С.Эрдэнэ: Ардчиллын төлөө 31 жилийг зориулсан би зүгээр суух эрхгүй
2021.01.19

С.Эрдэнэ: Ардчиллын төлөө 31 жилийг зориулсан би зүгээр суух эрхгүй

Ардчилсан нам /АН/-ын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


АН оны өмнө хоёр хуваагдаж, хоёр байртай, хоёр тамгатай болсон. Саяхан Улсын дээд шүүх хуралдсан ч энэ асуудлыг нэг талд нь гаргаж чадсангүй гэх шүүмжлэл улс төрийн хүрээнийхэнд байна. Та ямар байр суурьтай байна вэ?

АН хоёр хуваагдсан зүйл байхгүй. Үүнийг хөөргөөд, дэвэргээд байх ч шаардлагагүй. Удирдлагын түвшинд дүрмийн асуудлаар үл ойлголцол байгаа. Нам анхан болон дунд шатандаа нэгдмэл хэвийн явж байгаа. Сая Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан. Намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж явсан Ц.Тувааныг бүртгэлээс хассан. Намайг цахим бүртгэлийн системд бүртгэхээс татгалзсан байсан. Уг нь би бол хүсэлт гаргаагүй. Гэтэл цахим системд бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан байна лээ.

Намын дотоод асуудлыг шүүх хянан хэлэлцэхгүй гэсэн хуультай учраас тухайн намын дотоод хяналтын хэлтэс нь шийдвэрлээд явах ёстой. Энэ дагуу тодорхой шийдвэр гарч байна. Өнөөдөр хоёр хуваагдсан гээд байгаа юм. Сая шүүх хурлаар бүх асуудлыг эцэслээд, шийдвэр гарчихсан.

Танай нам хоёр тамгатай болсон. Хэнийх нь тамга хүчинтэй юм бэ?

Ц.Туваанд 24 цагийн дотор намын тамгыг эргүүлж өг гэдэг шаардлага тавьсан. Хоёр гурван ч удаа шаардсан, эргүүлж өгөөгүй. Ингээд би эрх бүхий газарт өргөдөл гаргасан. УБЕГ-аас манай намын асуудлыг нягталж үзээд, Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүй болгоод надад шинэ тамга хийх эрхийг олгосон. Үүний дагуу тамгаа хийлгээд, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Ц.Туваан дээр байгаа тамга бол эрх бүхий улсын байцаагчийн акт, хуулийн этгээдийн буюу УБЕГ-ын шийдвэрээр хүчингүй болсон. Ц.Туваан “Бодь” цамхагт хэдэн өрөө түрээслээд, Хэрэг эрхлэх газар байгуулсан юм билээ. Түүнийгээ одоо болих байлгүй дээ. Намын байгууллагууд анхан болон дунд шатандаа хэвийн явагдаж байгаа.

Таныг намын дарга байхдаа АН-ыг хагалж, УИХ-д бүлэггүй болгосон гэж “Бодь” цамхагт байрлах АН-ынхан буруутгаж байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

Аливаа улс төрийн нам, улс төрийн өрсөлдөөн тэмцэл дунд үйл ажиллагаагаа явуулдаг. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох талаар АН-ын Улс төрийн зөвлөл шийдвэр гаргасан. Намын гишүүн бол намынхаа Улстөрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Энэ дагуу хуралд ороход гурван хүн эсрэг санал өгч, тэр гурван саналаар У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдсэн. Намаас гаргаж байгаа том шийдвэр дээр эсрэг санал өгсөн бол намын гишүүнээс хасах тухай заалт Үндсэн дүрэмд бий. Энэ дагуу хариуцлага тооцож, намын гишүүнчлэлээс хассан.

Тухайн үед би бүлэгтэй үлдэхийн тулд зарим нэг зүйл дээр уян хатан хандсан. Ж.Батзандан бол удаа дараа дүрэм зөрчсөн тул өчиггүй намын гишүүнчлэлээс хассан. Л.Болд, Д.Мурат нарыг улстөрийн сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жилээр түдгэлзүүлсэн.

Харамсалтай нь Л.Болд чуулганы танхимд ширээгээ балбаад, “намайг нам гаргахгүй байна” гээд орилж, бархирсан. Л.Болдтой би хоёр, гурван удаа ярих гэж оролдсон. Энэ хүн бол намын нэрээр хүрч болох бүхий л албан тушаалд томилогдож байсан.

Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүнээр дөрөв, таван удаа сонгогдсон. Тухайн үед түүнд хандаж “Ардчиллын буяныг хамгийн их эдэлсэн хүн бол чи шүү. Харин ч чамайг намын гишүүнчлэлээс хасаагүй, сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жилээр түдгэлзүүлсэн” гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Ойлгохыг хүсээгүй, цаанаа өөр зорилготой байсан юм билээ.

Ж.Батзандантай нийлж ШИНЭН байгуулаад, цаашлаад АН-ыг хагалах, сонгуульд хүчгүйдүүлэх зорилготой байсныг нь сүүлд ойлгосон. Тийм хүний байранд нүүж очсоныг юу гэж ойлгох вэ. Одоо хараад байхад зохион байгуулалттайгаар АН-ыг хагалах, сонгуульд хүчгүйдүүлэх зорилго байсан юм байна гэж ойлгож байна. Тиймээс энэ асуудалтай яагаад ч эвлэрэх боломжгүй.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас өрсөлдөгчгүйгээр нэр дэвших хүсэлтэй байгаа нь Ц.Тувааны үйлдлээс харагдлаа. Энэ үйлдлийг та хэрхэн дүгнэж байна вэ?

АН бол дэндүү нээлттэй, ил тод нам шүү дээ. Намын даргын хувьд хэлэхэд АН Ерөнхийлөгчийн сонгуульд нөгөө л нээлттэй зарчмаа барина. Дүрэм журмынхаа хүрээнд хэн ч нэр дэвшиж болно. Ерөнхийлөгч Х.Баттулга байна уу хэн нэгэн Дорж, Бат байна уу дэвших эрхтэй. Иргэн хүний сонгох, сонгогдох эрхийг хангах үүрэг нь АН-д бий. Гэтэл сая Ц.Туваан нарын Улсын дээд шүүхэд /УДШ/ бүртгүүлэхээр хүргүүлсэн 5.12.4.2-ын 1 гэдэг заалт бол Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байсан. Үүнийг хэн ямар зорилгоор оруулсныг би хэлж мэдэхгүй. Хуралд оролцсон гишүүд ийм асуудал яригдаагүй, хурлын тэмдэглэлд ч байхгүй гээд байгаа юм.

Тэгэхээр энэ заалт УДШ-д хүрэх замдаа хулгайгаар орсон байх. Тэр битгий хэл Үндсэн дүрмийг өөрчлөх ажлын хэсгийг ахалж байсан Алтангэрэл “би ийм заалтыг мэдэхгүй, ийм заалт ороогүй” гэсэн. Гэтэл УДШ-д бүртгүүлэхээр очсон. Ийм байж болохгүй. Цаашид АН үндсэн дүрэм, хуулиа мөрдөж ажиллана. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаа явагдаад хэн олон санал авсан нь АН-аас нэр дэвшинэ. Одоо цахим хурал явуулах ажлын хэсэг томилогдоод ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа болоогүй, дахиад гурван сар байна. Энэ хугацаанд асуудлууд бүрэн шийдэгдэх боломжтой гэж харж байгаа.

Ардчилал бидэнд юу авчирсэн юм бэ гэдгийг залуучууд тэр бүр мэдэхгүй байх. Та бүхэн ямар нийгмийг өөрчилсөн юм бэ? 

Нийгэм, эдийн засаг, улстөрийн нөхцөл байдал ямар байгаа билээ ардчиллыг хараадаг байсан хүмүүс ч ардчилал хумигдаж болохгүй юм байна гэдгийг ойлгож эхэлж байна. 40-өөс доош насны залуучууд бол социализм, коммунизм гэж мэдэхгүй. “Хүн болгон ажилтай, орлоготой, олон сайхан үйлдвэртэй гоё нийгэм байсныг устгасан” гэж дандаа залуучууд яриад байхаар би гайхдаг. Зарим залуучуудаас “чи социализм, коммунизм гэдгийг хэрхэн төсөөлдөг вэ” гээд би асуухаар нөгөө л гоё юм аа ярьдаг.

Гэтэл өнөөдөр хөл хорио тогтооход Монголчууд яаж бухимдаж байна. Ардчиллаас өмнө мөнхийн хөл хориотой байсан. Улаанбаатар хотоос гарахад хорооны Засаг даргаас замын хуудас авна. Зөвшөөрөлгүй явж байгаад баригдах юм бол үсийг нь хусаад, 111 дүгээр ангид хорьж, 7-14 хоног албадан хөдөлмөр хийлгэдэг байсан. Яг л хойд Солонгос шиг байсан. Залуучууд ийм нийгмийг хүсээд байгаа юм уу. 1990 оны ардчилал бол маш олон эрх чөлөөг авчирсан. Социализмын үед даргаа шүүмжилсэн бол урамшуулалт цалин байхгүй, байр орон сууцанд орох хүсэлт хойшилно, цаашлаад ажилгүй болно. Тийм нийгмийг хүсээд байгаа юм уу. Намайг хүүхэд байхад хонины мах ирэх сургаар оочерлодог байсан. Мах чавчигч таньдаг хүн бол гайгүй мах авдаг байсан. Ийм нийгмийг гоё гэж ярьж сурталчилж байгаа нь эмгэнэл юм.

С.Эрдэнэ гэдэг хүн хариуцлага хүлээгээд тамгаа өгсөн. Гэтэл яагаад дахиад гараад ирэв?

Би ёс зүйн хувьд хариуцлага хүлээгээд ажлаа түр шилжүүлсэн. Гэхдээ АН-ын дарга гэдэг хуулийн статус хэвээр хадгалагдаж байсан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд АН-ын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоогүй, чимээгүй байсан. Би даргынхаа ажлыг шилжүүлсэн ч АН-ын гишүүн хэвээр байгаа. Өнөөдөр АН-ын даргын эрх хэвээр хадгалагдаж байгаа хүний хувьд энэ намын өдөр тутмын үйл ажиллагааг харж байна. Үнэхээр сүүлийн зургаан сар эзэнгүй, дүрэмгүй, хуульгүй мэт дураар аашилсан.

Би Ц.Туваанд удаа дараа анхааруулсан. Би явахдаа хамаг боломжийг нь халаасандаа хийгээд яваагүй. Манай намын дүрмээр “сонгуульд ялалт байгуулаагүй бол 90 хоногийн дотор намын Их хурлыг хуралдуулах” ёстой. Ингээд дүрэмд заасан 90 хоногт багтаагаад наймдугаар сарын 23-нд намын Х Их хурлаар бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргаж өгсөн.

Дотоод сонгуулийн хорооны 21 тоот тогтоол гараад, дараагийн намын даргыг сонгох сунгаа зарласан. Сунгаанд нийт 11 хүн бүртгүүлсэн. Бүх ажил хэвийн явж байхад Ц.Туваан долоодугаар сарын 8-нд надаас тамга, эрхийг түр шилжүүлж авангуут ямарч үндэслэл тайлбаргүйгээр Х Их хурал, намын даргын сунгааг зогсоосон. Тэгэхэд нь “Чи ингэж болохгүй, чамд ийм эрх байхгүй” гэж би Ц.Туваанд хэлсэн. Дүрмээр олгосон эрх байхгүй гэхэд “би хариуцлагаа өөрөө хүлээнэ” гээд л занхагнаад байсан. За за чи өөрөө мэдэж байгаа юм байлгүй гээд орхисон. Энэ мэт маш олон дүрмийн бус үйлдлийг дуугүй өнгөрөөсөн. Би бүх юмаа өгөөд явсан байтал өнгөрсөн зургаан сарын турш намайг гүтгээд, харлуулаад, нулимаад байсан. 

Юманд хэмжээ бий, хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 18-нд намын үнэт зүйл рүү халдсан. Үндсэн дүрэм, үзэл баримтлал бол манай намын амин сүнс юм. Гэтэл эрээ цээргүй халдсан. Өнөөдөр АН-ын дарга гэдэг эрх надад хадгалагдаж байгаагийн хувьд дараагийн шинэ даргад би өөрөө тамгаа өгөх нь зүйтэй юм байна гэдэг улстөрийн шийдэлд өөрийн эрхгүй хүрсэн. Надад сандал суудалтай зууралдаад байх шаардлага байхгүй.

Намайг тамга шилжүүлэх үед Үндсэн дүрмийн хороо хуралдаад, дараагийн шинэ дарга сонгогдох хүртэл одоогийн дарга үйл ажиллагаа явуулж болно гэсэн утга бүхий тайлбар гаргасан. Би энэ тайлбарыг үндэслээд дараагийн шинэ дарга сонгогдох хүртэл ажлаа хийнэ гээд суух боломж байсан ч би тэгээгүй.

Бүх юмыг нь бэлдэж өгөөд явахад намын гол зүрх рүү довтлоод ирэхээр Ардчиллын төлөө 31 жилийг зориулсан би зүгээр суух эрхгүй. Арга буюу энэ үйлдлийг хийсэн.

Нэгэнт хуулиар, Улсын бүртгэлд С.Эрдэнэ АН-ын дарга гээд байж байна. Энэ эрхийнхээ хүрээнд ажлаа авсан.

Т.ДАВААНЯМ