Инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга зүйг сайжруулах төсөл хэрэгжинэ
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.10.20

Инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга зүйг сайжруулах төсөл хэрэгжинэ

Монгол Улсын БСШУЯ дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд CDIO олон улсын байгууллагын төв, Сингапур улсын Политехникийн институттэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Харилцан ойлголцлын санамж бичигт БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Сингапурын Политехник инстиутын захирал Лим Пенг Хун нар гарын үсэг зурав.

Энэ үеэр сайд Л.Гантөмөр  “Бид хойч үеэ бэлтгэхдээ шинийг сэтгэдэг залуу үеийг бэлтгэх нь чухал. Өөрөө сэтгэдэг, ертөнцийг өөрчлөх тэмүүлэлтэй залуу үеийг гаргаж ирсэн ард түмэн энэ цаг үед хожно. Өнөөдөр хүн төрөлхтөнд байгаа мэдлэгийг мэдэж авах нь анхдагч гэхээс илүү мэдсэн зүйлээ ашиглаж дараагийн мэдлэг бүтээх сэдэл нь анхдагч болж буй цаг үед шинэ хөтөлбөрүүдийг сургуулиудад хэрэгжүүлж байна.

CDIO-н  санаачилгад нэгдсэн бүх улс орнууд өөрийн онцлогтой, өөрийн сургалтын шинжлэх ухааныг гаргаж ирж байгаа.  Тиймээс сургалтаар дамжуулан гадны багш нарын бүтээсэн сургалтын  шинжлэх ухааныг сурч авахын төлөө биш, Монголын цоо шинэ сургалтын шинжлэх ухааныг гаргаж ирэхийн төлөө та бүхэн хүч хөдөлмөрөө зарцуулаарай” хэмээн багш нараасаа хүслээ.

Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус төсөлд инженер технологийн салбарт хийж буй хөтөлбөрийн шинэчлэл, сургах, суралцах арга барилыг өөрчлөх зорилгоор CDIO системийг нэвтрүүлэх юм.  

Энэхүү төсөлд ШУТИС, МУИС, ХААИС-ийн нийт 150 багш хамарч, 3 үе шаттай сургалтад хамарна. Төсөлд шаардагдах 641745 сингапур долларыг Сингапурын Тамэсэк сангаас, 347050 сингапур долларыг БСШУЯ, Сингапурын Политехникийн институт хамтран санхүүжүүлэх юм.

CDIO систем нь багш нар сургалтын төлөвлөгөөгөө илүү сайн төлөвлөх, заах арга туршлагаа сайжруулах, инженерийн мэдлэгийг бодитойгоор үнэлж дүгнэх, оюутнуудын хувьд мэдлэг, ур чадвар, үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай инженерийн ажлын туршлагад суралцах боломжтой болох юм.

CDIO системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд сургалтад оролцогчдоос 65 хүнийг сонгон гүнзгийрүүлэн сургах бөгөөд эдгээр мэргэжилтнүүдээс 20 хүнийг үндэсний сургагч мастер мэргэжилтнээр бэлтгэх аж.