаар төлөвлөж байна. Боловсролын газар жишээлбэл 14000 орчим багшид, 30 орчим хүн, түүний дунд сургалт арга зүй гэхэд 13 мэргэжлийн мэргэжилтэн байдаг.
Нэг багшид бараг 1000 багш ноогдож байгаа өнөө үед багш болгонд хүрч сургалтыг явуулах хөгжүүлэх ажил бол бага зэрэг хүндрэлтэй байдаг. Тиймээс бид 300 гаруй сургагч багшийг нийслэлийн боловсролын газрын дэргэдэх сургагч багшаар сонгон, эдгээр сургагч багш нараар дамжуулан сургууль бүрт, багш бүрт хүрч ажиллах зорилтыг тавиад ажиллаж байна. Энэ хүрээнд тун удахгүй сургагч багш нараа сонгож албан ёсны гэрчилгээ үнэмлэх олгож, хамтран ажиллах гэрээ байгуулахаар ажиллаж байна. Мөн энд хийсэн томоохон ажлуудын нэг нь УИХ-ын 2003 оны тогтоол, төрийн албаны зөвлөлийн 60-р тогтоолын дагуу сургууль цэцэрлэгийн удирдлагуудын сонгон шалгаруулалтын журмаар томилдог байх гэсэн журамд бүрэн шилжсэн. Энэ хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд дөрвөн удаагийн сонгон шалгаруулалтыг явуулаад байна. Одоогийн байдлаар 73 ажлын байранд сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан захирал эрхлэгчдийг томилох ажлыг зохион байгуулж дуусч байна.
-Сүүлийн үед нийслэл хотод сургууль цэцэрлэг хүрэлцээ муутайгаас хүүхэд багачууд насандаа суралцаж чадахгүй жил өнжих тохиолдол түгээмэл гарах боллоо. Эдгээр асуудлын хүрээнд нийслэлийн хэмжээнд ямар ажлуудыг өрнүүлж байна вэ?
-Энэхүү асуудлын хүрээнд бид хэд хэдэн ажлуудыг зохион байгуулсан. МҮХАҮТ- тай хамтарч дэргэдээ цэцэрлэг байгуулах гэж буй аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж ажиллах, тухайн аж ахуйн нэгжийн ажлын байранд нь нийслэлийн боловсролын газраас төлөөлөгчид очиж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр санамж бичиг байгуулан ажиллаж байна, Хувийн хэвшлийн сургууль цэцэрлэг байгуулахаар хандсан иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын асуудалд бид маш их түргэн шуурхай ажиллаж байна. Өнгөрч буй тавдугаар сард манай ажлын хэсэг шуурхай ажиллаж 1300 ор бүхий 29 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгохоор нийслэлийн засаг даргад хүргүүлээд байна.
Ингэснээр 100 ортой 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орох бололцоотой болж байна. Энэ жил анх удаа НИТХ болон нийслэлийн удирдлагуудаас бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих ажлыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар анх удаа баригдаж эхэлж байгаа. Энэ жил нийтдээ 16 бага сургууль цэцэрлэг цогцолборыг хөрөнгө тавигдсан. Үүнээс зургаан байршилд нь тендер зарлагдаад явж байна. Бусад байршлуудад газар чөлөөлөх ажлууд үндсэндээ дуусч удахгүй тендер зарлах ажлууд хийгдэх гэж юм. Энэ жил нийслэлийн хэмжээнд нийтдээ 73 барилга баригдаж эхлэх юм. Үүний 22 барилга нь нийслэлийн төсвөөс, 34 барилга нь улсын төсвөөс хөрөнгө оруулалт нь хийгдэхээр болсон. 17 цэцэрлэг дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэхээр болсон юм. Үүний 20 орчим цэцэрлэг, гурван сургуулийн өргөтгөл энэ ондоо багтаж ашиглалтад орох, урьдчилсан төлөвлөгөөтэй байна.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын журманд өөрчлөлт орсонтой холбогдуулан, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын програмд ямар өөрчлөлт хийгдэх вэ?
Энэ жил нийтдээ 16 бага сургууль цэцэрлэг цогцолборыг хөрөнгө тавигдсан. Үүнээс зургаан байршилд нь тендер зарлагдаад явж байна.
-Яамнаас үе шаттай шинэчилсэн хөтөлбөрүүд явж байгаа. Бага боловсрол буюу 1-5 ангид шинэчилсэн шинэ сурах бичигтэй болж байгаа. Энэ нь цаашлаад дунд ахлах ангийн хөтөлбөрүүд нь шинэчлэгдээд явна. Өмнө нь явж байсан сургалтын чиглэлээс цаашдаа бага боловсролд бол сурах арга барилыг олгох чиглэлийг хийх, дунд ангиудад шинжлэх ухааны мэдлэгүүдийг арай түлхүү өгсөн, ахлах ангиудад илүү мэргэжлийн чиг баримжаа олгосон сургалтуудыг хийхээр төлөвлөж байна. Ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ дагуу хичээлээ өөрөө сонгоод их дээд сургуульд элсэн орох, кредит системтэй тийм нөхцөл боломжийг нь түлхүү анхаардаг болж байна.
-Сургууль цэцэрлэгүүдэд хуваарилдаг төсөв мөнгө хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Улсын төсвийн 20 орчим хувь нь боловсролын салбарт зарцуулагддаг гэсэн тооцоо байдаг. Гэвч яг үнэндээ боловсролын салбарт хийгдэж байгаа нийт төсвийн 93-95 хувь нь багшийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, байрны дулаан халаалт зэрэг тогтмол зардлууд эзэлдэг. Харин хичээл сургалтад зориулагддаг зардал бол маш бага байдаг. Өнгөрсөн жил нийслэлийн боловсролын салбарт үүсч буй хүндрэлтэй асуудал нь боловсролын салбар маань төсвийн хувьд нэлээд өртэй гарч байна.
Өнгөрсөн оны бүртгэлээс харахад 1.3 тэрбум төгрөгийн өртэй гарсан. Харин энэ оны өнгөрсөн гүйцэтгэлээр 20-оод тэрбум төгрөгийн өртэй байхаар урьдчилсан тооцоо гарсан байна. Нийт өрийн ихэнх хувь нь багш ажилтны цалингийн нэмэгдэл байгаа юм. Энэ асуудал төсвийн тодотголоор батлагдаж ирэх байх. Үүнээс гадна төсөв маань хүрэлцэхгүй, нэлээдгүй өртэй гарах ийм урьдчилсан гүйцэтгэл гарч байгаа. Энэ асуудлаа боловсролын Яам, нийслэлийн Засаг дарга, Засгийн газар гэх мэт холбогдох газруудад хүргүүлсэн.
-Та ажлын долоо хоног бүрийн бямба гаригт иргэдийн санал бодлыг сонсож байгаа. Ард иргэдээс ихэвчлэн ямар өргөдөл гомдол ирж байна вэ?
-Ард иргэдээс ирж буй санал гомдлын дийлэнх нь цэцэрлэгийн хүртээмжийн асуудал эзэлдэг. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 100 мянга орчим хүүхдээс, 75 мянга орчим нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгт хамрагдахдаа төрийн өмчийн цэцэрлэгийн хүчин чадлыг 1.8 дахин нэмэгдүүлж байж эдгээр хүүхдүүдийг хамруулж авч байгаа юм. Тийм болохоор хүртээмжийн асуудал хамгийн хурцаар тавигдаж байдаг. Бид хэдийгээр сургуулийн насны хүүхдүүдийг 100 хувь сургуульд хамруулдаг ч гэсэн цаанаа анги дүүргэлт бол маш их байдаг юм. Нэг ангид бараг 60 сурагч сурч байна. Манай нийслэлийн хэмжээнд дэх 19 сургууль дээр гурав ээлжээр хичээллэж байна. Бүр нэг сургууль дээр дөрвөн ээлжээр хичээллэх байдалд хүрсэн. Энэ мэт хүртээмжийн асуудлаар иргэдээс гомдол санал маш их ирдэг юм.
-Сурагчдын дүрэмт хувцас иргэдийн дунд нэлээдгүй маргаантай асуудал хэвээр байна. Ирэх намраас сурагчдын дүрэмт хувцсанд өөрчлөлт орох уу?
-Сурагчийн дүрэмт хувцасны нэгдсэн загварыг Боловсролын яам,боловсролын газраас баталж гаргасан. Үйлдвэрлэх ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуй яам, болон үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүд үүнийг хариуцаж байна. Үйлдвэрлэлийн явц өнгөрсөн есөн сард эхлэх ёстой байсан боловч, үйлдвэрлэлийн явц удааширсантай холбоотойгоор дүрэмт хувцасны хангалт өнөөдөр тааруу байна. Бага сургуулиудын тухайд бол нэлээд сайн хангагдсан. Бусад дунд ахлах ангиудад дүрэмт хувцасны хангалт тааруу байгаа нь үнэн.
Бид 2014-2015 оны хичээлийн жилд нийт бүх сурагчдаа дүрэмт хувцасаар жигд хүртээмжтэй хангана гэсэн зорилттой ажиллаж байгаа. Мэдээж дүрэмт хувцасны загвар бол нэгэнт батлагдсан. Эхнээсээ үйлдвэрлэгдсэн учраас ирэх намар бүх сурагчдаа дүрэмт хувцасаар хангах бүрэн боломжтой гэж харж байна. Үнэ хөлсний хувьд өнгөрсөн жилийн борлуулагдаж байсан үнээрээ хүрнэ.