МУИС, Японы РИКЕН судалгааны хүрээлэн хамтарсан докторын хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
БСШУ-ны сайд Л.Гантөмөр энэ оны 2-р сард Япон улсад хийх айлчлалынхаа үеэр РИКЕН Судалгааны Хүрээлэнд зочилж, тус хүрээлэнгийн ерөнхийлөгч, 2001 оны Химийн салбарын Нобелийн шагналт, ноён Р.Ноёоритэй уулзаж, хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэ үеэр МУИС, РИКЕН Хүрээлэнгийн эрдэмтэд хоорондын бодит хамтын ажиллаагааны түвшинг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ хоёр талын хооронд албан ёсны гэрээ байгуулахад өөрсдийн зүгээс анхаарахаа илэрхийлсэн юм. Энэ тохиролцоо бодит биеллээ олж МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, РИКЕН Судалгааны Хүрээлэн хамтарсан докторын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээг өнөөдөр үзэглэв. Энэ гэрээний дагуу Монгол, Япон улсын төдийгүй, дэлхийн өмнө тулгарч буй глобаль асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж чадах авъяаслаг залуу Монгол судлаач РИКЕН Хүрээлэн дээр докторын судалгааны ажлаа хийж, МУИС дээр докторын зэргээ хамгаалах боломж бүрдэж байна. Мөн МУИС-РИКЕН-ний хамтарсан сертификат нэмж олгохоор болж байгаа юм.
Дашрамд дурдахад, МУИС, РИКЕН судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хоорондын хамтын ажиллагаа 2009 оноос эхлэлтэй. МУИС-ийн профессор Ж.Батхүү, РИКЕН төвийн профессор Х.Осада, доктор Т.Накано нартай хийж буй хамтарсан судалгааны хүрээнд МУИС-аас 1 докторант РИКЕН хүрээлэн дээр судалгаа хийжээ. Тус судалгааны явцад ургамлын гадаад орчны стресст тэсвэрлэх чадвар болон өсөлт хөгжилтийг нь дэмжих үүрэг бүхий BIL2 хэмээх шинэ генийг илрүүлж, түүний кодлодог уураг нь митохондрид байрладаг болохыг тогтоосон байна. Одоо 1 магистрант уг генийг малын тэжээлийн болон гоёл чимэглэлийн ургамалд шилжүүлэн суулгах, хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх судалгааг РИКЕН судалгааны хүрээлэн дээр хийж байна.
Мөн Монгол орны эрс тэрс уур амьсгалд ургадаг ургамлаас халуун, хүйтэн, ган, давс зэрэг орчны стресст тэсвэрлэх чадварыг нөхцөлдүүлэгч генийг хамтран эрх хайх, уураг, бага молекулт нэгдлийн хоорондын харилцан үйлчлэлийн судалгааг эхлүүлээд байна. Энэ судалгаанд зөвхөн МУИС биш, Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн зэрэг дотоодын байгууллагын судлаачид мөн оролцож, монгол орны өмнө тулгарч буй асуудлыг шийдэх, салбар дундын цогц судалгаа хийхээр хамтран ажиллаж байна.
Японы РИКЕН Судалгааны Хүрээлэн нь 1917 онд байгуулагдсан физик, хими, анагаах ухаан, биологи, технологи зэрэг байгалийн ухааны бүхий л салбарыг хамарсан цогц судалгааг явуулдаг цорын ганц хүрээлэн юм.
Япон төдийгүй дэлхийд нэр хүнд бүхий, Эзэн хаан нь айлчлан очиж үйл ажиллагаатай нь танилцдаг, хамгийн сүүлийн үеийн судалгааг манлайлан хийдэг судалгааны хүрээлэн юм. Жилийн төсөв нь 1 тэрбум гаруй доллараар хэмжигддэг тус хүрээлэн нь Германы Макс Планкийн Институт, АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн, Францын Пастер Судалгааны хүрээлэнгүүдтэй эн дүйцэхүйц нэр хүндтэй юм байна.