Залуу эрдэмтэд чууллаа
УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт
2015.11.11

Залуу эрдэмтэд чууллаа

Монголын залуу эрдэмтдийн тавдугаар чуулган өнөөдөр боллоо. Энэхүү чуулган нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд энэ жил “Шинжлэх ухаан ба  үйлдвэрлэл”  сэдвийн дор Төрийн ордны Их танхимд боллоо.

Тавдугаар чуулганаа хийж буй залуу эрдэмтдэд Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт, УИХ-ын дарга мэндчилгээ ирүүлсэн юм. Харин БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Аж  үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ж.Батсуурь нар  үг хэллээ.

УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Д.Батцогт хэлэхдээ “Аливаа улс орны хөгжлийн гол тулгуур нь боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил байдаг бөгөөд үүнийг хөдөлгөгч гол хүч нь залуу үеийн эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид байдаг билээ.

Байгаль орчин, эх дэлхий их хэмжээгээр доройтож, нөөц баялаг хомсдож буй өнөө үед бэрхшээлийг даван туулж, гэрэлт ирээдүйг дуудах нэг гол гарц нь технологийн дэвшил, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үүгээрээ бид хэрэглэгч биш үйлдвэрлэгч улс болон хөгжих боломж юм. Ингэхдээ өөрийн орны онцлогт нийцсэн, боловсон хүчин болон эдийн засгийн чадавхи, нөөц бололцоонд тулгуурласан, хэрэгжих бүрэн боломжтой хувилбарыг санал болгох хэрэгтэй байна.

Цаашид эрдэм шинжилгээ, сургалт үйлчилгээ, үйлдвэрлэл гурвыг чандманьлан хөгжүүлж, үүний тулд их дээд сургуулийн багш, профессорууд, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид хамтран ажиллаж, улмаар мэдлэгийг баялаг болгох эрхзүйн орчинг бүрдүүлэх, санхүүжилтийн орчинг сайжруулах, мөн түүнчлэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нийгмийн бодлогод тусгах замаар эргэх холбоог бий болгох шаардлагатай байна”гэсэн юм.

Энэ удаагийн чуулганд 800 гаруй залуу эрдэмтэн, судлаачид оролцсон юм. Шинжлэх ухаан судлалыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн, шинэ инноваци нэвтрүүлэх чиглэлрүү судалгааны ажлыг чиглүүлэхэд чуулганы зорилго оршиж буй юм. Тиймээс чуулганд УИХ-ын гишүүд, үйлдвэрлэгчдийг оролцууллаа.