Монголд Арабын шейх мэт амьдрах боломж
Байгалийн баялгийн хараалыг ерөөл болгосон улс орнуудын хүн ам өнөөдөр Арабын Шейх мэт л жарган, эх орондоо эзэн нь болон амьдарч байна.
Монголчууд бид тэр ерөөлийг хүртэх хувь зохиолтой улсууд гэж цээжээ дэлдсээр өөр хоорондоо талцан, нэгнийгээ үгүйсгэн өдийг хүрч, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтын их давалгаанд цохигджээ.
Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд 2004-2006 онд боломжийн байсан учир “Үүлэн чөлөөний нар туслаа” гэж төсвийн орлого, зарлага овоо нэмэгдсэн. Эдийн засгийн хуримтлалтай болох анхны оролдлого хийсэн. Тухайлбал, Ашигт малтмалын үнийн гэнэтийн өсөлтийн албан татвар бий болгож, “Монгол Улсыг хөгжүүлэх сан” бүрдүүлсэн. Ингээд энэ санд чамгүй мөнгө хуримтлуулсан ч, арвижуулж чадалгүйгээр хэрэглээд дуусгачихсан.
Гэтэл 2008, 2009 онд түүхий эдийн үнэ унаад эдийн засаг маань хямарч маш хүнд байдалд орсон.
Энэ мэт өнөөдрийн байдлыг үзэхэд бид боломжоо ашиглаж чадалгүй яваад л цаг хугацааг элээсээр...
Байгалийн баялгийг зол болгоход Баялгийн сан байгуулж, зөв удирдаж, хуримтлалыг бий болгож, ирээдүй хойч үедээ өвлүүлэх шилдэг арга барил дэлхийд аль хэдийн батлагдсан. Гэсэн атал санг байгуулах ажил хойрго байсаар л байна.
Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Ч.Улаан Сангийн сайд байх үедээ Баялгийн сан байгуулах ажилд идэвх гаргаж, бүр яамны хэмжээний бүхэл бүтэн хэлтэс бий болгохоор төлөвлөж, гадаадад судлагаа хийж, Монголд байгаа дөчөөд санг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Монголд ийм олон сан байдаг мөртлөө Баялгийн сан л байдаггүй нь хачирхалтай.
УИХ-ын гишүүн Ч.Улаан
Ерөнхийдөө дэлхийд баялгийн сангийн эх үүсвэр нь ихэвчлэн түүхий эдийн экспортын орлого, төлбөрийн тэнцэлийн илүүдэл, төсвийн ашиг, валют арилжаанаас олсон ашиг болон хувьчлалын орлогоос бүрддэг.
Харин манай улсад 40 сангаас дөрөв нь тусгай сангийн хэлбэртэй бөгөөд Засгийн газрын нөөцийн сан, Тогтворжуулалтын сан, Хөрөнгө оруулалтын сан, Хүний хөгжлийн сангууд тус тус ажиллаж байна.
Эдгээрээс Хүний хөгжлийн сан, Төсвийн тогтворжуулалтын сангууд нь Баялгийн сангийн хэлбэртэй. Монгол Улс 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хууль, 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тус тус баталснаар Хүний хөгжил сан, Төсвийн тогтворжуулалтын сангуудыг тус тус үүсгэн байгуулсан.
Эдгээр сангууд нь ашигт малтмалын салбараас орж ирэх төсвийн орлогын зохих хэсгээр бүрддэг сангуудад хуримтлал үүсгэх, хуримтлагдсан хөрөнгийг гадаад, дотоодын зах зээлд үнэт цаас, хувьцаа зэрэг санхүүгийн хөрөнгө оруулалт хийх буюу дээр дурьдсан тогтворжуулалтын болон хурмитлалын зорилго бүхий баялгийн сангийн хэлбэрээр ажиллах тодорхой шинж чанарыг агуулж байна.
www.iltod.gov.mn сайтаас сангийн тухай мэдээллийг авлаа.
Хүний Хөгжил Сан
Хүний хөгжил сан нь ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилготой.
Хүний хөгжил сангийн тухай хуулиар тус санд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого, Ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг, Хөрөнгө оруулалт хийснээс орох цэвэр ашиг, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлийн тодорхой хэсэг.
Зарцуулалт
Хүний хөгжил сангийн тухай хуульд зааснаар тус сангаас дараах хэлбэрээр иргэдэд хишиг, хувь хүртээж болохоор заасан. Үүнд:
- Тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр;
- Орон сууц худалдаж авсны төлбөр;
- Бэлэн мөнгө;
- Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр.
- Хүснэгт 1. Хүний хөгжил сангийн хишиг хувь хүртсэн хүний тоо
-
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /хуучин нэрээр/ - Хүний хөгжил сангаас 2010-2012 оны хугацаанд нийт 921.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох зорилтыг хангахтай холбогдуулан 1968.7 тэрбум төгрөгийн зарлага гаргасан ба тус сангийн алдагдал 1047 тэрбум төгрөгт хүрсэн. Нийт зарлагын санхүүжилтийн 89.4 хувь нь бэлэн мөнгө хэлбэрээр хишиг, хувь олгоход зориулагдсан байна.
- Хүснэгт 2. Хүний Хөгжил Сангийн 2010-2012 оны төсвийн гүйцэтгэл
2014 оны байдлаар Хүний хөгжил санд 425 тэрбум төгрөгийн орлого орж, 312 тэрбумыг нь эрүүл мэндийн даатгал, хүүхдийн мөнгөнд зарцуулжээ.
Уг нь гурван сая Монголчуудад их боломж бий.
Гэхдээ өнөөдрийн байдлаарХүний хөгжил сан нь орлогоос давсан зарлагыг санхүүжүүлж байсан нь багагүй хэмжээний өглөг үүсгэжээ.
Уг нь хуримтлал бий болгож байх ёстой сан эсрэгээрээ өртэй болж хувирсан нь улс төрчдийн бэлэн мөнгө тараалттай шууд холбоотой.
Төсвийн тогтворжуулалтын сан
2010 онд Монгол Улсын Төсвийн Тогтвортой Байдлын Тухай хууль батлагдсанаар Төсвийн Тогтворжуулалтын санг байгуулсан.
Тус сан нь эдийн засгийн цикл болон эрдэс, түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс шалтгаалсан төсвийн орлогын хэлбэлзлийг бууруулах, тогтворжуулах зорилготой.
Орлого бүрдэлт
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар тус сангийн орлогыг дараах эх үүсвэрээс бүрдүүлэхээр хуульчилсан. Үүнд:
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөлөөр тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос[1] давсан төсвийн орлого
- Тэнцвэржүүлсэн төсвийн ашиг;
- Сангийн санхүүгийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлого;
- Засгийн газрын нөөц сан болон эрсдэлийн сангийн зарцуулагдаагүй хөрөнгөөс бүрдэнэ.
Зарцуулалт
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар тус сангаас дор дурдсан зорилгоор санхүүжилт хийж болно хэмээн хуульчилсан. Үүнд:
- Тухайн жилийн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө, төсвийн орлогын гүйцэтгэлийн зөрүү;
- ДНБ-ий өсөлт 0 эсвэл хасах хувьтай гарах
- Гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн ДНБ-ий таван хувь ба түүнээс дээш хэмжээнд хүрэхээр бол тухай сангаас зарцуулалт хийгдэнэ.
Одоогийн байдлаар хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй учраас сангаас ямар нэг зарцуулалт хийгдээгүй байна.
Тус сан нь байгуулагдсанаасаа хойш 2012 оны 8 сарын байдлаар 266.5 тэрбум буюу 197.0 орчим сая ам.доллар төвлөрөөд байгаа бөгөөд 2014-2018 оны төсөөллийг дараах хүснэгтэд харуулав.
Хүснэгт 1. Тогтворжуулалтын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл /тэрбум төгрөг/
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар Төсвийн Тогтворжуулалтын сангийн хөрөнгийн ДНБ-ний 10%-иас давсан хөрөнгөөр дотоодын болон гадаадын зах зээлд урт хугацааны санхүүгийн хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд дотоодод Хөгжлийн банкны буцаан худалдан авах нөхцөлтэй гаргасан үнэт цаасыг худалдаж авна гэж заасан байдаг. Гэвч одоогийн байдлаар Сангийн хөрөнгө ДНБ-ий 10%-д хүрээгүй байгаа.
Эцэст нь
Тэгэхээр Хүний хөгжил сан болон Төсвийн тогтворжуулалтын сангуудын үйл ажиллагаа, орлого зарлагаас харахад нэг нь өртэй, нөгөө нь уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналттай холбоотойгоор төсвийг л тогтворжуулаад яваад байгаа бөгөөд юун Хуримтлал бий болгож, арвижуулж, ирээдүйд мөнгө үлдээх.
Тиймээс одоо ашиггүй ажиллаж байгаа сангуудыг цэгцэлж, Баялгийн санг байгуулж, зөв удирдлага, менежментийг хангах зайлшгүй шаардлага иржээ.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат одоогийн байдлаар эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулж, төсвөө тодотгох вэ гээд л завгүй байгаа учир сангийн тухай ч бодох сөхөөгүй байгаа нь ойлгомжтой.
Уг нь гурван сая Монголчуудад их боломж бий.