Эрүүл мэндийн салбарт багагүй дэвшил авчирсан төсөл
Эрүүл мэндийн яам
2014.09.16

Эрүүл мэндийн салбарт багагүй дэвшил авчирсан төсөл

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх явдал юм. Эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгосноор, эмчилгээ үйлчилгээний чанар дээшилж,  эрүүл аж төрөх дадал хэвшин, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болно.

Манай улс 1990-ээд оны эхээр зах зээлийн харилцаанд шилжснээр эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан юм. Тухайн үед уг ажлыг эрчимтэй зохион байгуулахад шаардлагатай хөрөнгө мөнгө улсад дутагдалтай байсан тул НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд манай улсад туслалцаа дэмжлэг үзүүлж байсны нэг нь Азийн хөгжлийн банк юм.

Азийн хөгжлийн банк нь 1997 оноос Эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгох таван үе шаттай төсөл хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан байна. Төслийн нэг, хоёрдугаар шат амжилттай дуусч, харин гуравдугаар шат нь 2008-2014 онуудад хэрэгжсээр ирлээ.

Энэхүү гурав дахь шатны төсөл нь ‘Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх”, “Эрүүл мэндийн санхүүжилт ба даатгалын тогтолцоог бэхжүүлэх”, “Хүний нөөцийн хөгжлийг сайжруулах”, “Салбарын удирдлага ба чадавхийг бэхжүүлэх” гэсэн тус салбарын дөрвөн чухал асуудалд чиглэж байв.

Дээрх чухал асуудлуудын хүрээнд эмнэлгийн чадавх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүний нөөцийг бэхжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, өрх, сумын эмнэлгийн шинэлэг, дэвшилтэт загварыг гарган турших, өрх, сумын эмнэлгийн эрхзүйн орчин, санхүүжилтийг боловсронгуй болгох зорилт тавьжээ.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт нярайн нэн шаардлагатай багаж төхөөрөмж нийлүүлэв.

Мөн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт, өрх, сумын эрүүл мэндийн төвийн, төвшинд мөрдөх эмчилгээ, оношлогоо, гардан үйлдлийн удирдамж, эмнэлгийн хөтөч зэргийг шинэчлэх юм.

Түүнчлэн өвчтөн хүлээн авах, шилжүүлэх, лавлагаа тусламж үзүүлэх, эмнэлэг хоорондын уялдаа холбоог сайжруулах бодлого, зөвлөмж боловсруулах, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, орон нутгийн засаг захиргааны ажилтнуудын болон хүн амын эрүүл мэндийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтууд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тус төслийн нийт санхүүжилт нь 17.4 сая ам.доллартай тэнцэх бөгөөд түүнээс Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж хэлбэрээр 14 сая ам.долларыг одоогоор зарцуулаад байна.

Уг төслийг Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Архангай, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Төв аймгуудад хэрэгжүүлжээ. Төслийн зорилтуудын нэг нь эмнэлгийн барилгууд хуучирсан, шинээр барих хөрөнгө ихээхэн дутагдалтай байгааг харгалзан, эмнэлгийн барилгыг стандартын төвшинд хүргэх, хүн амд үйлчлэх аятай тавтай нөхцлөөр хангахад чиглэсэн бөгөөд энэ утгаараа стратегийн чухал ач холбогдолтой байлаа.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд Азийн хөгжлийн банкны төсөл чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.

Төслийн хүрээний хөрөнгө оруулалтын ихэнх хэсгийг Архангай, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн их засвар, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн их засвар болон өргөтгөл, эдгээр аймгийн 10 сумын болон сум дундын эмнэлгийн барилгыг засварлах, мөн 10 суманд шинээр эмнэлэг барьж, ашиглалтад оруулахад зарцуулжээ.

Түүнчлэн 37 сумын эмнэлгийг цэвэр усны эх үүсвэртэй болгож, өрхийн эрүүл мэндийн төв дөрвийг шинээр барьж, хүлээлгэн өгчээ. Төслийн хүрээнд шинээр барьж байгуулсан болон шинэчлэн засварласан эмнэлгүүдэд цэвэр усны эх үүсвэр, бохир ус цэвэршүүлэх орчин үеийн системийг технологийн өндөр төвшинд байгуулж, эмнэлгийн дотоод зохион байгуулалт, агаарын урсгал, тусгаарлалтыг орчин үеийн шаардлагыг хангахуйц хэмжээнд байхаар хийж гүйцэтгэсэн байна.

Нийт 64 сая төгрөгийн өртөгтэй нярайн тоног төхөөрөмжийг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгсөн байна.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил-2” төсөл хэрэгжүүлсний дараах байдлаар тооцож үзвэл, манай улсын өрхийн болон сумын эрүүл мэндийн төвийн 50 орчим хувь нь орон нутгийн өмчийн байранд, 26 хувь нь Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжсэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил-2” хөтөлбөрийн хөрөнгөөр, таван хувь нь орон нутгийн хөрөнгөөр, хоёр хувь нь өөрийн болон гадаадын байгууллагын тусламжаар баригдсан байранд, 17 хувь нь зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна.

Азийн хөгжлийн банкны гурав дахь шатны төсөл амжилттай хэрэгжснээр, дээрх үзүүлэлт эрс сайжирсан бөгөөд төсөл хэрэгжсэн аймгуудын эмнэлгүүдэд хүн амд үйлчлэх ая тухтай нөхцөл бүрдсэн байна.

Дээрх төслийн дараагийн зорилт нь аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, сумдын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийг зарим шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах ажил байлаа. Эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар эмчилгээ, оношлогооны чанар сайжирч, хүн амыг эрүүлжүүлэх ажилд мэдэгдэхүйц ахиц гарсан байна.

Төслийн хүрээнд нэн шаардлагатай 19-38 нэр төрлийн гурван тэрбум 365 сая төгрөгийн өртөг бүхий багаж, тоног төхөөрөмжийг таван аймаг, нийслэлийн хоёр дүүргийн нийт долоон нэгдсэн эмнэлэг, 90 сумын эмнэлэг болон 60 өрхийн эрүүл мэндийн төвд нийлүүлжээ.

Мөн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газар болон Клиникийн эмнэлгүүдийг холбосон зайн анагаах ухаан, зайн сургалт хийх боломж бүхий өндөр хурдны 297 сая төгрөгийн өртөг бүхий теле анагаах ухааны тоног төхөөрөмж суурилуулсан нь төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг хөдөө орон нутагт цаг алдалгүй хүргэх боломжийг бүрдүүлсэн байна.

Төслийн хүрээнд эмнэлгийн зориулалттай, универсаль олон үйлдэлт 147 орыг хөдөө орон нутаг болон Нийслэлийн дүүргийн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

Ингэж өрхийн эрүүл мэндийн төв болон орон нутгийн нэгдсэн эмнэлгийг чадавхжуулснаар, иргэдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг рүү явах урсгалыг багасгаж, өвчин эмгэгээ хүндрүүлэхгүй, цаг алдалгүй эмчлүүлэх, санхүүгийн дарамтанд орохгүй байх нөхцөл, бололцоог нээж өгсөөр байна.

Төслийн бас нэг чухал зорилт нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх ажлыг эрүүл мэндийн анхан шатны тусламж, дүүргийн эрүүл мэндийн тогтолцоонд суурилан явуулна гэсэн зарчимд үндэслэж, улс орнууд өөр өөрийн өвөрмөц тогтолцоог бий болгож хөгжүүлсээр байна.

Тэгвэл манай улсын хувьд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх нэгжээ “Өрхийн эрүүл мэндийн төв” (ӨЭМТ), “Сумын эрүүл мэндийн төв" (СЭМТ) гэж тодорхойлсон бөгөөд түүнийг хөгжүүлэх загварыг боловсруулах зорилтыг Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-3" төслийн хүрээнд шийдвэрлэлээ.

Энэхүү зорилтын үүднээс нийслэлийн хамгийн олон хүн амтай Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт загвар болохуйц Өрхийн эрүүл мэндийн төв хоёрыг барьж байгуулан, өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний багцад орсон шинжилгээ хийх лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэсэн байна.

-Өрхийн эрүүл мэндийн төв Таны амьдралд

“Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-3" төсөл олны дунд “өрхийн эмнэлэг” гэж ярьж заншсан зөвхөн эмчлэн туслах “Өрхийн эрүүл мэндийн төв” гэсэн шинэ нэр томъёог бий болгож, өрхийн эрүүл мэндийн төв нь оношилгоо-эмчилгээний ажлаас гадна урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулж,  иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг улам бүр өргөжүүлэн тэдэнд ойртуулах алхмыг ЭМЯ-тай хамтран хийж чадлаа.

Төслийн хүрээнд өрх, сумын эмнэлгийн эрхзүйн орчин, санхүүжилтийг боловсронгуй болгож эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт, өрх, сумын эмнэлэгт мөрдөгдөх эмчилгээ, оношлогоо, гардан үйлдлийн удирдамж, эмнэлзүйн хөтөч зэргийг шинэчлэн, өвчтөн хүлээн авах, шилжүүлэх, лавлагаа тусламж үзүүлэх болон эмнэлэг хоорондын уялдаа зохицуулалтыг сайжруулахад чиглэсэн бодлогын зөвлөмж, баримт бичгүүдийг  сүүлийн жилүүдэд  боловсруулан гаргасан байна.

Тухайлбал, “Өрхийн эрүүл мэндийн үлгэрчилсэн дүрэм”-ийг шинээр боловсруулан 2011 онд Засгийн газрын тогтоолоор “Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны стандарт”, “Өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний багц”, “Сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны стандарт”, “Сумын эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний шинэчлэлийн стратеги”, “Сум тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж,  үйлчилгээний багц" зэргийг боловсруулан Стандарт, хэмжилзүйн  газраар, “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний шинэчлэлийн стратеги төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус тус батлуулж, өнөөг хүртэл мөрдүүлсээр байна.

Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн газрын хөгжил-3” энэ төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг нэгтгэн дүгнэвэл Монгол улсын эрүүл мэндийн салбарын  хөгжил, шинэчлэлийг урагшлуулахад үнэтэй хувь нэмрээ оруулж, хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үлгэр авч болох эрх зүйн орчин бүрдэж, эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг дээшлүүлэхэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн байна.

Азийн хөгжлийн банкны төслийн хэрэгжилт нь манай улсын эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэн боловсронгуй болгоход чухал хувь нэмэр оруулж байгаа ч гэсэн шийдвэрлэж байгаа асуудлын төвшинд цаашид дахин нягтлах, адил төстэй нөхцөлд байгаа дэлхийн улс орнуудаас туршлага авах, өөрийн орны өвөрмөц нөхцөлийг харгалзан үндэсний хууль тогтоомжид нийцүүлэх зайлшгүй шаардлагатай асуудлууд байсаар байна.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж байгаагаас 124 нь нийслэлд байна.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж байгаагаас 124 нь нийслэлд, 112 нь аймгийн төв болон томоохон суурин газарт үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 800 гаруй их эмч, 750 орчим сувилагч, нийтдээ 2000 гаруй эрүүл мэндийн ажилтан, ажилчид ажиллаж байгаа бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн төлөвшил өнөөг хүртэл жигдэрч чадаагүй байна.

Тэдгээр Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн заримынх нь үйл ажиллагаа сайжирч, хүн амын талархлыг хүлээж байхад заримынх нь үйл ажиллагаа сайжрахгүй, иргэдийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны талаар иргэдийн ойлголт зөв төлөвшөөгүй, зарим иргэд дүүргийн эмнэлгүүдийн төвшинд үйлчилгээ үзүүлэх юм шиг бодож хандах тал байсаар байна.

Дээр нь өрхийн эмнэлгүүдээ хувийнх ч юм шиг, улсынх ч юм шиг болгочихсон, мөн багаж, тоног төхөөрөмж муутай, байр сав хангалтгүй, хүн хүчний хүрэлцээ тааруу, ажиллах хүчний боловсрол, мэдлэг сул, тогтвор суурьшилгүй зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа юм.

Мөн сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь газар нутгийн байршлаар, иргэдийн ажил, амьдрал, орчинд ойр байхаар зохион байгуулагдахад оршино гэдгийг хаа хаанаа жигд ойлгоогүй байгаагийн дээр сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд энэ шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна.

Тухайлбал, зарим аймаг, дүүрэг, сум, өрхийн нэг эрүүл мэндийн төвд ногдох хүн ам нэлээд их (манайд дунджаар 7000-8000 хүн ногддог бол, олон улсын дундаж жишиг 2000-4000 байдаг) байсаар байна. Энэ бүх сөрөг хүчин зүйлийг арилгаж, тэднийг хүн амаа эргэж тойрчихдог дараагийн шатанд хандах газрыг нь зөв чиглүүлж өгдөг, архаг өвчтэй, өндөр настай хүмүүс, хүүхэд, эхчүүдээ идэвхтэй хяналтдаа авчихдаг, эмнэлэг дээрээ болон гэр орноор нь очиж тариа хийх, бургуй, бумба тавих гэх мэт эмчилгээ үйлчилгээ гүйцэтгэчихдэг болгоход л хүн амд ямар их тустай байх билээ.

Тухайлбал, зарим аймаг, дүүрэг, сум, өрхийн нэг эрүүл мэндийн төвд ногдох хүн ам нэлээд их (манайд дунджаар 7000-8000 хүн ногддог бол, олон улсын дундаж жишиг 2000-4000 байдаг) байсаар байна.

Бид өрхийн эмнэлгээс дэндүү ихийг хүсч, дэндүү ихийг шаардаж байгаа юм биш үү. Энд оновчтой бодлого зайлшгүй чухал. Бид бас нэг зүйлд анхаарах хэрэгтэй юм шиг санагдана. Дэлхий нийтэд энэ үйлчилгээг ‘хаалга барих” гэж томъёолж байгаа нь иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар хаашаа хандах вэ гэдгийг зохицуулдаг, эрүүл энхийн манааны үүрэгтэй гэсэн хэрэг.

Гэтэл манайх энэ үйлчилгээг “өрхийн эмнэлэг” гэж нэрлээд эмнэлгийн бүхий л тусламжийг үзүүлэхийг шаарддаг ойлголтоос хүн амыг ангижруулж, эмнэлгийн тусламжийг иргэдэд ойртуулсан, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн нэгж гэдгийг ойлгуулах нь чухал юм.

Зөвхөн дан ганц Азийн хөгжлийн банкны төслөөр өрх, сумын эмнэлэг, анхан шатны тусламж, үйлчилгээ, эмнэлгүүдийн чадавхийг сайжруулах асуудлыг иж бүрэн шийдэж чадахгүй нь тодорхой. Өнөөдөр эрүүл мэндийн тогтолцооны өмнө тулгарч байгаа асуудал бол үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хууль, дүрэм, журам, стандарт зэрэг бодлогын баримт бичгийн боловсруулалтыг чанаржуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техник хэрэгслээр хангах, оношлогоо эмчилгээг орчин үеийн төвшинд хүргэх гээд олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Эдгээр асуудлыг иж бүрэн шийдвэрлэж чадвал дагаад өрх, сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээ ч амжилттай шийдэгдэх учиртай. Жишээ нь, алслагдсан сумдын иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж өнөөг хүртэл хязгаарлагдмал байгаагийн нэг шалтгаан нь аймаг, сумдыг холбосон хатуу хучилттай авто зам бараг байхгүй байгаагаас үүдэлтэй. Энэ байдлаас гарахад дэд бүтцийг шийдэх асуудал бол бас л тусламж үйлчилгээний хүртээмжийг шийдэхэд нөлөөлөх чухал асуудал болох нь харагдана.

Улс орны хамгийн үнэт капитал нь хүн өөрөө билээ. Хүний хөгжлийн индексийн хамгийн чухал хэсэг нь хүний эрүүл мэндийн үзүүлэлтүүд юм. Хүн эрүүл саруул аж төрж, зохих мэдлэг боловсрол эзэмшисний үр дүнд эрүүл нийгмийг цогцлоодог. Тэгэхээр оршиж буй нийгмээ бүтээгч нь эрүүл хүн юм.

Улс орны хамгийн үнэт капитал нь хүн өөрөө билээ.

Тиймээс ч хүний амь, нас, эрүүл мэндийг юугаар ч сольшгүй билээ. Улс орны амин чухал салбар нь эрүүл мэндийн салбар мөн. Даяаршиж буй шинэ зууны хөгжлийг дагаад аливаа салбарт шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилт эрчимтэй нэвтэрч, хүний нөөц, чадавх өсөн дээшилж байна.       

Иймд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил шинэчлэлийг урагшлуулахад шинжлэх ухааны ололт амжилт, тэргүүний техник, технологийг эзэмших, түүнийг эх орондоо нутагшуулах, хүн амд ойртуулах олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд түүний нэг нь Азийн хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжсэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төсөл юм.

Монгол хүний эрүүл мэндийн төлөө Монгол Улс өөрөө зүтгэж, зөв залуурдан явах ёстой гэсэн үүднээс авч үзэж, уг төслийг хамгийн ашигтай хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэх нь бидний тулгамдсан зорилт байх бөгөөд цаашид үргэлжлэн хэрэгжих Азийн хөгжлийн банкны төслийн дөрөв, тав дахь үе шатнаас хөгжлийн шинэ шинэ шийдлийг олж авахын төлөө бүгдээрээ хамтран нэгдэж, ихээхэн үр бүтээлтэй ажиллацгаая.

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3