Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Өлзийхүүгийн Шижир, сайдын зөвлөх Ш.Ганхуяг, Г.Батгэрэл, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны холбогдох газрын дарга С.Сүхбат, Г.Намчинсүрэн нарын төлөөлөл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, стратеги төлөвлөлт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь металлын даралтаар боловсруулах, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэгдэн байгуулагдсан Монгол Улсын металлургийн салбарын анхдагч болоод хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Тус үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж салбарын сайдад танилцуулав.
Тус үйлдвэр нь 33 хэлтэс, алба, цехтэй, нийт 1530 ажилчинтай, орон нутгийн томоохон ажил олгогч бөгөөд дэлхийн жишигт хүрсэн металлургийн цогцолборыг хөгжүүлэх алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь өөрийн эзэмшлийн Төмөртэйн төмрийн хүдрийн стратегийн ордыг түшиглэн “Уул уурхай-металлургийн цогцолбор” төслийг 2024-2028 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус төслийн гол зорилго нь эх орны төмрийн хүдрээс эцсийн шатны ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлээ хангах гэдгийг онцлов. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-нд “Дархан” ҮТП-ын хүрээнд эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд төслүүд хэрэгжиж эхэлснээр дотоодын тасралтгүй өсөн нэмэгдэж буй барилгын иржгэр болон гөлгөр ган туйван, булан төмөр, швеллер, төмөр утас зэрэг ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах, бусад төрлийн ширэм, ган бүтээгдэхүүний болон металл боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэл кластер хэлбэрээр хөгжих боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм гэв.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь Төмөртэйн уурхай, Хуст-Уулын орд, Төмөртолгойн уурхай, Гангийн үйлдвэр гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1993-2024 онд нийт 933 мянган тонн ган бүтээгдэхүүн, 21.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал олборлосон байна.Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан тус үйлдвэрийн санхүү, бүтэц, үйл ажиллагаатай танилцаж, цаашид бодлогын түвшинд хэрхэн ажиллах, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл бий болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.13
2024.12.06
2024.12.13
2024.09.13
2024.09.06
2024.08.16
2024.06.21