Эдийн засгийг хөгжүүлэх эдийн засгийн бус хүчин зүйл
Орчин үеийн дэлхийд соёлыг эдийн засгийн чухал сектор гэж үздэг болжээ
2015.04.29

Эдийн засгийг хөгжүүлэх эдийн засгийн бус хүчин зүйл

Манай  Ерөнхий  сайд Засгийн  газраа  бүрдүүлж, “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж үйл ажиллагааныхаа  гол  чиглэлийг  тунхаглан, ард түмэндээ  өргөнөөр  мэдээлэв.

Сүүлийн  үед эдийн засгийг хөгжүүлэх асуудлыг олон улсын хүрээнд нэлээд  шинэлэг байр сууринаас  авч үзэж, шинжээчдийн  судалгааны үр дүнг өргөнөөр хэлэлцэж байгаа тул,  бид ч гэсэн  анхаарч  байвал  илүүдэхгүй  бол уу.  Уг байр суурийг товчилж, “эдийн засгийг  хөгжүүлэх эдийн засгийн  бус  хүчин зүйл”  гэж нэрлэх нь зүйтэй.

Аль ч улс үндэстэн, угсаатны   түүхэн явцад үүсэн тогтнож,  өөрчлөгдөж, үхширтэл баримтлагдаж ч ирсэн   уламжлал, үзэл санаа,  сургааль, шашин шүтлэг, эрдэм номд хандах,  хорвоо ертөнцийг үзэх гэх зэргийг  бараг төгсгөлгүй дараалалд  жагсааж болмоор юм.  Дээрх  сайн, төдий сайн ч бус байж болох амин туршлага,  ёс заншил, арга  хандлага,  уламжлалыг  нэгтгэж, “соёлын капитал” гэж нэрлэн томъёолжээ. Аль ч “соёлын капитал” нь ижил  бусдынхаа дунд  бүрэн тэгш эрхтэй (“мультикультурализм”)  гэж  зүй ёсоор  үзэж   ирсэн байна.  Гэсэн ч, тухайн “соёлын капитал” нь  төрүүлэн эзэмшигч улс орны   орчин үеийн  дэвшингүй  хөгжилд гол төлөв  дэм тус үзүүлж байна  уу?  эсвэл  зарим  талдаа  саад тотгор болох төлөвтэй юү?  гэсэн асуудал тавигдаж, нөгөө  тэгшитгэгч “мультикультурализм”   нь  буруутах  болсон биш үү? гэж эргэлзэх болов.

Шинжээчдийн  судалгаанаас  товчлон  авч  үзье: 1980-аад онд Японы    нэгэн том тэрбумтан өөрийн  намтрыг  жишэж,  дэлхийн II-р  дайнд бутцохигдож, атомын бөмбөгдөлтөд  нэрвэгдсэн, эдийн засаг,  сэтгэл санааны  гүн гүнзгий уналтад  орсон Япон улс Кун-зын сургаалийг түшиц болгож,  10-аадхан  жилд  цаашдын  үсрэнгүй хөгжлийнхөө  суурийг тавьж,  зохиогч тэрбумтан  ядуу зүдүү  байснаа,  улсынхаа  их баячуудын тоонд орж чадсан тухайгаа бичжээ. АНУ-ын нэгэн  шинжээчийн  номд  еврейн   үндэстний  өндөр  хөгжлийг   жишэж,    тэдний  эртний “соёлын  капитал”-ын  ач тус гээд, мөн  Кун-зын  сургаалийг уламжлан дагалдаж, Япон, БНСУ өндөр хөгжилд  хүрсэн гэж  үзжээ. БНХАУ-д Кун-зын  үзэл   уламжлагдсан  тул,  өнөөгийн хөгжилд нь огт  нөлөөлөөгүй гэж   үзэх аргагүй. АНУ, Их Британи, Герман,  Скандинавын Швед  зэргийн   хэдэн  улс үндэстэн   протестант шашиныг  баримтлагч тул,  өндөр  хөгжилд  хүрсэн   гэж үзжээ.

Монголчууд  өөрсдийн  үндэсний багагүй “соёлын  капитал”-ыг сайвтар  ухамсарлаж, сайныг нь  хөгжлийнхөө хүчит  дэм болгох, саарыг нь бууруулах,  өөрчлөх нөөц бололцоо манайд их  бий. 

Сингапурын ерөнхий сайд агсан  ноён Ли Куан Ю-гийн  туршлагаас  ч  авч үзэхэд  буруутах юү байх вэ?  Бидний  дутагдаж байгаа  эв эе, ам ажлын нэгдэл,  боловсрол   мэдлэг, нэг багийн амьсгаагаар ажиллах гэдэг нь эдийн засгийг хөгжүүлэх  эдийн засгийн бус  хүчин зүйлд  шууд хамаарагдах шүү дээ.