Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээгдлээ
2023.09.12

Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож үг хэллээ.

“Дорноговь, Өмнөговь аймаг ирэх онд ийм төвтэй болно. Цаашид Засгийн газраас 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна” гэдгийг Ерөнхий сайд дурдлаа. Тэрбээр Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцох үеэрээ МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана гэдгээ зарласан, бусад намууддаа ч уриалж буйгаа дахин илэрхийллээ. “Илүү хүмүүнлэг, иргэддээ ээлтэй, эерэг сэтгэлгээ бүхий бүтээлч нийгмийг бий болгохын төлөө хамтдаа хичээцгээе” гэж Ерөнхий сайд хэллээ.

Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барьжээ. Аймгууд ийм төвтэй болсноор олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмших, хөгжих боломж бүрдэх юм.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудлаар нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл хийж, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоож, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааны тэтгэмжийг 2-3 дахин нэмсэн. Төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд хоёр дахин бууруулаад байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа.

100 ортой нэгдсэн эмнэлэг баригдаж, ажлын явц 95 хувьтай байна. Мэс заслын вакум өрөө, гадна зогсоол, тохижилт болон зам засварын ажилд хөрөнгө шаардлагатай байгааг эмнэлгийн удирдлага танилцуулав. Энэ асуудлыг судалж, шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт Ерөнхий сайд үүрэг болголоо.

Тус эмнэлгийн барилга ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, цогц үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Мөн дэвшилтэт технологи ашиглан мэс заслын тасгийг вакумжуулж тархи, судас, өвдөг, түнх, хавдрын мэс засал хийх боломж бий болох ажээ.

Одоо үйл ажиллагаа явуулж буй Нэгдсэн эмнэлэг нь долоон алба, 14 тасагтай бөгөөд 1980 онд хүүхдийн эмнэлгийн зориулалтаар баригджээ.