Монголчуудаар “Дутах цаг”
Монголчуудаар дэлхий дутахын тулд бид өөрсдийн гэсэн ялгарлыг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өрсөлдөх чадвар. Хөгжлийнхөө эрэмбэ дарааллыг зөв олж, хүчээ бүх салбарт тарамдуулалгүй, зорилтот зүйл рүүгээ төвлөрүүлэх ёстой.
Тухайлбал, аж үйлдвэр тэр дундаа төмөрлөг машин үйлдвэрлэл. Шууд дөрвөн дугуйтай машин үйлдвэрлэнэ гэсэн үг биш. Монголын инженерүүдийн өнөөдөр хийж байгаа шоколадны зуурмаг үйлдвэрлэх машин, хадаас дарах машин, газар хагалж, хураах машин, хүнсний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эрэг шураг, боолтыг хэлж байгаа юм.
Монголд маш их потенциаль бий. Төмөрлөг машин үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хэлсэнчлэн, Пак генерал гучин жилийн дотор Солонгосыг яаж хөгжүүлэв, бид хорин жил яаж хэрэлдсэн бэ гэдгээ бодолцох цаг нь болжээ. Монголын монел, Солонгосын самсунг хоёр нэг онд байгуулагдсан. Гэтэл өнөөдөр Самсунгийн хөгжлийн ямар түвшинд хөгжсөн байна, монголынх ямар түвшинд байна гэдгийг харах ёстой.
Популизм хийдэг гэж шүүмжлүүлдэг С.Ганбаатар гишүүн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх тухай, хадаас хийх тухай мөн ч их ярьсан даа.
Хүн болгон үйлдвэрлэгч байснаар улс орон хөгжих болохоос биш худалдагч байснаар хөгжихгүй.
Хүнд үйлдвэр хөгжиж байж хөнгөн үйлдвэрийнхээ ажлын багажийг нь үйлдвэрлэж, утгаар нь хөгжлийг авчирдаг юм.
Төмөрлөг машин үйлдвэрлэлийн салбарт Монголд нийт 80 мянган инженер бэлтгэгдсэн байдгаас 9000 нь мэргэжлээрээ ажиллаж байгаа. Бусад нь хуульч, улс төрч, дарга, наймаачин болоод явчихсан.
Бид төмрөө хүдэр хэлбэрээр газраас нь ухаад шууд шанагадаад импортолдог хэрнээ буцаагаад өчнөөн дахин өртөг шингэсэн үнээр сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, халбага сэрээ, хаалга, машинаа авдаг.
Жилд дунджаар гаднаас төмөр хийц, сэлбэг хэрэгслийг жилдээ 4 тэрбум ам доллараар авдаг. Маш их мөнгийг гадагшаа урсгаж, түүхий эд бэлтгэгч орон гэдгээ улам бүр баталсаар л.
Аливаа улс үндэстэн төрийн тусгаар тогтнолоо олсоны дараа эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авдаг. Манайх 1990 онд бие даасан төрийн тусгаар тогтнолоо олж авсан. Одоо эдийн засгийн тусгаар тогтнолыг олж авахын тулд аж үйлдвэржилтийн хувьсгалыг хийх хэрэгтэй гэдгийг салбар бүрийн экспертүүд хэлж байгаа. Улс үндэстнүүдийн хөгжлийн түүх ийм л байсан.
Франц, Англи, Германы аж үйлдвэржилтийн хувьсгалыг санах хэрэгтэй. Орос улс 1917 оны Октябрийн хувьсгалын дараа улс орноо цахилгаанжуулах нэрийн дор хүнд аж үйлдвэрийн салбараа хөгжүүлсэн. Өнөөдөр Монгол улс өөрийнхөө хөгжлийн эрэмбийг тодорхой болгох ёстой.
Нэгэнт бид уул уурхайн орлого дээрээ түшиглэж эдийн засгийн бусад салбараа хөгжүүлэхээр нэгэнтээ шинэчлэл, хөгжлийн галт тэргэнд суусан учраас эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй олон салбарт өчнөөн хөрөнгө оруулалтыг зарцуулж буй.
Эрэмбэ дараалалтай, зөв зохистой явахгүй бол хөрөнгөө талын нэг тарааж, эцсийн дүндээ ямар ч үр дүн гарахгүй. Тиймээс 100 мянган аж ахуй нэгжээс чансаатай тавыг нь л онцгой дэмжих хэрэгтэй гэсэн үг. Яг Солонгос улс шиг. Хөрөнгө хаясан шиг хаяж, хууль эрх зүйн орчноор нь анхаарсан шиг анхаарч, бодлогоор цогцоор нь дэмжих учиртай.
Ямар ч улс төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхгүйгээр хол явахгүй. Төмөрлөгийн салбараа л хөгжүүлсэн цагт Амжилтын түлхүүрийг атгах жамтай.
Хүн болгон үйлдвэрлэгч байснаар улс орон хөгжих болохоос биш худалдагч байснаар хөгжихгүй. Өнөөдөр хамаг валют гадаадад гарчихаад байгаа.
Манай ахмад үеийнхэн хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд нэлээдгүй зүтгэж чадах чинээгээрээ үзсэн. Одоо бидний анхаарал тавих цаг үе ирсэн.
20 жилийн өмнө мөрөөдөл мэт байсан өндөр технологийн машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх боломж өнөөдөр бүрдчихсэн. Аж үйлдвэржилтийн асуудлыг үндэсний хэмжээний компанит ажил болгоё.