Танин мэдэхүйн цуврал номыг сургуулиудад бэлэглэлээ
2015.12.24

Танин мэдэхүйн цуврал номыг сургуулиудад бэлэглэлээ

Шинжлэх ухааны академийн эрдэмтэд хүүхэд, залууст зориулан “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал 10 ном”-ыг бичиж, өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудад бэлэглэлээ.

Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шинжлэх ухааныг амьдралд илүү ойрхноор судалж, суралцах боломжтой болж байгаа юм. Эрдэмтэд тус цуврал номоо өөрсдийн хийсэн судалгааны ажлуудад тулгуурлаж бичжээ. Өөрөөр хэлбэл, физик, хими, биологи, ботаник, палеонтологи, түүх археологи, философи зэрэг шинжлэх ухааны олон салбар чиглэлийн мэдлэгийг хүүхэд, залууст энгийн үгээр, ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэн байна.

Цаашид жил бүр тасралтгүй цувралаар гаргахаар төлөвлөж байгаа аж. Мөн цуврал номыг зурган хэлбэрт оруулж, багачуудад илүү ойлгомжтой болгохоор салбарын яам нь төлөвлөжээ. Энэ нь багш нар ганцаараа самбар дээр томьёо бичиж, хичээлээ заах биш сурагчид энэ төрлийн хичээлдээ бодитой хандаж, шинжлэх ухааны түүхэн гаргалгаануудыг ойлгодог болно гэсэн үг юм.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч О.Номин-Эрдэнэ танин мэдэхүйн цуврал найм, “Генетикийн гайхамшиг” номыг уншиж, судалжээ. Ингэхдээ амьд ертөнцийн оршин тогтнох үндсэн чанарууд болох удамшил хувьсал буюу генетикийн өөрчлөлт, эмэгтэйчүүдийн төрөлтийн талаарх нарийн ойлголттой болсон байна.

Чулуун зэвсгийн бууц, суурин дархны газраас авахуулаад хадны зураг, хөшөө чулуу, нүүдэлчдийн соёл зэрэг нь хэдий хугацаанд, ямар өөрчлөлттэй байсан зэргийг мэдэж, судлахыг хүсвэл доктор Д.Цэвээндорж, Я.Цэрэндагва нарын бичсэн судалгааны бодит материал буюу ”Монгол орон, Археологийн баян галерей” номыг уншиж, мэдэх боломжтой. Харин цаг үргэлж шинэчлэгдэж, боловсронгуй болж буй технологийн өөрчлөлт, технологи бүрийн онцлогийг сонирхдог бол академич Ж.Тэмүүжин, доктор Г.Сэвжидсүрэн нарын “Нанотехнологи” номыг уншаарай.

Эхний ээлжид өнөөдөр Шинжлэх ухааны академиас дээрх цуврал номыг нийслэлийн ерөнхий боловсролын 214 сургуульд бэлэглэлээ. Дараа нь 21 аймгийн сургуулиудын сурагчдад өгөх юм байна. Өмнө уншигч зөвхөн шинжлэх ухааны талаарх бүтээлийг орчуулгын номоос уншдаг байсан бол өнөөдөр дотоодынхоо эрдэмтдийн судалсан, баримт бүтээлээс бодитойгоор уншиж, мэдэх боломж ийнхүү бүрдэж эхэллээ. Учир нь, ирэх жилээс танин мэдэхүйн шинжлэх ухааны түүхэн хичээлүүдийг улс, аймгийн музейгээр дамжуулан сурагчдад заахаар болжээ. Ингэхдээ салбар салбарын эрдэмтэд тухайн үзмэр, бүтээлийн он цаг, холбогдох үеийг нэг бүрчлэн тайлбарлаж, өгөх юм байна.