Охид, хөвгүүд ээ! Эрүүл мэндээрээ гоёцгооё
2015.12.03

Охид, хөвгүүд ээ! Эрүүл мэндээрээ гоёцгооё

Өсвөр насныхан хаана байна вэ. Гэртээ ч, сургууль дээрээ ч алга. Тэд Фэйсбүүк хэмээх нэгэн сонирхолтой, сүүлийн үеийн хүчтэй чиг хандлага болоод буй сүлжээнд 24 цагийн турш амьдарч, мэдээллээр амьсгалж тэнд л цэцэгхэн нас нь өнгөрч, хэн нэгэн хөөрхөн охин, таалагддаг хөвгүүнийхээ мэдээллийг уншиж, зурган дээр нь лайк даран завгүй байцгаана.

Та бүхний сонирхлыг татах зүйл маш олон. Ганган дэгжин хувцас, эд хэрэглэлээр гоёхоос гадна боловсрол, оюун санаа, бие бялдарын хөгжилдөө тэгш анхаарах болсон нь фэйсбүүктээ тавьсан сельфиний зураг, мэдээллээс маш тод харагддаг.

Гэхдээ охидуудаа, хөвгүүдээ чамайг хэзээ ч тойрч гарахгүй чухал зүйл рүү анхаарлаа түр хандуулаач. Магадгүй чамд математик сурахгүй байлаа гээд амьдрал дээр ноцтой, амь насанд чинь хүрэхүйц аюул тулгарахгүй нь ойлгомжтой. Харин эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудлыг мэдэж, ойлгож, амьдралдаа хэвшүүлэхгүйгээр чи өөрийгөө болон хайртай хүмүүсээ аливаа өвчин эмгэг, эрсдэл үхлээс хамгаалж чадахгүй гэдгийг нэг бодоод үзээрэй.  

Тэд эцэг эхээсээ хараат бус байхыг эрмэлзэнэ.

Өсвөр нас бол яах аргагүй хүний амьдралын хамгийн эгзэгтэй, бас хариуцлагатай үе. Арван гурваас арван долоон насандшилжилтийн насны гол гол өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Ихэнхи охидын сарын тэмдэг ирнэ. Хөвгүүдэд нойтон зүүд бий болно. Тэд эцэг эхээсээ хараат бус байхыг эрмэлзэнэ. Найз нөхөд чинь илүү чухал болж ирнэ. Бэлгийн мэдрэмж, таашаалын талаарх ойлголт нь илүү болж, заримдаа бэлгийн мөрөөдөлд автаж болно. Зан ааш тогтворгүй болно. Анхны хайр дурлалтайгаа учирна. Бэлгийн зан үйл тогтож эхэлнэ. Өөртөө илүү их анхаарал тавьж эхэлдэг тийм л сайхан нас.

Гэвч сүүлийн жилүүдэд манай улсын хувьд бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүсийн дотор 15-24 насныхан ихэнхи хувийг эзлэх болсон бөгөөд ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, оюутнуудын дунд заг хүйтэн, тэмбүү өвчин их байгааг Эрүүл мэнд, спортын яамны мэргэжилтнүүд хэлэх боллоо.

Тэмбүү өвчин бол бэлгийн замаар дамждаг бөгөөд манай улсад далан жилийн өмнө нэрийг нь хэлэхээс цээрлэдэг байсан, амьсгалах үүрэгтэй хамар гэдэг эрхтэнийг устгах хүртэл аймшигтай үр дагавартай, цуснаас арилдаггүй өвчин юм. Харин уг өвчинг Өвөрмонголчууд орчуулахдаа “Насан туршийн шившгийн тамга” хэмээн нэрийддэг нь нэгийг бодогдуулна.

Эдийн засаг талаас нь тайлбарлавал хүүхэд насандаа өвчилсөний улмаас насанд хүрсэн хойноо орлого олох чадамж алдагдах явдал байдаг ажээ.

Хэдийгээр эдийн засгийн хөгжлийн түлхүүрийг боловсрол хэмээн олноор хүлээн зөвшөөрч боловсролын ололт амжилтад хүүхэд насны эрүүл мэнд чухал ач холбогдлыг тэр бүр ухаардаггүй. Эрүүл мэнд сул байснаар оюуны чадавхи буурч сургуульд явахгүй байх, хичээлд анхааралгүй болох, сургууль эрт завсардах зэргээр тухайн хүний ирээдүйн сайн сайхан боломж, амьдралын чанарыг нь доголдуулдаг юм.

Өсвөр үеийнхэн та бүхэн энэ тухай мэдсэн үү.

Бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийг насны ангиллаар үзвэл нийт өвчлөгсдийн 0.7% нь 5-14 насны, 43% нь 15-24 насны, 50.5% нь 25-44 насны, 4.6% нь 45-64 насны 0.2% нь 65-аас дээш хүмүүс байна. Эндээс үзэхэд тэмбүүгийн өвчлөл 15-29 насныхан дунд хамгийн өндөр хувьтай байгаа нь сэтгэл түгшээнэ. Өсвөр үеийнхэн та бүхэн энэ тухай мэдсэн үү.

Чиний эргэн тойронд, магадгүй фэйсбүүкээс зургийг нь нууцхан харж, шохоорхдог охин чинь, хөвгүүн чинь, чиний эргэн тойронд байх найзууд чинь өвчтэй байхыг үгүйсгэхгүй.

Сурагчид та бүхний дунд, хэн нэгэн найз нөхөд чинь санамсаргүй байдлаас болж, кинон дээр харсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэх гэж, эсвэл нэгэн үеийн сэтгэл хөөрлөөс болоод харамсах алхам хийгээгүй биз. Эргээд нэг бодоорой.

Бэлгийн харьцаанд эрт орох нь жирэмслэлт, ХДХВ болон бэлгийн замаар дамжих халдваар өвчлөх эрсдэлийг авчирдаг. Дэлхий дээр 2008 оны байдлаар 30 гаруй сая хүн ХДХВ-ийн халдвар тээн амьдарч байна. Үүнээс 15-24 насны залуучууд 5.4 сая орчим нь байна. Энэ өвчний улмаас жилд 2 сая гаруй хүн ДОХ-оос үүдэлтэй өвчний улмаас нас барж, 2.7 сая нь шинээр ХДХВ-ийн халдвар тээгч болсон байна.

Гэвч Монголын сурагчдын дунд явуулсан судалгаанаас үзэхэд нийт 5142 сурагчид хариулт өгсөний 15.3 хувь нь бэлгийн харьцаанд орсон байв. Анги ахих тусам бэлгийн харьцаанд орсон сурагчдын хувь нэмэгдэж байгаа юм.

Эрт бэлгийн харьцаанд орох буюу 15 нас хүрэхээсээ өмнө нийт сурагчдын 19.3 хувь бэлгийн харьцаанд орсон, 55.4 хувь нь бэлгэвч хэрэглээгүй нь хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Мөн сурагчдын дунд явуулсан судалгаагаар архи согтууруулах ундаа хэрэглэсний дараа бэлгийн хавьталд орох явдал нилээд их хэмээн 49.2 хувь нь, бага зэрэг байдаг хэмээн 27.6 хувь нь хариулжээ. Энэхүү судалгаа нь 2013 онд “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа” Монгол улс, ЕБС-ын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох зорилготой байсан юм.

Бэлгийн зөв зан үйлтэй болцгооё

Зан үйл гэдэг нь хүний аж амьдралтай уялдаж, хэвшиж тогтсон хэвшил, түүнтэй холбоотой хийдэг үйл хөдлөлийг хэлнэ.

Хүмүүс бие биендээ татагдах нь байгалиас заяагдсан мэдрэмж бөгөөд хүсэлдээ хөтлөгдөж үерхэж, нөхөрлөдөг. Харилцан дурласан, дотно харилцаатай хүмүүс өөрсдийн бэлгийн мэдрэмжээ бие махбодийн үйлдлээр илэрхийлэх арга хэлбэрийг бэлгийн зан үйл гэдэг. Тиймээс та энэ хорвоо дэлхий дээр амьдрах хугацаандаа бэлгийн зан үйлээ зөв бөгөөд ухаалгаар, тодорхой мэдээлэлтэй, бэлтгэлтэй, эрсдэлтэй алхмаас сэргийлсэн үедээ зөв эхлүүлэх нь хамгийн чухал юм шүү.

Харин эсрэгээрээ хамгаалалтгүй, хүсээгүй бэлгийн хавьтал нь аюултай, эрсдэлтэй бэлгийн зан үйлд тооцогдоно. Энэ нь хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин, ХДХВ/ДОХ зэрэг эрсдэлтэй амьдралд хөтөлдөг болохыг анхаарна уу.

Анги ахих тусам бэлгийн харьцаанд орсон сурагчдын хувь нэмэгдэж байгаа юм.

Тиймээс бэлгийн зөв зан үйлтэй болохын тулд өөрийн эрүүл мэндийн хичээл болон эргэн тойрны орчноос авсан янз бүрийн сайн муу, үнэн худлаа мэдээллийг шүүн тунгааж, хамгийн  гол нь өсвөр насандаа бэлгийн хавьтлыг тэвчсэнээр нөхөн үржихүйн эрхтнээ эрүүл бөгөөд төгс хөгжих нөхцөлийг бүрдүүлэх боломжтой.

Энэ л эрч хүч, өөрийн хувийн хөгжлийн төлөвлөгөөгөө бүх л талд чиглүүлж боловсролтойгоо хамт, эрүүл мэнд, нөхөн үржихүйн зөв мэдээллийг мэдлэг болгож, өөрийн бэлгийн зан үйл хандлагадаа тусгаарай.

Чамд эрсдэлтэй зүйл тохиолдвол чи юу хийх вэ?

Чамд эрсдэлтэй зүйл тохиолдвол чи ямар алхам вэ.Магадгүй гүүгл, Фэйсбүүк зэрэг сайтууд руу орж мэдээллээ хайж, үндэслэлтэй үндэслэлгүй, үнэн худлаа нь мэдэгдэхгүй олон мянган илэрц илэрнэ.

 Шинэ зууны хүмүүс, секунд, хором мөчөөр өөрчлөгдөх технологийн хөгжил дунд бага наснаасаа л томоос том дуусашгүй мэдээллийн урсгалыг харж, сонсч, үзэж, мэдэрч байгаа учир тэрхүү илэрцэд төөрөх магадлалтай. Тиймээс хамгийн ойр дотны зөвлөгч болох ээж, аав, ах эгчдээ хандах хэрэгтэй. Эсвэл мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авья гэвэл дараах газруудад хандаж боломжтой.

Ирээдүйн босго өсвөр үеийн төвүүд:
  • ЧД, ЭМН, Амбултори 1,5-р сургуулийн дэргэд

СХД, Эрүүл мэндийн нэгдлийн амбулатори /Толгойтын шинэ эцэс/

ЭХЭМТ, НҮЭМ-ийн зөлөх поликлиникийн 2-р давхарт

БЗД, Эрүүл мэндийн нэгдэл, 1-р амбулатори /97-р сургуулийн дэргэд/

БЗД, Эрүүл мэндийн нэгдэл, 2-р амбулатори /92-р сургуулийн дэргэд/

ШУТИС-ийн хичээлийн 4-р байр, 1 давхарт

  • Улаан тууз эмнэлэг. Халдварт өвчин судлалын үндэсний төв
  • Өсвөр үе ирээдүй төв. СБД 8-р хороо, 44А байр, Хүүхдийн төлөө газар, 101 тоот. Утас:312151
  • “Гүнж” төв. СБД, 6-р хороо, 44-р байр 2 тоот

           Утас: 50110110, 70105105

Бэлгийн замаар дамжих халдвар авсан ч ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол бараг 60-70 хувьтай байдаг учраас тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон, эргэлзээ төрж, айдас мэдрэгдэж санаа зовниж байгаа бол эмчид хандан бэлгийн эрүүл мэндээ шалгуулах хэрэгтэй гэдгийг мартуузай.

Нэгэнт халдвар авсан тохиолдолд мэргэжлийн эмчид эрт хандалгүй, оношлогоо эмчилгээг оройтуулах, өөрийгөө эмчлэх, зэрэг нь өвчнийг архагшуулж, хүндрүүлэх, үргүйдэлд хүргэх,  ирээдүйд аав ээж болж чадахгүй болох, хүүхэд чинь дутуу төрөх, урагт нь халдварлах зэрэг нь бүхий л эрхтэн системийг гэмтээх, улмаар үхэлд ч хүргэх аюултай.

Бэлгийн замаар дамжих халдварын сөрөг үр дагавар нь нөхөн үржихүйн эрхтнүүд гэмтдэг, ураг зулбах, умайн гадуур жирэмслэх, дутуу төрөх, үргүйдэлд хүрэх, улмаар шээсний суваг нарийсдаг байна.

Эцэст нь хэлэхэд, өсвөр насанд хийх маш олон зүйл бий шүү. Өсвөр насандаа дэлхийн амжилтыг эвдсэн, шилдэг болж амжилтанд хүрсэн хүүхдүүдийг харж, сонсч байсан л биз дээ.

Манай улсын хувьд гэхэд л электрон жаал хэмээх нэрээр олонд танигдаж, 16 насандаа “Ес-эрдэм” сургуулийг байгуулж, өдгөө 3000 гаруй шавьтай болоод байгаа Э.Энхпүрэв билээ. Шатрын их мастер Б.Мөнгөнтуул 12 насандаа Улсын аварга, 13 насандаа Олон улсын аварга болсон. Өсвөр насныхан та бүхэнд хийх маш олон зүйл байна. Дуучин Жастин Бибэр байна. Бас л өсвөр насандаа дэлхийд танигдсан од болсон.

Гэхдээ хамгийн гол амжилт нь эрүүл мэндээрээ өөрийгөө гоёж, бие, оюун ухаанаа эрүүл саруул авч явах юм шүү.