2015.09.21

Эдийн засгийг солонгоруулах нэг гарц бол шинжлэх ухаан

ШУТ Сангийн Шинжлэх Ухааны Паркийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын албаны дарга А.Тамиртай шинжлэх ухаан, эдийн засаг хоёрыг холбох механизмын талаар ярилцлаа. 

- Шинжлэх ухааны мэдлэг эдийн засаг хоёрыг холбож өгөх бүтэц тогтолцоо Монголд бүрэлдсэн үү?

Эрдэмтэн судлаачид судалгаандаа гол анхаарлаа хандуулаад, түүнийгээ эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар тэр болгон анхаардаггүй. Бизнесийн салбарын хувьд мэдлэг, технологи шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллах нь бага байдаг. Зах зээлд шилжсэнээс хойш энэ хоёр салбар маань улам холдсон. Хамгийн гол нь үүнийг холбох механизмыг бий болгох нь чухал. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, эдийн засгийг холбох, инновацийг хөгжүүлэх, технологид суурилсан үйлдвэрлэлийг дэмжих бодлого хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байгаа ч эдгээрийг гардаж хэрэгжүүлэх бүтэц, механизм одоогоор бүрэлдээгүй тул хэрэгжилт нь хангалттай хэмжээнд биш байна.

Гэтэл орчин үед хүний амьдрал тэр чигээрээ технологиос хамааралтай болчихлоо. Улс орны хөгжил шинэ технологи, инноваци дээр суурилах болж үүнийг дэмжих тогтолцоог бий болгоход бүхий л боломж, нөөцөө чиглүүлдэг болсон. Манай улсын хувьд мөн шинжлэх ухаан, эдийн засаг хоёрыг холбох, үйл ажиллагааг нь уялдуулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Иймээс энэ холбох механизмыг бусад улс орнуудын жишгээр шинжлэх ухааны паркаар дамжуулж бий болгох боломжтой. Бид бусад улс орнуудын туршлага дээр суурилан, өөрийн оронд тохирох тогтолцоог бүрэлдүүлэх замаар богино хугацаанд амжилттайгаар тэр соёлыг хөгжүүлэх боломж байгаа.

- Бизнес эрхлэгчдийн хувьд шинжлэх ухааны төсөлд хөрөнгө оруулаад ашиг олох орчин бий юу?

Манай улсад энэ талын хөрөнгө оруулалтын соёл, харилцаа сайн хөгжөөгүй байна. Ер нь хөрөнгө оруулалтын талаарх ойлголт жирийн иргэдийн хувьд их муу байдаг. Технологи, инновацид хөрөнгө оруулахын ашиг тусыг сүүлийн жилүүдэд технологид суурилан гарч ирж байгаа дэлхийн томоохон компаниудын жишээгээр ойлгож эхэлж байна. Одоогоор манай улсад технологи, инновацид суурилсан компаниуд цөөхөн байна. Инновацийн хуулийн хүрээнд энэ оноос эхлэн их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн дэргэд гарааны компаниуд байгуулагдаж эхлээд байгаа. Хэрэв эдгээр компаниудад боломжит дэмжлэгүүдийг үзүүлээд зах зээлд амжилттай гаргаж чадвал цаашдаа гарааны компаниудтай хамтарч ажиллах, хөрөнгө оруулах сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэх байх гэж бодож байна. Мөнгөө хий дэмий хадгална гэдэг бол алдагдал хүлээхээс өөрцгүй байдаг. Үүний оронд ашигтай хөрөнгө оруулалт хийх нь буцаад нийгэмд болон эдийн засагт маш олон талын үр өгөөжтэй гэдгийг дотоодын хөрөнгө оруулагчдад ойлгуулах нь чухал. 

Одоохондоо технологи, инновацид том хөрөнгө оруулалт хийх эрсдэлтэй гэдгээр нь энэ чиглэлийн хөрөнгө оруулагчид Монголд бараг байхгүй байна. Сүүлийн нэг хоёр жилийн хугацаанд монголчууд хөрөнгө оруулагчдыг үл тоомсорлох ямар хор уршигтай, гадны хөрөнгө оруулалт гэдэг хичнээн чухлыг ойлгосон. Иймээс бид эрх зүйн зохицуулалтаар дамжуулж шинжлэх ухаан, технологи, инновацид хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх, урамшуулах механизмыг бий болгохоор зорин ажиллаж байна.

- Саяхан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль баталсан. Энэ хууль үйлдвэрлэлд хэр түлхэц болж чадах вэ?

Энэ хуулийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нэлээн сайн дэмжлэг болно гэж найдаж байна. Дэвшилтэт технологи бий болгох, нэвтрүүлэх, нутагшуулах тохиолдолд том хөнгөлөлт, урамшууллыг олгохоор тусгасан. Мөн судалгаа хөгжилд зарцуулсан зардлыг буцааж олгоно гэдэг бол маш том дэмжлэг. Гэхдээ хууль батлагдах нэг өөр, хэрэгжих нь хамгийн чухал. 1998 онд Технологи дамжуулах тухай хууль батлагдаж байсан ч одоогоор технологи дамжуулалт манай улсад сайн хөгжихгүй байгаа. Инновацийн тухай хууль, инновацийг хөгжүүлэх бодлого ч гэсэн бүрэн дүүрэн хэрэгжихийн тулд зарим нэг уялдаа холбоог хангах, тулгарч байгаа эрх зүйн зохицуулалтуудыг сайжруулах шаардлагатай.

Үйлдвэрлэл гэдэг маш нарийн үйл явц байдаг учраас бүтээгдэхүүн бэлэн болох шатанд дэмжлэг үзүүлэх нэг хэрэг. Харин тэр бүтээгдэхүүнийг бий болгоход ашиглах технологийг сайжруулах, нутагшуулах замаар экспортын стандартад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн, олон улсад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг боловсруулах зэрэг бодлого давхар явж байж цогцоор нь шийдэх боломжтой. Ямар чиглэлийн экспортыг илүү дэмжих, аль түвшний технологи ашиглах, эдгээр технологиудаа хэрхэн бий болгох зэрэг бодлого нь бүгд уялдаатай, тодорхой байх ёстой.

- Ер нь гарааны компани гэдгийг юу гэж ойлгох хэрэгтэй вэ?

Инновацийн тухай хуульд “Инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан, зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж эхлээгүй байгаа компанийг гарааны компани гэнэ” гээд тодорхойлсон байгаа. Энэ утгаар нь аваад үзвэл зөвхөн эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд байгуулагдаж байгаа компани гэлтгүй бүх шинээр байгуулагдаж байгаа компаниудыг гарааны компани гэж үзэж болохоор байгаа.

Гэхдээ энэхүү тодорхойлолтын талаар бүрхэг зүйлүүд бас байгаа. Зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлээгүй байгаа компанийг гарааны компани гэхээр ашиг орлого олдоггүй компани болж таарч байна. Тэгэхээр гарааны компанид үзүүлэх орлогын албан татвар зэрэг хөнгөлөлт дэмжлэгүүдийг авахын тулд  тухайн компани орлого олсон байх шаардлагатай, орлого олоод эхэлсэн нөхцөлд гарааны компани гэж үзэх үү үгүй юу гээд энэ тодорхойлолт, дэмжлэгийн асуудлуудыг дахиж авч үзэх шаардлагууд тулгарч байгаа.

Энэхүү гарааны компаниуд маань цаашдаа зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлээд Монос, Монхимо, Само зэрэг технологид суурилсан, судалгаа, бизнес хоёр нь зэрэгцэж явдаг компаниудтай адил нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлвэл бусад улс орнуудад экспортлох бүрэн боломжтой. Монхимо гэхэд монгол адууны ясны кальциа Солонгос улсад  экспортлож эхлээд байгаа.

- Төрийн захиалгат төслүүд эрдэмтэд дээр хэр их ирдэг вэ?

ШУТСангийн санхүүжүүлтээр яамдын захиалгат төслүүд хэрэгждэг. Гэхдээ энэ төслүүдийг тухайн яам бодлогоор захиалахаасаа илүү голдуу эрдэм шинжилгээний байгууллагууд нь харъяалагдах яамнууддаа санал оруулдаг, төслийн санхүүжилтийг тухайн захиалсан яам нь санхүүжүүлдэггүй. Уул нь Засгийн газар өөрөө зах зээл дэх хамгийн том худалдан авагч байдаг. Энэ утгаараа технологи, инноваци шингэсэн үндэсний үйлдвэрлэлээ төр худалдан авалтаар дэмжих, улс оронд тулгараад байгаа асуудалд шийдэл олсон технологиудыг бодлогоор эрдэм шинжилгээний байгууллагууддаа захиалдаг байвал ШУ-ны болон бизнесийн салбарын хөгжилд маш хэрэгтэй. Бид ийм талын нөхцлүүдийг эрх зүйн болон бодлогын хүрээнд дэмжих чиглэлийн ажлуудыг мөн хийж байгаа. Энэ бүх бодлогыг бодитоор хэрэгжүүлэх, холбож өгөх гүүр нь Шинжлэх ухааны парк байх болно.

Сүүлийн жилүүдэд зөвхөн уул уурхайд суурилсан биш мэдлэгт суурилсан эдийн засагтай орон болох, эдийн засгийг солонгоруулах талаар их ярьж, бодлого хөтөлбөрүүд боловсруулж байгаа. Тэгвэл тэр бүхнийг хэрэгжүүлэхийн тулд боловсрол болон шинжлэх ухааны салбартаа илүү хөрөнгө оруулалт хийж, шинэчлэлийг хийснээр илүү үр дүнд хүрэх боломжтой.