Д.Эрдэнэбат: Оюутолгой биш хүүхдийн хөгжил монголын ирээдүй
“Хүүхдийн урлахуй төв” ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэбат
2014.11.28

Д.Эрдэнэбат: Оюутолгой биш хүүхдийн хөгжил монголын ирээдүй

 “Хүүхдийн урлахуй төв” ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар мэргэжилтэй вэ ?

Би зураач зохион бүтээгч мэргэжилтэй. Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөөд Москвагийн Нэхмэлийн дээд сургуульд хувцас загварийн зураач зохион бүтээгч мэргэжлээр 1984 онд төгссөн.

Түүний дараа Хөнгөн үйлдвэрийн яаманд гурван жил ажиллаад дараагаар нь Монгол-Югославийн хамтарсан савхин эдлэлийн үйлдвэрийг байгуулж 10 гаруй жил ажиллуулсан. Тухайн үедээ манай үйлдвэр гадны 12 улсад савхин хувцасаа үйлдвэрлэн гаргадаг байсан.

-Та энэ урлангаа хэзээ байгуулсан бэ ?

Гэтэл 1990 оны давалгаанаар тухайн үеийн үйлдвэрүүдийг ажиллуулах боломжгүй болсон.  Түүний нэг нь манайх байлаа. Ингээд 1996 онд үндсэндээ дампуурч 1500 гаруй оёдолчид ажилгүй болж байлаа. Тэгээд би савхин хувцасны жижиг цех ажлуулаад бүтээгдэхүүнээ ОХУ руу гаргаж орлогоороо зургийн дэвтэр, бичгийн хэрэгсэл монгол руу оруулж ирдэг байсан.

Манай “Хүүхдийн урлахуй төв” ТББ 2000 оны үед байгуулаад 2002 оноос эхлэн урландаа хүүхдүүдэд зургийн хичээл зааж эхэлсэн. Тухайн үедээ асрамжийн газрын 140 хүүхдэд зургийн хэрэгсэл тараан, зураг зурахыг зааж тэдний зурсан зургаар нь үзэсгэлэн гаргаж гараагаа эхэлж байлаа.

Гэхдээ зөвхөн зураг гэлтгүй наамал, эсгий, арьсан урлал зэргийг давхар хүүхдүүдэд зааж байна. Энэ ажлыг үнэлж надад “Монгол улсын эгэл баатар” цолыг хүртээсэн.

-Одоогийн байдлаар танай урланд хичнээн зураач, урлаач хүүхдүүд сурч байна  вэ ?

Жилдээ 120-140 хүүхэд  хичээллэдэг. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу жилдээ 30 орчим мянган өрх шилжин суурьшиж байна гэсэн судалгаа бий. Яагаад гэвэл хөдөөд ажлын байр хомс.

Ер нь монгол хүүхэд их ухаантай

Магадгүй зарим нь өвлийн цагт малаа алдахаараа ирдэг.  Үүнээс болж зарим хүүхдүүд хогийн цэг дээр хоёрдогч түүхий эд түүж амьдардаг. Тиймээс миний хувьд тэдгээр хүүхдүүдэд туслахаар шийдэж урландаа авчран зургийн хичээл зааж үзэсгэлэнгийг нь гаргах зэргээр тусладаг.

-Бага насандаа зураг зурж өссөн хүүхэд, тоо бодож өссөн хүүхэд хоёрыг ялгаа хэр харагддаг вэ ?

Ер нь монгол хүүхэд их ухаантай. Жишээ нь нэг том цаас өгөөд зураг зураарай гэж хэлэхэд хажуу өнцөгт нь жижигхэн хүн шиг дүрс зурчихдаг. Тэгээд энэ юу вэ гэхээр аав, ээж гэдэг. Эхэндээ бүгд л ийм байдаг.

Харин тайлбарлаад ингэж зур гэж заасны дараа чөлөөтэй сэтгээд маш гоё зургуудыг зурж эхэлдэг. Тэгээд зургаар нь үзэсгэлэн гаргаад өгөхөөр их урамшаад илүү сайжирдаг.

-Таны хувьд урлангаа байгуулаад 10 гаруй жил болж байна гэлээ. Үүний үр дүнг та юу хардаг вэ ?

Урлангаас төрж гарсан хүүхдүүд маань Дүрслэх урлагийн дээд сургуульд сурч, зарим нь машины сайн засварчин болж, зарим нь архитектурч, зурагчин болох зэргээр өөрийгөө хөгжүүлж байна. Түүнд бол хязгаар байхгүй. 

Хүүхдүүдийн уран бүтээлээс

Хамгийн чухал нь зүгээр нэг гудамжинд лааз түүж байсан хүүхэд энд ирээд зураг зурж сурахаар ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгдөөд тэс өөр хүн болж байгаа гайхамшигтай. Тиймээс би хүүхдүүддээ чи монгол хүн учраас хог түүж амьдрах ёсгүй гэж заадаг.

-Та монголын боловсролын системийн талаар ямар саналтай явдаг вэ ?

Миний хувьд боловсролын системийг сайжруулах хэрэгтэй гэж боддог. Ялангуяа хүүхдийг зургаан настайд нь сургаж байгаа үед нэг ангид 30-40 хүүхдийг суулгаад хичээл заана гэдэг маш хүндрэлтэй. Жишээ нь зургийн хичээл орох үед будгаа асгахаас авахуулаад асуудал их гарна.

Тэр болгонд загнаж болохгүй. Миний бодлоор тэдгээр багш нарыг эх орончид гэж үнэлдэг. Өнөөдөр Оюутолгой, Тавантолгойнхоо алт, зэсийг ухаж зараад Монгол улсаа хөгжүүлнэ гэвэл худлаа. Харин хүүхдийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг бодох нь чухал. Тэгэхийн тулд зургийн хичээл, хөгжмийн, биеийн тамирын хичээлийг цогц системтэйгээр заах нь зүйтэй.

Урлагаар хүмүүжсэн хүүхдийн ертөнцийг үзэх үзэл нь тэс өөр. Тиймээс Монгол улсын хөгжил хүүхдийн ирээдүй хэр гэгээлэг байхаас шалтгаална.