Олон улсын жишигт нийцсэн нярайн тасагтай боллоо
Олон улсын жишигт нийцсэн нярайн тасагтай боллоо
2015.11.23

Олон улсын жишигт нийцсэн нярайн тасагтай боллоо

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нярай судлалын тасаг олон улсын жишигт нийцсэн нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үзүүлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн кабинеттай боллоо.

Манай улсын хэмжээнд дутуу төрөлтийн эзлэх хувь, бага жинтэй нярай хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд тэдгээр хүүхдүүдэд удаан хугацаанд эмчилгээ хийх технологи, орчин нэн шаардлагатай байсан билээ. 

Тус эмнэлгийн Нярай судлалын тасаг 1987 онд анх байгуулагдаж, түүнээс хойш бүрэн засвар шинэчлэл хийж чадалгүй, урсгал засвараар эдүгээг хүртэл аргацааж, харин эмч мэргэжилтнүүд өөрсдийн мэргэжлийн ур чадвартаа тулгуурлан эмчилгээ хийж ирсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа, JCI Монгол байгууллагын захирал М.Батбаяр, Монгол Улсаас Герман улсад сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, “Итгэл-Хавдаргүй Монгол” сангийн тэргүүн Э.Эрдэнэ нарын хувь хүн, ТББ, иргэдийн  санаачилга, хандив тусламжийн үр дүнд маш богино хугацаанд эмчилгээ нэн шаардлагатай нярай хүүхдүүдийг хүлээн авч эмчлэх тасагтай болсон байна. Нярайн тасгийг засварлахдаа чанар шаардлага хангасан сайн чанарын материалаар хийсний зэрэгцээ өрөөний бүтэц зохион байгуулалтыг нь олон улсын жишигт нийцүүлж, хамгийн сүүлийн үеийн технологийн тоног төхөөрөмжөөр тохижуулжээ. 

Тодруулбал, нийт 20 төрлийн 3000 гаруй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эмнэлгийн эд хогшил авчирч, тус тасгийг тохижуулсан бөгөөд тэр дундаа эрчимт эмчилгээний тасагт зайлшгүй шаардлагатай цахилгаан үүсгүүр нь Монголд анх удаа оруулж ирсэн тоног төхөөрөмж юм байна. Кабинет нийтдээ дөрвөн том эмчилгээний заал, хоёр тусгаарлах өрөөтэй бөгөөд өрөөнд хяналтын камер суурилагдсан байна.

Үүнээс гадна агааржуулалтын системийг бүрэн шийдсэн тул  хамгийн ариун орчинд нярайн эмчилгээг хийх боломж бүрджээ. Төрөлт ихсэхийн хэрээр дутуу төрөлт нэмэгддэг бөгөөд энэ тасгийг ашиглалтад оруулснаар нярайн эндэгдлийг 50 орчим хувиар бууруулах боломжтойгоос гадна,  үүсч болох хүндрэлүүдэд богино хугацаанд яаралтай арга хэмжээ авч, эмчилгээ хийх боломжтой болсон байна.

Нярайн тасагт өнөөдрийн байдлаар 26 нярай эмчлэгдэж байгаа аж.  Нярайн тасагт өдөрт 25-40 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна. Өмнө нь өргөн ор бүхий хавтан дээр хоёр хүүхдийг зэрэгцүүлэн хэвтүүлж, эмчилдэг байсан бол харин эдүгээ тасаг шинэчлэгдсэнээр  зориулалтын ор дээр нэг нярайн хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр хэвтүүлж, эмчлэх боломжтой болж байгаа аж. Монгол улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 97.2 байсан бол 2012 онд 18.9 болж, 22 жилийн дотор 80.5 хувиар буурсан боловч зарим бүс нутаг, аймгуудад хүүхдийн эндэгдлийн төвшин өндөр хэвээр байгаа юм. 

С.Одонтуяа: Сэтгэл байхад шийдэл ямагт байдаг юм байна /УИХ-ын гишүүн/

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

-JCI Монгол байгууллагаас санаачлан ажиллаж,  маш богино хугацаанд олон улсын жишигт нийцсэн  нярайн иж бүрэн тасгийг  ашиглалтад оруулж байна. Зургаан сарын өмнө JCI байгууллагын залуус ийм төсөл хэрэгжүүлмээр байна гэж над дээр ирсэн. Ийм чухал төслийг дэмжихгүй байхын аргагүй.  Анх төслийг харахад маш олон хүндрэлүүд харагдаж байсан. Гэхдээ сэтгэл байхад шийдэл ямагт байдаг юм байна.  Улсын төсвөөс хамаарахгүйгээр JCI  байгууллагын залуучууд сэтгэл, зориг гарган энэхүү төслийг хэрэгжүүлж чадлаа.

Жинхэнэ эх орончид гэж эдгээр залуучуудаа тодорхойлж хэлмээр байна. Энэ тасаг цахилгаан тасрах гэх мэт ямар нэг саатал гарах үед юунаас ч хамаарахгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой. Жилд дунджаар 250 дутуу төрсөн нярай хүүхэд энддэг гэсэн тоон баримт бий. Харин эдүгээ тасаг ашиглалтад орсноор хүүхдийн эндэгдэл буурна гэдэгт итгэлтэй байна. Мянганы хөгжлийн зорилтоо биелүүлэхэд энэ ажил маш том түлхэц үзүүллээ. 

Ш.Энхтөр: Өмнө нь ийм тасаг Монголд байгаагүй

/Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал/

-Монгол Улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа эх хүүхдийн эрүүл мэндийн салбарт чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Бид хамтын хичээл зүтгэлийн дүнд Монгол Улсад дэлхийн жишигт хүрсэн нярайн сэхээн амьдруулах тасгийг нээж байна. JCI Монгол байгууллагын төлөөлөл манай байгууллагад ирж уулзаад, ямар чиглэлд  хамтран ажиллах талаар ярилцсан. Бидний зүгээс  олон асуудал дотроос нярайн тусламж үйлчилгээг сайжруулах орчныг бүрдүүлж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан юм. 

Энэ дагуу JCI Монгол байгууллагаас нярай судлалыг  тасгийг иж бүрэн засварлаж,  тохижуулж өгсөн. 1990 онтой харьцуулахад нярайн эндэгдэл буурсан.  Хүүхдийн эндэгдлийг бууруулахыг тулд хамгийн гол нь нярай үед нь анхаарал тавьж, өндөр технологиор эмчилж чадвал нярай хүүхдийн эндэгдэл цаашдаа  тасралтгүй буурч, өндөр хөгжилтэй орны төвшинд хүрэх боломж байгаа юм. Байр техник технологийн хувьд  дэлхийн өндөр хөгжилтэй оронд байдаг тасагтай болсондоо баяртай байна.  Өмнө нь ийм тасаг Монголд байгаагүй. 

Г.Баярхүү: Дутуу төрсөн нярай болон бага жинтэй нярайн эндэгдэлийг бодитойгоор бууруулах төсөл болсонд баяртай байна

/JCI Монгол байгууллагын 2015 оны Үндэсний Eрөнхийлөгч/
-Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, JCI Монгол байгууллага хамтран олон улсын жишигт хүрсэн нярайн эрчимт эмчилгээний тасгийг нээж байгаадаа баяртай байна. JCI Монгол байгууллага нийгэмдээ тодорхой хэмжээгээр эерэг өөрчлөлт хийхийн тулд судалгааны ажлыг хийж, нэн шаардлагатай байгаа салбаруудыг тодорхойлж, төсөл хэрэгжүүлдэг.

Энэ дагуу бид Ш.Энхтөр захиралтай уулзаж, зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа чиглэлийг сонгон авч хамтран ажиллаж,  маш богино хугацаанд уг төслийг хэрэгжүүллээ. Маш олон аж ахуй нэгж, төрийн байгууллага, JCI Монгол байгууллагын үе үеийн удирдлагууд, мөн иргэд хандив өгч, хамтран ажилласан.  Зөвхөн засвар үйлчилгээний ажилд 140 гаруй сая төгрөгийг зарцуулсан байгаа.  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний  төвийн удирдлага, ажилтнуудын туслалцаатайгаар амжилттай хэрэгжүүлж чадлаа. Дутуу төрсөн нярай болон бага жинтэй нярайн эндэгдэлийг бодитойгоор бууруулах төсөл болсонд баяртай байгаа.