Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн эмнэлэг нээлтээ хийв
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд нийгмийн хамгааллын нөхцөл байдлыг дээшлүүлэх зорилгоор Сэргээн Засалтын үндэсний төвийн үйлдвэр эмнэлгийн нээлтийг өнгөрсөн баасан гаригт хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сэргээн засалтын үндэсний төвийн захирал Б.Нарантуяа болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Нээлтийн үеэр сайд С.Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох оролцоо боломжийг тэгш хангах чадварыг нь бий болгох зорилгоор олон ажлыг төлөвлөөд байгаа. Түүний нэг нь энэхүү ажил байсан юм. Цаашдаа энэ эмнэлгийн үйл ажиллагаа эмч сувилагчдаас шалтгаалах болно. Та бүхэндээ амжилт хүсье. Цаашид бид хүүхэд, хөгжлийн бэршээлтэй иргэдээ дэмжин ажиллах болно” гэлээ,
Тус эмнэлгийг барихад 5,2 тэрбум төгрөг, үйлдвэрийн барилгад 1,2 тэрбум төгрөг тус тус зарцуулсан бөгөөд 2,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулсан байна. Ийнхүү тус эмнэлэг бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноор хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх бүрэн боломжтой болжээ.
Уг эмнэлгийн протезийн үйлдвэр нь 45 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн сэргээн засалтын үйлчилгээг үзүүлэх боломж ч давхар бүрдэж буй талаар эмнэлгийн удирдлагууд хэлнэ лээ. Мен үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэнээр сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан оношлогооны кабинет, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын үйл ажиллагааг сэргээн сайжруулах зорилгоор хөдөлмөр засалтын кабинетыг тус тус байгуулжээ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бие махбодид гарсан өөрчлөлтийг байгалийн хүчин зүйлийн оролцоотойгоор дэмжин сайжруулахад чиглэгдсэн усан эмчилгээ, физик эмчилгээ, бариа заслын кабинет үйлчилгээ үзүүлэх аж.
Сэргээн засалт үндэсний төвийн эмнэлгийн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдсэнээр хиймэл эрхтэн, туслах хэрэгслийн нэр төрөл олширч, тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх юм.