Аугаа түүхийг үргэлжлүүлэн авч явахад Аугаа хүсэл мөрөөдөл хэрэгтэй
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2015.11.19

Аугаа түүхийг үргэлжлүүлэн авч явахад Аугаа хүсэл мөрөөдөл хэрэгтэй

Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр АНУ-ын Бостон хотноо Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаэль Рейф нар хамтын ажиллагааны гэрээнд  гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт энтрепренер болон инновацийг хөгжүүлэх зорилгоор Массачусетсийн технологийн институттэй МУИС, ШУТИС болон бусад их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын оюутан, профессор багш, судлаачид хамтран ажиллах юм.  

Гэрээнд гарын үсэг зурах үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Монголчууд бол Аугаа түүхтэй ард түмэн. Аугаа түүхийг үргэлжлүүлэн авч явахад Аугаа хүсэл мөрөөдөл хэрэгтэй. Бид энэ хүсэл мөрөөдлөө шинжлэх ухаан технологийг хөгжүүлэн мэдлэгт суурилан хөгжих хэмээн харж байна.

Тиймээс энэ мөрөөдлийг биелүүлэхэд дэлхийд тэргүүлэгч Массачусетсийн технологийн институттэй хамтын ажиллагаа түүхэн ач холбогдолтой” гэж онцлов. Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаэль Рейф энэ аугаа мөрөөдлийг бүтээлцэхэд хамтран ажиллах болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлж, “Дэлхийн 7 тэрбум хүнээс нэг жилд 100 оюутныг Массачусетсийн технологийн институт (MIT) шалгаруулж авдаг. Харин Монгол улсаас MIT-ийн бакалаврын хөтөлбөрт 5 оюутан суралцаж байгаа нь гайхамшигтай” хэмээн тэмдэглэн хэлсэн юм.

Массачусетсийн технологийн институтийн төгсөгчдөөс 81 нобелийн шагналтан төрсөн ба тус сургуулийг төгсөгчдийн байгуулсан 25800 компанийн ашиг орлого нь дэлхий дээрх хамгийн том эдийн засагтай улсуудын 11 дүгээрт  орж буй улстай тэнцэж байна.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны дараа БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон Монгол талын ажлын хэсэг, Массачусетсийн технологийн институтийн ажлын хэсэгтэй цаашид хийх ажлын чиглэл, нарийн төлөвлөлтийн талаар санал солилцох ажлын уулзалтыг амжилттай болсон байна. Мөн энэ үеэр Массачусетсийн технологийн институтэд багшилж, суралцаж байгаа Монгол багш, оюутан нартай уулзалт хийлээ.