Монголчууд супер циклийг ашиглаж чадсан уу?
Францын гэрэл зурагчин Люсиль Шомбар де Лоу энэ зургийг авчээ.
2015.04.16

Монголчууд супер циклийг ашиглаж чадсан уу?

Аливаа зүйл өөрийн цикльтэй. Ирж буцаж, өсч уруудаж, жаргаж зовдог жамтай. Уул уурхайд ч супер циклийн үе ирж Төв Азийн цээжинд нутагтай Монголчуудын цөсийг улам хөөргөөд авсан.  

Ялангуяа нүүрсний үнийн ид өсөлтийн үе, өрсөлдөгч багатай байсан нүүрсний нийлүүлэлтийн таатай үе нь супер циклийг илтгэдэг. 

Гэхдээ өнөөдөр Супер циклийг ашиглаж чадсан уу л гэдэг хамгийн чухал асуулт үлдлээ.

 Монгол улсын Сайд М.Энхсайханы мэдэгдсэнээр, Оюутолгойгоос 150 сая ам.долларын урьдчилгаа, Чалкогоос авсан 350 сая ам доллларын зээл цөм ард түмний халаасанд оржээ. Яагаав манай улс нэг хэсэг бэлэн мөнгөний илүүдэлд ороод, бялхаад мөнгөө цацаад л, гадаад дотоодын зугаалга ихсээд л хэрэглэгч орон гэдгээ баталж, өмсч зүүх эдлэл хэрэглэл авсан даа.

Гэтэл өнөөдөр бэлэн мөнгөөр халамжлуулаад сурчихсан ард түмэн бусдын халааснаас нөгөө мөнгийг хайж байгаа нь алдаатай бодлогын төлбөр ажээ.

Уул уурхайн түүхий эдийн үнэ ханшийн эрсдэл Алт, зэс, нүүрсний үнэ ханшийн уналт сэргэх төлөвгүй, харин ч уналт үргэлжлэх эрсдэл өндөр байна. Зэсийн үнэ буурна. 2013 онд зэсийн “хэрэглээ” 11.2 хувиар өссөн шалтгааныг Хятад улсын зэсийн сертификатжуулсан агуулахад хадгалах болсонтой холбож тайлбарладаг. Одоо тэр агуулахууд дахь зэсийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахгүй байгаа.

Нүүрсний үнэ төдийлөн өсөхгүй. Хэдийгээр Хятад улсын нүүрсний импорт 2014-2015 онд ялимгүй өсөх боловч нөгөө талаас Австралийн нүүрсний шинэ ордууд ашиглалтад орж, нүүрсний экспорт ихээхэн нэмэгдэж байгаа нь нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвараа алдаад буй Монгол улсын нүүрсний экспортод сөргөөр нөлөөлөхөөр байна.

Австрали гэлгүй удахгүй Орос зүүн Сибирьт тавьсан төмөр замаар Хятадтай найзална. Гэхдээ цорын ганц худалдан авагч маань ногоон эдийн засгийн бодлогыг хүчтэй тавих болсон.

Нэг циклээс дараагийн цикль хүртэл 20-25 жил гэж бодвол 2030-2035 оныг хүлээхээс өөр аргагүй гэсэн үг.

Баялгийн эдийн засагч, дэлхийд нэртэй Пол Коллир хамгийн сүүлийн супер цикль барагцаалбал 2000-2010 оны хооронд болсон гэж үзэж байгаа. Өмнөх нь 1970-1980 оны л дундуур болсон, бүр өмнөх нь 1950 онд болсон.

Нэг циклээс дараагийн цикль хүртэл 20-25 жил гэж бодвол 2030-2035 оныг хүлээхээс өөр аргагүй гэсэн үг.

Эдийн засагт тодорхой өсөлтийг авчирсан ч гагцхүү тэр гэнэтийн өсөлт жирийн малчин иргэнд, гэр хорооллын энгийн нэг гэр бүлийн амьдралын чанар, амьжиргааг бодитойгоор дээшлүүлж чадсан болов уу.

Энэ асуултыг та өөрөөсөө асуухад л хангалттай. Таны эргэн тойрны хүмүүс ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг, стрессгүй амьдарч чадаж байна уу. Чадаагүй гэж хариулж байвал бид супер циклийг зөв зохистой ашиглаж чадаагүй гэсэн үг. 

Монголын нийт хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдардаг. 

Эцсийн дүндээ хүндээ наалдсан хөгжил нь хөгжил мөн биз ээ.

Одоо ДНБ-ийн төчнөөн хувийн өсөлт, төчнөөн гадны хөрөнгө оруулалт гэж хий хоосон тоо ярихын оронд иргэн хүндээ наалдсан амьдралын чанар боломжийг нэмэгдүүлсэн хөгжлийг бид ярих цаг болжээ.

Баялагтай орнуудын өмнө хамгийн их тулгамддаг асуудал нь засаглалын асуудал. Хэрвээ төр засгийн засаглал муу байвал иргэд хөгжлөөс хоцорч, тэр олон “0”-тэй тооноос нэгийг нь хүртэж чадахгүй болов уу.

Ялангуяа хүн амын дийлэнх олонхи нь чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлж байвал зөв цогцлоо олж байна гэж үздэг ч манай улсын хувьд элсэн цагны бүтэцтэй болж, дунджаас доошоо унах нь ихэсчээ.

МУИС-ын Хүн ам зүйн сургалт, судалгааны төвөөс 2014 онд “Цалингийн тэгш бус байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс”-ийн талаарх судлагааг харахад, Чинээлэг 10 хувийг ядуу 10 хувьтай харьцулахад цалингийн ялгаа нь бараг 4 дахин ялгаатай байгаа юм. Энэ ялгаа жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай.

Уг нь бол массаараа дундажид нь орох ёстой. Хэт баян, хэт ядуу хоёрын зааг ялгаа нэмэгдэнэ гэдэг нийгмийн тэгш бус байдлыг бий болгодог. Гэтэл өнөөдөр 4 дахин өндөр ялгаатай байгаа нь хэт их зөрүү юм.

Улс төрчид дандаа л бялуу хуваалтын зарчмаар том хөрөнгө оруулалт, том тоотой мөнгийг ярьдаг. Үндэсний статистикийн газраас монгол дөрвөн ам бүлтэй дундаж өрхийн орлого сарын 1,5 сая төгрөг гэж гарсан. Гэтэл Германы сангийн хийсэн 15000 хүний судалгаагаар өрхийн дундаж орлого 700 мянган төгрөг гэж гарчээ. Тэгээд нэг хүн нь 165 мянган төгрөгөөр бүтэн сар амьдарч байна.

Тиймээс иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг нэг даруй яаралтай явуулах хэрэгтэй.