“Засаг солигдсон ч бодлого алдагдах учиргүй”
Бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүдийн зөвөлгөөн
2014.11.07

“Засаг солигдсон ч бодлого алдагдах учиргүй”

Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг 2012-2013 оны хичээлийн жилд нийслэлийн дөрөв, өнгөрсөн жил 40 сургуульд туршсан бол энэ жилээс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хөтөлбөр нь хүүхдэд шинжлэх ухааны олон төрлийн мэдлэг, мэдээлэл олгохоосоо илүү сурах арга барил, зөв хүн болж төлөвшихөд нь анхаарч буйгаараа онцлог. Мөн сурагчдын гаргасан амжилтаар багшийг нь үнэлж, тэднийг цаасаар дарах бишхүүхэд нэг бүртэй тулж ажиллах нөхцөл бүрдүүлсэн. Түүнчлэн хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд “Авьяас”, “Ном” дэд хөтөлбөр хэрэгжүүлж буй.

Эдгээрт багш, эцэг эхчүүд ам сайтай байгааг аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газрын дарга, бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд гурван өдөр үргэлжилсэн зөвлөлгөөний үеэр онцоллоо. Тэд бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, тулгамдсан асуудлын талаар ярилцаж, харилцан туршлага солилцсон юм.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулснаар шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхуүнээрээ татан буугдах болсон нь тэдний санааг зовоох болсон гэнэ. Учир нь одоо хэрэгжиж байгаа хөтөлбөр, төсөл шинэ Засгийн газрын үед байхгүй болчих вий хэмээн зовнижээ.

Семинарын үеэр БШУ-ы сайд Л.Гантөмөр “Монголыг боловсрол аварна. Иймээс ч би анхнаасаа энэ салбарыг сонгож ажилласан. Шинэ Засгийн газарт  байгуулагдахад ч гэсэн энэ салбартаа ажиллах хүсэлтэй байна” гэсэн бол аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газрын дарга нар “Өмнө нь манай салбар хоосон тунхаглалын шинжтэй зорилго, зорилттой байсан.

Засаг солигдсон ч боловсролын боддого алдагдах учиргүй

Одоо л амьдрал дээр буусан ажлууд хийгдэж, тэр нь үр дүнгээ өгч эхэлж байна. Засаг солигдсон ч боловсролын боддого алдагдах учиргүй. 2012 онд багш нар “Засгийн газар байгуулагдах бүрт шинэ хөтөлбөр хэрэгжүүлдэг” гээд шинэчлэлд дургүй байсан.

Харин одоо бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр болон хийж байгаа ажлууд Засгийн газар солигдоход байхгүй болчих вий гэхээс, мөн үр дүнг нь харахгүй байхаас айж байна” гэлээ. Мөн тэд шаардлагатай гэж үзвэл УИХ болон Байнгын хороонд албан бичиг хүргүүлэхээ хэлсэн юм.