Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган боллоо
Эрүүл мэндийн сайд Н.Удвал уг чуулганыг нээж хэлсэн үг хэллээ.
2014.09.29

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган боллоо

Эрүүл мэндийн яам, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, “Мишээл групп”, ШУТИС хамтран “Эрүүл мэндийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм-2014” үзэсгэлэн, Эрүүл мэндийн сайдын ивээл дор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган”-ыг энэ сарын 26-28-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгууллаа.

Тус чуулганаар эмнэлгийн тоног төхөөрөмж, тэдгээрийн ашиглалт, засвар үйлчилгээ, хяналт тохиргоо, эрүүл мэндийн мэдээллийн технологи, тухайн мэргэжилтэн бэлтгэх, сургалтын хөтөлбөрийн төлөв байдал, хөтөлбөрийн шинэчлэлтийн эрэлт хэрэгцээ, сургууль ба ажил олгогч нарын хамтын ажиллагаа, түүнийг тойрсон асуудлууд, хэтийн хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэж байна.

Сайд уг чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Энэхүү чуулган Шинэчлэлийн Засгийн газрын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого ид эрчимтэй хэрэгжиж байгаа энэ үед болж байгаагаараа онцлог юм. 2014 онд улсын төсвийн 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулж, Нэгдсэн эмнэлэг, БОЭТ, Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, 3 дахь шатлалын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд хуваарилж, тоног төхөөрөмжөөр хангах ажил эрчимтэй явуулж байна. Өнөөдөр Монгол улсын эрүүл мэндийн салбарт 40 гаруй орны 170.000 орчим тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байна.

Энэ том дэд бүтцийг авч явах, хөдөлгөгч хүч нь энд цугларсан эмнэлгийн инженерүүд та бүхэн юм. Урьд өмнө эрүүл мэндийн салбарын бодлогоос эмнэлгийн инженерүүд орхигдож, хавсарга маягаар явж ирсэн энэ алдааг засна.

Тийм ч учраас эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд ЭМЯ бүтэцдээ Эмчилгээ, оншилгооны технологийн хэлтсийг байгуулсан. Цаашид эмнэлгийн инженерүүдээ эмнэлгийн үндсэн ажилтны жишигт анхаарч, ажиллахаа амлаж байна” гэв.

Өнөөдөр манай улсад эмнэлгийн инженер мэргэжлээр ШУТИС, Этүгэн анагаах ухааны сургууль, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль элсэлт авдаг бөгөөд 130 орчим инженерүүд улсын болон хувийн эмнэлгүүдэд ажиллаж байна. Цаашид Эрүүл мэндийн яамнаас Солонгосын их, дээд сургуулиудад энэ чиглэлийн мэргэжилтэнг сургахаар ярилцаж байгаа ажээ.

“Эрүүл мэндийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм-2014” үзэсгэлэнгийн өдрүүдэд Монгол улсад шинээр нэвтэрсэн болон нэвтэрч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан, сурталчлах, техник, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг сайжруулах, чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг явуулж байна.

Мөн төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, өөрсдийн нэвтрүүлж буй шинэ техник, технологи, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах, харилцагчийг татах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой юм байна.