Цар тахлын нөлөөллөөс үүдсэн технологийн дэвшил
Цар тахлын нөлөө нийгмийн бүхий л салбарт их, бага хэмжээгээр цохилт өгсөн. Үүнээс эрүүл мэндийн салбар хамгийн их өөрчлөлт, шинэчлэлтэй нүүр тулсан нь маргаангүй. Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмж, мэдээллийн аюулгүй байдал, тоног төхөөрөмж, техник технологид томоохон дэвшил гарч буй нь анагаах ухааны салбар бусад салбараас, хөгжлөөр түүчээлж буйн тод илрэл юм.
Технологийн дэвшлийн ачаар дэлхийн өнцөг булан бүрт эмч, ажилчид өвчтөнтэйгөө алсаас харилцах улмаар оношлох, хянах, эмчлэх бүрэн боломжтой боллоо. Мөн эмнэлгүүдийн одоогийн ашиглаж байгаа систем илүү оновчтой болж, хүний үйлдлээс үүдэх санамсаргүй алдаа багассан зэрэг эмнэлгүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа улам боловсронгуй болж буй. Энэхүү эрүүл мэндийн салбар дах технологийн дэвшлээс уншигч танд товчхон танилцуулъя.
Их өгөгдөл буюу bigdata
Их өгөгдөл нь өдөр тутмын байнгын давтагддаг үйл явцыг оновчтой болгож, өвчтөний тусламж үйлчилгээнд саатал үүсгэж болзошгүй цоорхойг илрүүлж, сэрэмжлүүлэхэд тусалдаг бөгөөд тоон өгөгдлийг хэмжиж, эмнэлгүүдэд зах зээлээ илүү сайн ойлгоход нь дэм болдог. Тухайлбал, эмнэлгийн боловсон хүчнийг сайжруулна - Тухайн эмнэлгийн өнгөрсөнд үүссэн өгөгдөлд үндэслэн одоо болон ирээдүйн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад ашиглах чанартай мэдээллийг боловсруулахад тусалдаг. Гарсан үр дүнд үндэслэн эмнэлэгт хандах өвчтөнүүдийн тоонд хүрэлцэхүйц боловсон хүчнийг бэлдэх юм.
Эмнэл зүйтэй холбоотой алдааг багасна - Өвчтөний бүртгэлийн санг үнэн зөв бүрдүүлж түүнд суурилсан өгөгдлийн дүн шинжилгээг хийж, эмийн жор болон өвчтөний эрүүл мэндийн хооронд гарч буй аливаа алдаа, цоорхойг илрүүлэх боломжтой. Энэ нь жорын дагуу эм, эмийн бүтээгдэхүүний олголтод алдаа гарах эрсдэлийг бууруулдаг.
Урьдчилан сэргийлэх тусламж - Яаралтай тусламжийн тасагт ирж буй хүмүүсийн дийлэнх нь өмнө дуудлага өгсөн өвчтөнүүд байдаг. Тиймээс их өгөгдлийн тусламжтайгаар өвчтөний өвчний түүх дээр үндэслэн эмнэлэгт давтан ирэх үзлэгийн давтамжийг зөв тодорхойлж хэрэгцээгүй үзлэг, зардлыг бууруулахад тусална.
Виртуал байдлыг ашиглан тусламж, үйлчилгээ үзүүлэх
Эрүүл мэндийн салбарт технологийн ач холбогдлын талаар ярихад виртуал байдал (VR) онцгой байр суурь эзэлнэ. Судалгаагаар дэлхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон виртуал бодит байдлын зах зээл 2018 онд ойролцоогоор 850 сая ам.доллароор үнэлэгдсэн бол 2025 он гэхэд 5,115 сая ам.долларын орлого олох төлөвтэй байна. Виртуал бодит байдал нь өвчтөнд туслахын сацуу нарийн төвөгтэй мэс заслыг илүү сайн төлөвлөхөд тустай.
Блокчэйн ба эрэлт
Блокчэйн технологи нь мэдээллийн санг компьютерын сүлжээгээр дамжуулан түгээдэг бөгөөд эмнэлгүүдийн санхүүгийн бүртгэл, өвчтөний өвчний түүх, эрүүл мэндийн цахим бүртгэлийг үнэн зөв, аюулгүй байлгахад чухал үүрэгтэй. Судалгаанаас харахад эрүүл мэндийн зах зээл дэх блокчэйн 2023 он гэхэд 890.5 сая долларт хүрэх төлөвтэй байна. Тиймээс эрүүл мэндийн экосистемийг бүрдүүлэгч компаниуд энэ зах зээлд хөрөнгө оруулалт ихээр хийж буйд гайхах зүйлгүй юм.
Ухаалаг аппликейшн ба нэмэлт төхөөрөмж
Дэлхийн даяар эмнэлгийн салбар дах аппликейшний зах зээл 2017 онд 7,859,4 сая ам.доллар байсан бол 2023 он гэхэд 27,255,6 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна. Өвчтөнийг сүүлийн үеийн мэдээллээр хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлэх зорилготой өдөр тутмын биедээ авч явах, зүүх боломжтой шинэ технологид эрүүл мэндийн компаниуд хөрөнгө оруулж байна.
Тухайлбал, хөдөлгөөн хянагч, калори хэмжигч, зүрхний цохилт мэдрэгч, хөлс хэмжигч /ихэвчлэн чихрийн шижин өвчтэй хүмүүс цусан дахь сахрын хэмжээг хянах зорилгоор ашигладаг/, оксиметр /цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хянадаг бөгөөд ихэвчлэн амьсгалын замын өвчтэй хүмүүс хэрэглэдэг. Энэхүү технологийн хэрэглээ цар тахлын үед нэмэгдсэн./
Теле-эрүүл мэндийн гайхамшиг
2020 он буюу цар тахлын үед өвчтөний оношилгооны шинэ аргыг нэвтрүүлсэн нь теле эрүүл мэндийн үйлчилгээ юм. Теле-эрүүл мэнд нь дижитал мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг алсаас авах болон эрүүл мэндийн үйлчилгээг нэгдсэн цогц байдлаар удирдах бөгөөд тус технологи дэлхий дахинд томоохон байр суурийг эзэлж байна.