Т.МӨНХСАЙХАН: ЦААШДАА БҮХ СУМЫН ЭМТ-ИЙГ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ИЖ БҮРЭН ТОНОГЛОСОН, ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИНААР ХАНГАХ БОДЛОГО БАРИНА
2024.10.01

Т.МӨНХСАЙХАН: ЦААШДАА БҮХ СУМЫН ЭМТ-ИЙГ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ИЖ БҮРЭН ТОНОГЛОСОН, ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИНААР ХАНГАХ БОДЛОГО БАРИНА

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тогтолцоог бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Уг зорилтыг хэрэгжүүлэхээр ЭМЯ-наас хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь сумдын эрүүл мэндийн төвийг туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинаар хангах юм.

Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд түргэн тусламжийн 20 автомашин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагааны үеэр эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон дээрх автомашинуудыг түргэн тусламжийн машины нэн хэрэгцээтэй байгаа Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 10 аймгийн 20 сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн, түлхүүрийг нь гардуулж өгсөн юм.

Сумын эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон 20 машиныг хүлээлгэж өглөө

Нээлтийн үеэр Сайд Т.Мөнхсайхан үндэсний хэмжээний яаралтай тусламжийн тогтолцоог шинэ шатанд гаргахад түргэн тусламжийн чиглэлээр тусгайлан тоноглосон автомашинуудын хэрэгцээ өндөр гэдгийг онцлоод ЭМЯ-аас ирэх жилүүдэд бүх сумдын ЭМТ-үүдээ эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон, зөөврийн амьсгалын аппараттай, дефибрилятортой, хүчилтөрөгчийн баллонтой туулах чадвар сайтай машинаар хангах бодлого барьж ажиллана хэмээн мэдэгдлээ. Харин Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Таехюн Ли “Toyota Land Cruiser 78 маркийн энэхүү автомашин нь Монгол орны цаг агаарын нөхцөлд тусгайлан зориулж тоноглосон, туулах чадвар нэн сайн” гэдгийг тодотгов.

“Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд нийт 75 автомашин нийлүүлэхээс өнөөдрийн байдлаар ийнхүү эхний 20 машиныг нь хүлээлгэж өгөөд байна. Үлдсэн 55 машин нь оноос өмнө орж ирэх аж.