Хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй
УИХ-ын чуулган
2015.07.10

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.07.09/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийг боловсруулахдаа хуулийн хэрэгцээг тодорхойлох нөхцөл байдлын шинжилгээ хийж, олон улсын туршлагыг судлахаас гадна олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг, бүсчилсэн семинарыг орон нутаг, нийслэлд зохион байгуулж, яам, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн захиргааны байгууллагууд болон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын болон төрийн бус байгууллагуудаас гаргасан санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж хуулийн төсөлд тусгасан байна.

Бодлогын баримт бичгүүдийн хэрэгжих хугацаа, зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ давхацсан, хоорондын уялдаа сул байгаагаас хэрэгжилт нь зорьсон үр дүнд хүрэхгүй байхын зэрэгцээ хэрэгцээ шаардлага, тооцоо, судалгаа хангалттай түвшинд хийгддэггүй, санхүүгийн эх үүсвэртэй уялддаггүй зэрэг нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байгааг харуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

Мөн хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналтын нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох, удирдлага, зохион байгуулалтын бүтцийг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчний чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага хоорондын мэдээллийн нэгдсэн сүлжээ бүрдүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнтэй тогтолцоо бий болгох зэрэг тулгамдсан асуудлууд байгаа талаар хууль санаачлагчийн илтгэлд дурдсан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж,  өөрсдийн байр сууриа илэрхийлсэний дараа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг 82.5 хувийн саналаар дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан