Залуу эрдэмтэн судлаачдын үндэсний чуулган боллоо
Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний тавдугаар чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо. Монголын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулсан энэхүү чуулганд 500 гаруй зочид, төлөөлөгч оролцсон юм.
Дөрвөн жил тутамд нэг удаа зохиогдож ирсэн энэхүү чуулганаар шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарын төлөөлөл болсон шилдэг залуу эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчид оролцон улс эх орныхоо хөгжилд түлхэц болохуйц санаачилга, зөвлөмж гарган холбогдох байгууллагад хүргүүлдэг юм байна.
Тав дахь удаагийн чуулга уулзалт “Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл" сэдвийн дор зохион байгуулагдсан. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт хүргэхийн зэрэгцээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ж.Батсуурь нар залуу эрдэмтдэд амжилт хүсэж үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Батцогт “Аливаа улс орны хөгжлийн гол тулгуур нь боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил байдаг бөгөөд үүнийг хөдөлгөгч гол хүч нь залуу үеийн эрдэмтэн, судлаачид бизнес эрхлэгчид байдаг. Байгаль орчин, эх дэлхий их хэмжээгээр доройтож нөөц баялаг хомсдож буй өнөө үед бэрхшээлийг даван туулж гэрэлт ирээдүйг дуудах нэг гол гарц нь технологийн дэвшил, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх байдаг.
Үүгээр бид хэрэглэгч биш үйлдвэрлэгч улс болон хөгжих боломжтой. Ингэхдээ мэдээж хэрэг өөрийн орны онцлогт тохирсон, боловсон хүчин болон эдийн засгийн чадавхи, нөөц бололцоонд тулгуурласан, хэрэгжих бүрэн боломжтой хувилбарыг санал болгох хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн тэрээр “Цаашид эрдэм шинжилгээ, сургалт үйЛчилгээ, үйлдвэрлэл гурвыг эрхэмлэн хөгжүүлэх хэрэгтэй. Их, дээд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн судлаачид, бизнес эрхлэгчид хамтран ажиллах шаардлагатай” гэлээ. Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр шинжлэх ухаан судлалыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн, шинэ инноваци нэвтрүүлэх чиглэлд судалгааны ажил хийхийг гол зорилгоо болгожээ.
Манай улс мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг бий болгох бодлогыг баримталж байгаа. Үүнийгээ ашиглан эдийн засагт хэрхэн хүрэх талаар олон санал санаачилгыг төрийн болон хувийн хэвшлийн түвшинд гаргаж буй. Эрдэмтдийн судалгааны ажил, шинэ мэдлэг, шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлж тодорхой бүтээгдэхүүн, технологи, ажил үйлчилгээ болгохыг зорьж байгаа юм. Ингэхийн тулд улс орны эдийн засгийг өсөлтөд хөтлөх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэж чуулганд оролцогсод ярьж байлаа. Мөн Монгол Улс мэдлэгийг баялаг болгохоор инновацийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд дөрвөн жил болж байгаа хэдий ч өнөөг хүртэл ахицтай түвшинд хүрэхгүй байна гэдгийг онцолж байв.
Чуулганы үеэр залуу эрдэмтэд өөрсдийн хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргажээ. Олон бүтээлээс ШУТИС болон Японы Нагаокагийн технологийн их сургууль болон Кюүшюү их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Sky –Infra in Mongolia” төсөл олны анхаарлыг татаж байлаа. Энэхүү урт хугацааны судалгаа, агаар-сансрын механик инженерийн боловсрол, нисэх аппаратын хөдөлгүүрийн төслийн гол зорилго нь манай улсад нисгэгчгүй нисэх аппаратыг зохион бүтээж, шинэ технологи болон агаарын тээврийн шинэ үйлчилгээ бий болгох ажээ.
Одоогоор уг төслийн туршилтын загвар бэлэн болоод байгаа юм байна. Энэхүү загвар нь 70 кг ачаа тээвэрлэх нисгэгчгүй нисэх аппарат байх гэнэ. Төслийн судалгааны баг Горхи- Тэрэлжийн орчмын агаар мандалд газрын гадаргуугаас дээш стратосферийн давхарга хүртэлх орон зайд агаарын бөмбөлөг болон автомат удирдлагатай, хоёр метр хэмжээстэй, удирдлагатай жижиг судалгааны нисгэгчгүй онгоц ашиглан агаарын массын найрлагын дээж авах хэмжилт, судалгаа явуулжээ.
Мөн “Ховдтул” ХХК- ийн индукцийн эко зуухыг танилцуулж байлаа. Эрчим хүчний хэмнэлттэй, экологи, эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай, энгийн хийцтэй, ашиглахад хялбар, зай талбай бага эзэлдэг, угсралт, ашиглалтын зардал багатай уг зууханд 30 жилийн баталгаа өгч байгаа гэсэн. Энэхүү зуух нэг кв цахилгаан зарж 850 кк дулаан үйлдвэрлэдэг, агаарын бохирдлыг бууруулах, ашиг өндөртэй технологи болсон талаар бүтээгчид нь сонирхуулж байв.
Гол онцлог нь ферросоронзон катушкины тусламжтайгаар маш бага цахилгаанаар хурдан хугацаанд дулаан зөөгчийг халаах замаар дулаан үйлдвэрлэдэг юм байна. Ингэснээр эрчим хүчний хэмнэлт 50-60 хувь, дулаан дамжуулалт 100 хувь, эдэлгээний хугацаа 30 жилээс дээш, бохирдол үүсэхгүй, дуу чимээ байхгүй, бүрэн автомат ажиллагаатай байх ажээ.
Энэхүү чуулганыг зохион байгуулж буй Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох “Шинжлэх ухаан, технологийн дэвшил нь улс орны хөгжлийг чиглүүлэгч, баялгийг бүтээгч гол Хүчин зүйл болж байна. Энэ нөхцөлд улс орон мэдлэгийн үйлдвэрлэл, шинэ технологийг боловсруулах, нутагшуулах, инновацийн орчин, шинжлэх ухааны менежментийг сайжруулах асуудлыг зүй ёсоор тавих болсон.
Дөрвөн жилийн өмнө бид энэ танхимд Судалгаанаас хөгжил рүү гэсэн уриатайгаар Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний ээлжит чуулган зохион байгуулж байлаа. Тус чуулганаар шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчинг сайжруулах асуудлыг хөндөн Инноваци, гарааны компанийг дэмжих эрхзүйн орчинг буй болгох асуудлыг зөвлөмж болгон гаргаж байлаа. Харин өнөөдөр энэ асуудал биеллээ олж байгаад баяртай байна” гэлээ.