Д.Дэмбэрэлнямбад “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгоно
Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор шийдвэрлэж, шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрлөө.
Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба нь олон жилийн судалгааны ажлын үр дүнд орчин үеийн биотехнологи, биохимийн аргыг ашиглан монгол адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалсан “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл”-ийг гарган авчээ.
Уг бүтээл нь хоёрдогч түүхий эд болох монгол адууны яс ашигласан экологийн цэвэр, импортыг орлох, экспортод чиглэсэн, анагаах чадвар сайтай, манай орны брэнд бүтээгдэхүүн болсон юм. Бусад кальцийн бэлдмэлүүдээс биологийн идэвхийн хувьд 3 дахин өндөр, ясны сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн микроэлемент, эрдэс бодисоор давхар баяжуулсан зохистой найрлагатай болох нь лабораторийн судалгаагаар нотлогдсон байна