"Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын 7 хоног" олон улсын хурлыг нээж үг хэллээ
2023.08.09

"Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын 7 хоног" олон улсын хурлыг нээж үг хэллээ

“Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын 7 хоног” олон улсын хуралд Франц, Швейцар, Япон, ОХУ, БНХАУ, БНСУ гэх мэт 10 гаруй улсын 30 гаруй дэлхийд танигдсан профессорууд, мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцах, манай улсын шилдэг мэргэжилтнүүдтэй туршлага солилцохоор хүрэлцэн ирээд байна.

Эрүүл мэндийн байгууллагын статистик мэдээгээр элэг, цөс, нойр булчирхайн өвчлөл нь монголчуудын хавдрын өвчлөлийн 40 хувийг эзэлдэг. Хавдрын өвчлөл нь монгол айл гэр бүл, хүн бүрийн анхаарал татсан, эмзэг асуудлын нэг болоод буй. Тийм учраас Монгол Улсын төр, засгаас энэ өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх, олон улсын стандартад нийцсэн эмчилгээ, оношлогоо, технологийг эх орондоо нутагшуулах, эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах зэрэг олон талт үйл ажиллагаануудыг эрэлхийлэн, дэмжсээр ирсэн. Үүний нэг нь өнөөдрийн энэ арга хэмжээ юм.

Монгол Улсын парламент сүүлийн 3 жилд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, короновирусын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг олон талт хууль тогтоомжийг батлан амжилттай хэрэгжүүлсэн.

Улсын Их Хурал Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Мөн Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганаар Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл, Цусны донорын тухай хуулийн төсөл зэрэг багц хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөж байна.

Монголчууд бид “Эрүүл байхаас илүү эрхэм жаргал үгүй” хэмээн хэлцдэг. Энэ эрхэм жаргалыг даян дэлхийн хүмүүст бэлэглэгч алтан гарт хүмүүс болох эмч, эрдэмтэн судлаач Та бүхний хурлын үйл ажиллагаанд амжилтыг хүсэн ерөөе.