Монгол улс шинжлэх ухааны салбарт ДНБ-ний 0.17 хувийг л зарцуулдаг
Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг бий болгох бодлого баримталдаг. Энэ зорилгоор мэдлэгийг баялаг болгох Инновацийн тухай хуулийг УИХ баталсан. Гэсэн хэдий ч Монгол Eлсын хувьд инновацийн соёл, хөгжил эхлэл төдий түвшин доогуур байсаар байна.
Энэ байдалд Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яам дүгнэлт хийж, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ-аар батлуулан шинжлэх ухаан технологид суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчинг буй болгосон. Тэгвэл эрх зүйн таатай орчинд хэрхэн ажиллах, шинэ санаа, мэдлэг, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх баялаг бүтээгчид бэлэн үү гэсэн асуултад хариулт авах зорилгоор “Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний тавдугаар чуулганыг зохион байгуулах гэж байна.
Монголын залуу эрдэмтдийн холбооноос санаачлан дөрвөн жил тутамд залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалт зохион байгуулдаг. 2001 онд МЗЭХ-ны анх;угаар чуулган зохион болсон юм. Тав дахь чуулга уулзалтыг “Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” сэдвийн дор 2015 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.
МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох “Тав дахь удаагийн чуулганд залуу эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй ахмад эрдэмтэд, бодлого тодорхойлогч яамдын төлөөлөл, үйлдвэрлэл эрхлэгч зэрэг 500 гаруй төлөөлөгч оролцоно. Шинжлэх ухааны салбараас гарч буй технологи, мэдлэг, ноу-хауг үйлдвэрлэлийн салбарт хэрхэн нэвтрүүлэх хийгээд энэ хоёр салбар хэрхэн уялдаж ажиллах вэ гэсэн сэдвийн дор болно.
МЗЭХ нь зургаан салбар хорооноос бүрддэг. Тодруулбал, анагаах ухаан, байгалийн ухаан газар зүй, биологи, нийгэм, техник технологи, хөдөө аж ахуй био технологи зэрэг шинжлэх ухааны зургаан салбар юм. Манай холбоо эгнээндээ 700 гаруй эрдэмтэн судлаач нэгтгэдэг. МЗЭХ нь Монгол Улсад шинжлэх ухаан технологийн чиглэлээр мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх эрхэм зорилготой байгууллага” гэв.
Чуулган нь “Шинжлэх ухаан ба үйлдвэрлэлийн эрх зүйн орчны шинэчлэл”, “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт ба хөрөнгө оруулалт”, “Шинжлэх ухаан, технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх тухай” гэсэн сэдвийн хүрээнд болох аж.
Б.Амарсанаа: Эрдэмтдийн бүтээлийг гурван үеийн хамтын ажиллагаа бүтээгдэхүүн болгодог
МЗЭХ-ны Байгалийн ухааны салбарын тэргүүн, ШУА-ийн харьяа Химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторын эрхлэгч Б.Амарсанаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Өмнөх чуулгануудаас ямар үр дүн гарсан бэ?
-Дөрөв дэх чуулганыг “Судалгаанаас хөгжил рүү” гэсэн сэдвийн дор хийсэн. Судалгааны дүнд түшиглэн улс орны хөгжлийн бодлогыг боловсруулдаг. Тийм учраас судалгааны салбарыг чухалд үзсэн чуулган болсон. Энэ удаагийн чуулганыг илүү үр дүнтэй болох болов уу гэж бодож байна. Монгол Улсад хүн бүр үйлдвэрлэгч болъё гэсэн зөв хандлага бий. Залуучууд технологи бий болгох чиглэлээр ажиллаж байна. Зөвлөмжийн биелэлтэд хяналт тавих ажлын хэсгийг МЗЭХ байгуулдаг. Энэ ажлын хэсэг дараагийн чуулган хүртэл зөвлөмж хэрхэн хэрэгжиж буйг хянаж ажилладаг юм.
-Монголын залуу эрдэмтэд сүүлийн үед ямар шинэ бүтээл гаргаж байна вэ. Энэ талаар дурдахгүй юу?
-Байгалийн ухааны салбарын нэг онцлог байдаг. Шинэ бүтээл, бүтээгдэхүүн, онол бий болгоход тодорхой хэмжээний цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардагддаг. Өнөөдрийн байдлаар залуу эрдэмтдээс гарч буй бүтээл олон. Байгалийн ухааны салбар нь суурь шинжлэх ухаан учраас шинэ нээлт нь эхний үед цаасан дээр бууж, олон улсад өгүүлэл хэлбэрээр хэвлэгдэн түгээгддэг. Тухайлбал, МУИС-ийн доктор Жавхлантөгсийн бүтээл дэлхийн шинжлэх ухааны өндөр зэрэглэлийн найман сэтгүүлд хэвлэгдсэн.
Тэгвэл өгүүллээс гарсан бүтээл нь технологи дамжуулалтаар бүтээгдэхүүн болно. Бүтээлээс бүтээгдэхүүн. Энгийн жишээгээр ахмад эрдэмтдийн бүтээл биднээр дамжиж бүтээгдэхүүн болох учраас энэ бүтээгдэхүүнийг биднийх гэж хэлэхэд хэцүү. Бүтээгдэхүүнийг гурван үеийн хамтын идэвхтэй ажиллагаа бий болгодог.
МЗЭХ-ны Байгалийн ухааны салбарын чуулга уулзалт өчигдөр Хүрэлтогоотод болсон. Энэ чуулганаар залуу судлаачдын бүтээлүүдээс шилдгийг шалгаруулж, сайдын нэрэмжит шагнал олгодог. Харж байхад онолын болон практикийн түвшинд сайн бүтээгдэхүүн гарч байна. Физик технологийн хүрээлэнгийн залуу судлаач н.Билгүүний бүтээл дэлхийн шилдэг нээлтийг хэвлэдэг Бозоны сэтгүүлд хэвлэгдсэн. Нөгөөтэйгүүр хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд байдаг.
“Монос” группийн эм судлалын хүрээлэнгийн залуу судлаачдын “Силихол” бэлдмэл шилдгээр шалгарсан. “Силихол” бэлдмэл нь элэг хамгаалах үйлчилгээтэй. Энэ бэлдмэлийг амьтан болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс гарган авч туршилтаар хэрэглэж байна. Мөн ШУА-ийн харьяа Химийн технологийн хүрээлэнгийн залуу судлаач Нямсүрэнгийн эмийн ургамлаас гаргаж авсан хавдрын эсийн эсрэг үйлчилгээтэй эмт бодисын судалгааг дурдаж болно. Бүтээгдэхүүн нь туршилтаар батлагдах ёстой учраас цаг хугацаа их шаарддаг.
-Залуу эрдэмтэд шинэ бүтээл, бүтээгдэхүүн гаргадаг ч үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн төлөө хэр санаачилгатай ажиллаж чаддаг вэ?
-Бүтээгдэгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь эн тэргүүний ажил. Шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийхийн тулд үйлдвэрлэгчидтэй зайлшгүй холбогдох ёстой. Үүний тулд тодорхой хэмжээний харилцан ойлголцол, хууль эрх зүйн орчин байх шаардлагатай. Энэ асуудлыг удахгүй болох чуулганд тавина. Залуу эрдэмтэд лабораторт суугаад байдаггүй. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчдэд танилцуулах ажлыг байнга хийдэг. Залуу эрдэмтдэд бүтээгдэхүүнээ савлаад зах зээлд гаргах мөнгө байхгүй. Үйлдвэрлэгчид өөр хүлээлттэй. Эрдэмтэд үйлдвэрлэгчдийн хоорондын ойлголцол, итгэлийн асуудлыг мөн чуулганд хөндөж тавина.
-Төр засгийн зүгээс залуу эрдэмтэн судлаачдыг хэрхэн дэмжиж урамшуулж байна вэ?
-Төр засгийн зүгээс залуу эрдэмтдийг төрөл бүрийн шагнал урамшуулал, төслөөр дэмждэг. Хүрэлтогоотын чуулга уулзалт шилдгээр шалгарсан судлаачийг дөрвөн сая төгрөгөөр урамшуулдаг. Зургаан салбарын 12 судлаачид дөрвөн сая төгрөгийн урамшуулал олгодог. Энэ бол багагүй хөрөнгө оруулалт. Мөн докторын инновацийн урамшуулал гэж байдаг. Энэ урамшуулал нь цаашдын бүтээлд тодорхой хэмжээний түлхэц болдог. Төр засаг шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчныг чөлөөлж “хайрцаг”-наас гаргах хэрэгтэй.
Тэгвэл өрсөлдөөний журмаар шинжлэх ухааны салбар хөгжих боломж бий. Дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн хөгжье гэвэл шинжлэх ухааны салбарт зарцуулж буй дотоодын нийт бүтээгдэхүүн хувь хэмжээг нэмэх хэрэгтэй байна. Дэлхийн улс орнууд дунджаар шинжлэх ухааны салбарт дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2-3 хувийг зарцуулдаг. Зургаан хувийг ч зарцуулдаг улс бий. Тэгвэл манай улсад энэ үзүүлэлт 0.17 байдаг. Ахмад эрдэмтдийн ярьж буйгаар социализмын үед нэг хувийг зарцуулж байсан гэдэг.
-Залуу эрдэмтдийн хувьд бүтээлийн үнэмлэх үзэмж доогуур, авч буй цалин хөлс амьдралд хүрэлцэхгүйн улмаас гадаадын улс орнуудыг зорих нь элбэг байдаг?
-Гадаадын улс оронд энэ үзэгдлийг “Тархи ургуулалт” гэдэг. Сайн бэлтгэгдсэн залуу судлаачид гадаадын улс оронд ажиллаж байна. Тэд маань өөрийн эх орны эрх ашгийн төлөө бус өрөөлийн төлөө ажиллаж буйг буруутгах аргагүй. Шинжлэх ухаан технологийн төлөө дорвитой хөрөнгө оруулалтыг Төр засаг маань нэг удаа хийх хэрэгтэй байна. Ингэснээр “Хөгжсөн тархинууд”-аа улс эх орныхоо төлөө ашиглах боломжтой болно.