А.Тамир: Эрдэм шинжилгээний байгууллагууд дэргэдээ гарааны компани байгуулах боломжтой болсон
Шинжлэх ухааны паркийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын албаны дарга А.Тамиртай ярилцлаа.
- Эхлээд Шинжлэх ухааны парк чухам ямар зорилготой ажилладаг талаар ярихгүй юу?
2013 оны зургадугаар сард Шинжлэх ухааны паркийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын алба байгуулагдсан. Шинжлэх ухааны паркийн гол зорилго нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг бизнес, үйлдвэрлэлтэй холбож эдийн засгийн эргэлтэд оруулах орчинг бүрдүүлж өгөх. Ялангуяа өндөр технологид суурилсан компаниудыг бойжуулан гаргах зорилготой. Ерөнхийдөө шинжлэх ухааны паркийн захиргаа нь шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг гардан хийдэг менежментийн баг гэж ойлгож болно. Шинжлэх ухааны ололтыг амьдралд нэвтрүүлэх нь манай шинжлэх ухааны хүрээлэнгүүд, их сургуулиудын дутагдаад буй гол зүйл байгаа.
2013-2014 онд бид шинжлэх ухааны парк байгуулахтай холбоотой хүний нөөц, эрх зүйн нөхцөл байдал, технологийн түвшин, гадаадын паркуудын туршлага зэрэг орчны судалгаануудыг гадны мэргэжлийн байгууллагатай хамтарч хийсэн. Үр дүнд нь Монголд шинжлэх ухааны парк байгуулах цаг үе нь болсон гэсэн дүгнэлтэнд хүрч ШУП байгуулах ажлыг эхлүүлээд байна.
- Эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
Шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулах, технологид суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэхтэй холбоотой Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль, Инновацийн тухай хууль, Патентын тухай хууль зэрэг эрх зүйн баримт бичгүүд бий. Бидний хийсэн судалгааны үр дүн мөн эрдэмтэн судлаачидтай уулзаад явахад тэдний бий болгосон оюуны өмчийг үнэлэх үнэлгээний систем боловсронгуй хөгжөөгүй нь харагдсан. Патент авлаа гэхэд түүнийг нь хөрөнгө оруулагчид, банкууд үнэлж хүлээж авах харилцаа тогтоогүй. Хэдийгээр хуулиндаа оюуны өмчөө барьцаалж зээл авч болохоор заасан ч арилжааны банкууд оюуны өмчийг үнэлэн зээл олгох тогтолцоо бүрдээгүй байна.
Бизнесийнхэн голдуу гадны өндөр үнэтэй технологиудыг ашигладаг. Аль нэг эрдэмтэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой технологи боловсруулсан ч үүнийг хувийн хэвшилтэй холбож өгөх механизм бүрдээгүй. Хувийн хэвшилийнхэн судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулах, эрдэмтдийн боловсруулсан технологийг авч хэрэглэх хүсэлтэй ч тухайн хөрөнгө оруулалтыг урамшуулах, татвараас хөнгөлөх зэрэг систем байхгүй байна. Гэтэл одоо үед дэлхийн компаниуд өндөр технологи, инновацид суурилан хөгжиж байна. Бусад орнуудын жишгээс харахад технологийн хөгжил, боловсруулалтанд хөрөнгө оруулсан компаниудын технологи боловсруулалтанд оруулсан хөрөнгө оруулалтыг татвараас чөлөөлөх гэх зэрэг урамшуулалын систем байдаг.
Монголд дутагдаад байгаа эдгээр харилцааг цогцоор нь зохицуулах, холбоотой хууль журамуудын уялдаа холбоог сайжруулах үүднээс Шинжлэх ухааны паркийн хуулийн төслийг боловсруулж байгаа.
- Тухайн эрдэмтэн үйлдвэрлэлд өндөр ашиг авчрахаар төслийн санаагаа аваад нэг мөнгөтэй хүн дээр очлоо гэж бодъё. Гэхдээ түүнд шаардлагатай менежментийн мэдлэг байхгүй учраас түүнийг нь хийж өгөх хэн нэгэн хэрэгтэй. Эрдэмтэн болгонд Шинжлэх ухааны парк туслах боломжгүй гэж бодож байна?
Сүүлийн үед шинжлэх ухааны үр дүнгийн үнэлэмжийг боловсронгуй болгох, бизнест нэвтрүүлэх, хувийн хэвшлүүд ч гэсэн эрдэмтдийн гаргасан технологийг авч ашиглах хэрэгцээ шаардлагын үндсэн дээр эдгээр харилцааг зохицуулах эрхзүйн орчинг сайжруулах ажил үе шаттай явагдаж байна. Өмнө нь төрийн статустай эрдэм шинжилгээний байгууллага орлого олох, компаний үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байсан. Өнгөрсөн 11 сард эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам засгийн газраар батлагдсан. Уг журмаар эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон их сургуулиуд дэргэдээ гарааны компани байгуулах, энэ гарааны компаниуд нь 3 жил татвараас чөлөөлөгдөх боломжтой болсон. Энэ бол том алхам.
Дараагийн алхам нь эдгээр гарааны компаниудад хөрөнгө оруулалт татахаас эхлээд менежментийг хэрхэн авч явах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Эрдэмтэд бол судалгаа шинжилгээгээ хийгээд явахаас судалгааны үр дүнгээрээ бизнес хийх, компаниа байгуулаад удирдаад явах зэрэгт цаг зав болон менежментий мэдлэг, туршилга дутагдана. Мэдээж ШУП үүнтэй холбоотой бүх харилцааг зохицуулах боломжгүй. Харин ШУП-д харьяалагдах ЭШБ болон эрдэмтэд, гарааны компани, хөрөнгө оруулагчдын хамтран ажиллах орчинг бүрдүүлэх, менежметийн үйлчилгээ үзүүлэх, сургалтуудыг явуулах зэргээр шаардлагатай үйлчилгээнүүдийг үзүүлэх боломжтой.
Гэхдээ сүүлийн үед гарааны компани байгуулах, антрепренёрүүдийг хөгжүүлэх, бизнесээ хэрхэн амжилттай явуулахтай холбоотой олон төрлийн сургалт, програмууд явагддаг болсон нь Монголд венчир хөрөнгө оруулагчид, антрепренёр орчинг бий болгоход чухал.
- Монголд дэлхийн түвшинтэй эн тэнцэхүйц өндөр технологийн судалгаа хийгдэж байна уу?
Бидний хийсэн хүний нөөц, технологийн судалгааны үр дүнгээс харахад манай эрдэмтдийн түвшин Шинжлэх ухааны парк байгуулан, хөгжүүлэхэд бүрэн боломжтой хэмжээнд байна. Монголд ажиллаж буй эрдэмтэн судлаачдын дийлэнх хувь нь нийгмийн салбарт хамаардаг бол гадаадад амьдарч байгаа эрдэмтэн судлаачид байгалийн шинжлэх ухааны салбарт түлхүү сурч хөдөлмөрлөж байна. Өндөр түвшинд бэлтгэгдсэн эдгээр эрдэмтдийг эх орондоо ирж ажиллах нөхцлийг ШУП-аар дамжуулж бий болгоно гэсэн зорилттой ажиллаж байна.
Технологийн хувьд Монгол орны онцлогыг харгалзсан хөдөө аж ахуйн технологиуд дийлэнх хувийг эзэлж байна. Хэрвээ төрийн зүгээс бодлогын хувьд хөгжүүлэх чиглэлээ гаргаад, шинжлэх ухааны парк нь үүнтэй уялдаад ажиллавал эрдэмтэд, хувийн хэвшлүүд эдгээр чиглэлүүдрүү түлхүү анхаарч хөгжүүлэх замаар энэ нь дэлхийд Монгол брендүүдийг гаргахад гол түлхэц болох юм.
- Манай оюутнууд сүүлийн үеийн судалгааны материалыг ашиглаж чаддаггүй, зүгээр нэг лекц сонссоор байгаад төгсдөг. Та гадаад улсад суралцаж байсны хувьд энэ талаар юу гэж бодож байна вэ?
Миний хувьд Монгол болон Солонгос улсад суралцаж байсны хувьд энэ асуудлыг харьцуулж үзэх боломж бүрдсэн. Анх би биологийн чиглэлээр суралцах маш их хүсэл тэмүүлэлтэй МУИС-д элсэн орж байсан. Гэтэл тухайн үед хичээлийн материалууд нь голдуу орос хэл дээрх номнуудыг ашиглаж, туршилт судалгааны бааз суурь дутагдалтайгаас голдуу лекц сонсох хэлбэрээр явагддаг байсан. Тэгээд энэ мэргэжлээрээ илүү гүнзгийрүүлэн суралцах зорилгоор гадаадад суралцах шалгалтанд тэнцээд явж байсан. Солонгост суралцаж байхад ном сурах бичиг нь байнга шинэчлэгдэж, судалгаа хийх орчинг бүрэн бүрдүүлж өгдөг. Тиймээс докторын зэрэг хамгаалтлаа тус улсад суралцаж төгссөн.
Монголдоо буцаж ирээд шинжлэх ухааны парк байгуулах ажлын хүрээнд шинжлэх ухааны үр дүнг олон нийтэд таниулах, эдгээр ололт амжилтуудыг бизнест нэвтрүүлэх, оюутан судлаачдын сургалтын системийг илүү өндөр түвшинд гаргах замаар монголын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмэрийг оруулах зорилгоор энэ ажлыг хийгээд явж байна. Энэ бол гадаадад суралцаж төгссөн монгол оюутан болгонд байдаг бодол гэж бодож байна.
Монголд буцаж ирээд ажиллаж байхад оюутан судлаачид Шинжлэх ухаан технологийн сангийн оюуны санд байдаг эрдэмтдийн судалгааны тайлан, диссертаци зэргийг их ашиглах, мөн интернет орчинд мэдээллээ хайж олох зэргээр судалгааны материалуудыг өргөнөөр ашигладаг болсон нь харагдаж байсан.
Тиймээс их сургуулиудыг судалгаанд суурилсан их сургуулиуд болгох, багш оюутнуудын судалгааны ажлыг өндөр түвшинд хүргэх шинэчлэлийн үйл явцыг дэмждэг. Энэ шинэчлэлийн үр дүн тодорхой хугацааны дараа гарна гэдэгт найдаж байгаа.
- Хувийн хэвшил, их дээд, сургуулиуд ямар зарчмаар хамтарч ажиллавал үр дүнтэй вэ?
Гадны туршлагаас харахад том том компаниуд оюутнуудыг их сургуулиа төгсөхөөс нь өмнө бэлтгэж эхэлдэг. Их сургуулиудтайгаа нягт уялдаа холбоотой ажилладаг гэсэн үг. Компаниуд тухайн сургуулийн сургалтын хөтөлбөрт санал оруулах, төгсөх курсийн оюутнуудыг компани дээрээ дадлага хийлгүүлэх зэргээр компаниа танилцуулах, ажилтнуудаа эртнээс сонгож авах ажлуудыг явуулдаг. Их сургуулиуд ч гэсэн оюутнуудаа ажлын байрны шаардлагатай уялдуулан бэлтгэж, хоорондоо тухайн сургууль төгсөгчдийн хэдэн хувь нь ажилд орсон үзүүлэлтээрээ өрсөлдөж байдаг. Оюутан өөрөө ч гэсэн төгсөхөөсөө өмнө ажиллах компаниа сонгочихдог, тэнд ажилд ороход тавигддаг шаардлагуудыг эртнээс судлан өөрийгөө бэлтгэх боломжтой болдог. Манайд ийм тогтолцоо сайн бүрэлдээгүй байгаагаас хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцэхгүй боловсон хүчин бэлтгэгдэж гардаг байх. Мөн компаниудын хүний нөөцийн бодлого дутмаг байдагтай ч холбоотой.